Газрын ховор элементийн салбарыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Газрын ховор элементийн салбарыг хөгжүүлнэ

Төрийн ордонд Газрын ховор элемент, стратегийн металлын талаар “Олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалт семинар болж байна.

Дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 гаруй хувийг хангадаг БНХАУ экспортоо хязгаарласнаас үүдэн уг түүхий эдийн үнэ өссөн юм. Улмаар газрын ховор элемент, стратегийн металлуудыг үйлдвэрлэлдээ өргөн ашигладаг улс орнууд шинэ ханган нийлүүлэгчийн эрэлд гараад байгаа билээ.

Дэлхийд, тэр дундаа Хятадад сэргээгдэх эрчим хүчний салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед салхин сэнс үйлдвэрлэхэд хэрэглэдэг газрын ховор элементийн хэрэгцээ асар их болох юм. Тэрхүү хэрэгцээг Монголоос хангах боломжтой байна хэмээн Канадын “Байрон Капитал Маркет” компанийн Олон улсын цэвэр технологи судалгааны хэлтсийн дарга, материалын шинжээч Др. Жон Хикави онцолсон.

Уг семинарт “Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрдэл санаачлага” хөтөлбөр, Монгол, Герман, Канад улсын салбарын мэргэжилтнүүд оролцож, салбарын тулгамдсан асуудлаар илтгэл тавьж, энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ, монголд ховор элементийн салбарыг хөгжүүлэх боломж хэр байна вэ гэдэг талаар хэлэлцлээ. Уулзалтыг нээж УИХ-ын дэд дарга Н.Энхболд үг хэлж, ХБНГУ-аас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Др. Петер Шаллер мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл дүн шинжилгээний газрын дарга Ц.Даваадорж “Монголын газрын ховор элементийн салбарын хөгжил-дүгнэлт ба хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьсан нь дотоодын болоод гадаадын оролцогчдын анхаарлыг ихээр татсан. Мөн Герман улсын гурван эрдэмтэн газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн одоогийн байдал, хэтийн төлөв, манай улс ирээдүйд тоглогч байх боломжууд гэсэн сэдвээр илтгэл тавьж санал бодлоо солилцлоо.

Газрын ховор элементийн салбар улам бүр ашигтай бизнес болж байгаа ч, уг түүхий эдийг олборлох, боловсруулах нь байгаль орчинд асар их хор хөнөөлтэй байдаг.  Тиймээс энэ салбарт тун болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсан юм.

 

О.Хосцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж