-Шатахууны үнийг буулгах боломжтой юу?
-Бид өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг эдийн засгийн үүднээс нь авч үзээсэй гэж хүсч байна. Үүнийг улс төртэй холбох шаардлагагүй. Шатахууны үнэд нөлөөлдөг үндсэн гурван хүчин зүйл байдаг. Үүнд гадаад үнэ, дотоод дахь валютын ханш, татвар багтдаг юм. Татварыг тэглэсэн учраас бусад хоёр хүчин зүйлээс шалтгаалаад үнэд өөрчлөлт орох эсэхийг шийднэ. Валютын ханшийн өсөлт буурвал бууна, өсвөл дагаад өснө.
-Шатахууны үнэ нэмсэн шалтгаан нь валютын ханшийн өсөлт л байсан хэрэг үү?
-Валютын ханшийн өсөлттэй шууд холбоотой. Шатахууны үнийг хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард нэмсэн. Тухайн үед ам.долларын ханш 1250 төгрөг байсан. Түүнээс хойш ам.долларын ханш бага, багаар өссөн. Ингээд бид цаашид үнээ нэмэхгүй байх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, бид алдагдалд орсон учир нэмсэн. Иймээс үнийн асуудлаар судалгаа хийдэг холбогдох байгууллагын удирдлагуудад саналаа олон удаа хүргүүлж байсан. Гэвч тэд ам.долларын ханшийн өсөлт буурч, хэвийн байдалд орно гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрлээ. Валютын ханшийн хэлбэлзлийг тухай бүрт нь дагаж үнэдээ өөрчлөлт оруулж байх хэрэгтэй байсан юм билээ. Алдагдлын хувьд өнгөрсөн оны сүүлчээр, зээл авсан компаниуд төлбөрөө төлөх үед валютын ханш 150 төгрөгийн зөрүүтэй байх жишээтэй. Иймээс иргэд хуучин үнээрээ авсан шатахуунаа нэмсэн үнээр борлууллаа гэж бодох байх. Борлуулсны дараа ам.доллар болгох үед алдагдалд ордог гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас импортлогч компаниудад 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулахаар болж, албан тоот хүргүүллээ гэсэн. Та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
-Бид торгууль хүлээлгэх тухай албан бичиг хүлээж аваагүй. Удахгүй ирэх юм байлгүй дээ.
Энэ өдөр Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар шатахууны үнэ өссөнөөс үүдэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Ирэх баасан гарагийн өдрийн 12.00 цагт орон даяар эсэргүүцлийн жагсаал хийнэ. Шатахууны үнэ ямар байсан тэр хэвэнд нь оруулах хэрэгтэй. Мөн үүнийг дагаж өссөн бараа бүтээгдэхүүний үнэ буурах ёстой. Хэрэглэгчдийн өмнө улстөрчид болон холбогдох бусад хүн шударгаар хариуцлага хүлээх үүрэгтэй. Бид гурван талт хэлэлцээр хийх боломж олгоод долоо хоног хүлээлээ. Тэд өөрсдөө биднийг жагсаал хийхэд хүргэсэн юм шүү” хэмээлээ. Мөн энэ асуудлыг иргэд юу гэж бодож байгаа талаар асуув. “Start Center”-ийн нэгэн ажилтан хэлэхдээ “Удахгүй үнэ буурна гэсэн. Импортлогч компаниудыг 10 гаруй тэрбум төгрөгөөр торгоно гэж дуулсан. Ер нь үндэслэлгүй нэмсэн гэсэн шүү дээ. Түүнээс болж 600 төгрөг байсан талхны үнэ 800 төгрөг боллоо. Бараа бүтээгдэхүүний үнэ арай дэндүү өсөж байна. Арга хэмжээ авах нь зөв. Шатахууны үнэ нэмлээ гээд бусад барааны үнийг үнэ нэмэх шаардлагагүй” гэлээ. Харин “Автобус-3” компанийн жолооч “Энэ жилдээ бараг нэмэхгүй байх. Яагаад гэвэл оюутнуудад өгөх тэтгэмжтэй холбоотойгоор нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэхийг болиулна гэсэн. Тэгэхээр шатахууны үнэ өссөнөөс болж нийтийн тээврийн үнийг нэмэхгүй болов уу” хэмээлээ.