Дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүний үнэ эрс өссөнөөр шинэ чиг хандлага бүрэлдэн тогтож, нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхэлсэн. Манай улсын хувьд “МАК” компани нүүрснээс жилдээ 400 мянган тонн бензин гаргаж авах хүчин чадалтай үйлдвэрийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуун чулууны ордыг түшиглэн байгуулах гэж байна.
АИ-92 бензиний төвшинд дүйцэх шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал нь дотоодын жилийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах төдийгүй зах зээлд хямдаар нийлүүлэгдэх боломжтой юм байна. Импортын газрын тосны бүтээгдэхүүний жилийн үнэ 2010 оноос 64,7 хувиар өссөн дүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын гадаад худалдааны тайланд дурдагджээ. Харин нүүрснээс гаргаж авах шингэн түлш газрын тосны бүтээгдэхүүний үнээс илүү хямд бөгөөд үнийн тогтвортой байх нөхцөлийг хангана гэж үзжээ. Тодруулбал, нэг тонн шингэн түлш 900 ам.доллар байх тооцоог МАК компани гаргаж байна. Тэгвэл эндээс жижиглэнд шилжүүлбэл, 1200 орчим төгрөгөөр сайн чанарын түлш худалдан авах боломж хэрэглэгчдэд нээгдэж байна гэсэн үг.
Газрын тосны нөөц 35-40 жил, байгалийн хийн нөөц 60-70 жил л хүрэлцээтэй бол харин нүүрсний нөөц наанадаж 250 жил хангалттай гэнэ. Монгол Улс нүүрсний 300 гаруй орд илэрцтэй бөгөөд нүүрсний баталгаажсан нөөцөөрөө өөрийн улсын хэрэгцээгээ 300-400 жил хангах бололцоотой.
Адуун чулууны нүүрсний ордны нөөцийн хувьд зөвхөн А талбай: 283,7 тн ба энэ нөөцөөр шингэн түлшний үйлдвэрийг 47 жил хангах боломжтой.
Тийм болохоор манай улс нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж авах дээрх хүчин чадал бүхий үйлдвэрийг 3-4 ийг барихад л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортлох бүрэн боломж харагдаж байна. ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнээр хараат манайх шиг улс орон цөөнөөр тоологдохгүй. Иймд Монгол Улс олон эх үүсвэрээс буюу нүүрснээс гаргасан шингэрүүлсэн түлш, түүхийн нефтээс боловсруулсан бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй экспортолсноор шатахууны хараат байдлаасаа бүрэн гарч үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ. Импортын шатахуунтай өрсөлдөх дотоодын бүтээгдэхүүн ойрын дунд хугацаанд буюу 2017 оноос зах зээлд нийлүүлэгдэхээр төлөвлөгджээ.