“Мөнгөн мод”-ны эзэд ирэх сард тодорно

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Мөнгөн мод”-ны эзэд ирэх сард тодорно

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах дөрөв дэх удаагийн “Мөнгөн мод” наадмын шалгаруулалт үргэлжилж байна. Энэ жилийн “Мөнгөн мод”-ын эздийг “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз дэлгэцийн шилдэг зураач” “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин” “Шилдэг бүжигчин” “Шилдэг хөгжимчин” “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинациар шалгаруулна. Энэ удаагийн наадамд нийт 21 уран бүтээлч нэр дэвшсэн байна. БСШУЯ-наас томилогдсон есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс Соёл, урлагийн бодлогын газарт ирүүлсэн уран бүтээлчдийн материалтай танилцаж, дууссан тул энэ сардаа багтааж “Мөнгөн мод”-ын эзнийг тодруулж, улмаар ирэх сард шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах аж. Оны шилдэг уран бүтээлч “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн шагнал гардах юм.

Сонирхуулахад, өнгөрсөн жил “Мөнгөн мод” наадмаас тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар С.Сүхбаатар, тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр Ардын жүжигчин Н.Сувд, шилдэг дуучнаар ҮДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд, шилдэг бүжигчнээр ҮДБЭЧ-ын бүжигчин Ш.Одонтуяа, П.И.Чайковский “Нойрссон гүнж” балетийн гол дүрээр ДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож, шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн хөгжимчин Б.Зоригт, шилдэг утга соёлын өвийг өвлөн эзэмшигчээр Соёл, урлагийн их сургуулийн үндэсний бүжгийн багш, ахмад бүжигчин Д.Нанжид нар тодорч байсан юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж