МАХН, МҮАН-ын сонгуулийн тактик юу байх бол

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

МАХН, МҮАН-ын сонгуулийн тактик юу байх бол

Н.Энхбаяр даргатай МАХН, М.Энх­сайхан даргатай МҮАН-ын­хан “МАНАН-ыг сарниулах хэ­рэг­тэй” хэмээн шүүмжилж байв. Гэтэл МАНАН өөрөө сарничихлаа.   Тэгэхээр Н.Энхбаяр, М.Энхсайхан тэргүүтэй улстөрчид Ардын нам, Ардчилсан нам хоёулангийнх нь  эс­рэг зэрэг тэмцэх нь. Ийнхүү шударга ёсны төлөөх тэмцэхээр МАХН, МҮАН хамтран улс төрийн холбоог бай­­гуулсан юм. Тэд тус холбоогоороо дамжуулан УИХ-ын 2012 оны сон­гуулийн үеэр хэрхэн ажиллах тө­лөвлөгөөгөө боловсруулах аж. Энэ холбоо ард түмний хүсэл зорилгоор байгуулагдаж, МАХН, МҮАН ч ард түмний хүсэлтийн дагуу эвссэн гэх. Эвссэн учир ялалт байгуулах нь тэдний эцсийн зогсоол юм. Харин ялалт байгуулсныхаа дараа яах вэ гэдэг нь өөр хэрэг. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар улс төрийг га­рын арван хуруу шигээ мэддэг туршлагатай учир сонгуульд хэрхэн оролцох, ямар бодлого баримтлах, хэзээ, хаана, юу ярихаа хэн нэгнээр заалгахгүй. Тийм болохоор энэ хоёроос Ардын нам болон Ардчилсан намын хууччууд эмээж байгаа юм. Ийм учраас Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын ирэх сонгуулийн тактик нь олон нийтийн тэр дундаа улс төрийн бусад хүчний анхаарлыг татах нь зүйн хэрэг биз ээ. Хоёр намын хамтарсан улс төрийн холбоо нь юун түрүүнд Сонгуулийн шинэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандах ажлыг зохион байгуулах аж. Учир нь тэд “Үндэсний эрх ашгаас урвасан ийм Сонгуулийн тухай хууль баталсан нь ард түмэн, Монгол төрийн төлөө бус хэдэн олигархийн сайн, сайхныг дээдэлж байгаагийн илрэл” гэж үзэж буй. Үүнийг нь “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнд багтах парламентад суудалгүй улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн. МАХН, МҮАН сонгуулийн өмнө хийж, гүйцэтгэх туйлын зорилго нь олигархижсан төрөөс салах, МАНАН бүлэглэлийг сааруулах, арилгах, улс төрийн холбоогоо хүчирхэгжүүлэх, бусад нам, эвсэлтэй нийлж сүүдрийн парламент байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажил нь 2012 оны сонгуулийн сур­тал­чилгаа болох нь тодорхой болов уу. Мөн улс төрийн “хар ном” гар­гана хэмээн мэдэгдэж байсныхаа дагуу сонгуулийн өмнө буюу ирэх гуравдугаар сард олон нийтэд ил болгоно гэсэн. МАХН, МҮАН-ынхан парламентаас гадуурх нам, иргэний хөдөлгөөнийхөнтэй сон­гуу­лийн өмнө албан ёсоор эв­сэж, оролцох талаар ойрын үед зөвшилцөх юм билээ. Түүнчлэн сонгуульд өрсөлдүүлэх 76 хүнээ жагсааж гаргах аж. Энэхүү эвсэлээс сонгуульд өрсөлдөх хүн Н.Энхбаяр, М.Энхсайханаас өөр харагдахгүй байгаа нь бусад намынхны инээдийг хүргэж байгаа. Харин энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ирэх сонгуулиар сонгогдох боломжтой 76 хүнээ дундаасаа сонгоё. Би одоогийн парламентын 76 гишүүнийг бүгдийг нь танина. Бараг баас, шээстэй даавууг нь угааж явлаа. Тиймээс эдгээр гишүүдээс та бүхэн дутахгүй. Харин эх оронч сэтгэлээр илүү байх шүү. Тэгэхээр өөрсдийгөө битгий гол” гэсэн юм.

Сонгуулийн тухай хууль жижиг намуудыг эвсэхээс өөр сонголт өгөхгүй байгаа учир МАХН, МҮАН-ынхан эвсэл гэх цонхоор өнөөгийн улс төрийг харж буй бололтой. Түүнчлэн төрийн бус байгууллагыг намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох талаар уриалж байна. Хэрэв Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын санаа бүтвэл 2012 оны сонгуулийн үед хүчирхэг харагдах нь мэдээж. МАХН, МҮАН-ын улс төрийн холбоо өчигдөр Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийн тухай хуулийг улс төрийн үүднээс авч үзвэл    парламентад суудалгүй намуудын эсрэг баталсан. Өөрөөр хэлбэл, МАНАН-аас бусад улс төрийн хүчнийг гаргахгүй гэсэн зорилготой юм. Иймээс бид үүнийг сайн бодох хэрэгтэй. Өнөөгийн парламентыг олигархи дэглэм гэж болно. Олигархи дэглэм нь улс төр, бизнесийн бүлэглэл, нам, нам дамнасан байдлыг бий болгож байна. Энэхүү дэглэм нь хууль зөрчихгүй. Харин хуулийг өөртөө зориулж, нийцүүлэн баталдаг. Үүний тод жишээ нь Сонгуулийн тухай хууль” гэлээ. Мөн тэрбээр “МАН, МАХН, АН, МҮАН бол огт өөр намууд. Хэдийгээр МАН, МАХН нэг угшилтай хэдий ч МАН бол олигархи дэглэмийг өөгшүүлэгч юм. Гэтэл АН нь ардчиллын эсрэг нам болчихжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж хүн биш. Тэр бол 2008, 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн албан тушаалтан. Түүнийг ийн хэлэх болсон нь Сонгуулийн тухай хуульд хориг тавихгүй байгаагаас харагдаж байна. Ц.Элбэгдорж надад “авлигын загалмайлсан эцэг” гэх нэрийг өгсөн. Харин өнөөдөр өөрөө “авлигын загалмайлсан эцэг” болжээ. Учир нь тэрбээр олигархиудыг дэмжиж байгаа юм” хэмээв. МАХН-ын дарга Н.Энхбаяр нэг онигоо ярив. “Н.Багабанди, П.Жасрай, П.Очирбат нар ярилцаж байв. Тэгтэл телевизээр “Гурван монгол хүний нэг нь хулгайч байдаг” хэмээн мэдээлжээ. Үүнийг сонсонгуутаа нөгөө гурав бие, бие рүүгээ харсан аж” гэв. Энэ онигоо шиг явдал тохиолдохгүйн тулд эвссэн намууд бие, биенээ хардахгүй, харилцан ойлголцохыг эн тэргүүнд тавьж байгаагаа МАХН, МҮАН-ын хамтарсан улс төрийн холбоо үзэж буй аж. Тэд Ардын нам, Ардчилсан намын эсрэг бодолтой яваа хүн бүхэнтэй эвсэхээ мэдэгдлээ. Харин ялж чадах эсэхийг тэдний чин зориг мэднэ.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж