Ерөнхийлөгч Монголынхоо павильоныг үзлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Монголынхоо павильоныг үзлээ

Ерөнхийлөгч Монголынхоо павильоныг үзлээ

Шанхайд болж байгаа “Экспо-2010” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 21.00 цагт болно. БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шанхай хотод ирж үзэсгэлэнгийн зарим хэсгийг үзэж сонирхлоо. Үзэсгэлэн маргаашаас эхлэн ирэх аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Харин өнөөдөр Шанхайд ирсэн олон улсын төлөөлөгчид, төрийн тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэн үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг павильондоо зочлоход үндэсний хувцастай бүсгүйчүүд мөнгөн аягатай сүү хадаг барин угтаж,  уртын дуу эгшиглүүллээ. Энд Монголын ноолууран эдлэл, арьс шир эсгий гар урлалын зүйлс, монгол брэндийн архи, чацарганын шүүс, ундаа тэргүүтнийг тавьсан байна. Мөн дан оньсон тоглоомын хэлбэрээр хадаас оролцуулалгүй дан модоор хийсэн гэр тэрэг байрлуулан павильоны голд үлэг гүрвэлийн өндгөн хэлбэртэй бөмбөлөг дотор говийн онцлог байгал жижиг үлэг гүрвэл яс зэргийг харуулан тавьсан байна. Энд арав гаруй хүн тогтмол ажиллуулж байгаа бөгөөд есдүгээр сарын 13-нд болох Монголын өдрөөр урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Энэ удаагийн экспог зохион байгуулж буй хятадууд үзэсгэлэнг 73 сая хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байгаагаас одоогоор 70 сая тасалбар аль хэдийнэ зарагдаад байна. Тасалбар 160-аас дээш юань, амралт баяр ёслолын өдөр 200 хүртэл юанийн үнэтэй юм байна. Дөрвөн жилд нэг удаа болдог бизнесийнхний хувьд олимп гэж хэлж болохоор энэхүү экспог зохион байгуулж байгаа эзэн орон хятадууд “сүр”-ийг үзүүлнэ гэж таамаглаж байсан нь үнэхээр үнэн болжээ. Өөрсдийнхөө эртний сүм маягийн уран барилгын дүр төрхийг орчин үетэй хослуулсан арав гаруй давхар барилгад Хятадын муж хот үндэстэн ястнуудын онцлогийг илтгэсэн 40 гаруй хэсэг тус бүр давтагдашгүй сонирхолтой үзмэртэй аж.

А.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж