Пролетариуд аа! С.Ганбаатарын жагсаалд нэгдэцгээе

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Пролетариуд аа! С.Ганбаатарын жагсаалд нэгдэцгээе

Эсэргүүцэл түүнийг ирлэдэг. Шу­дарга бусын төлөө тэмцэж байхдаа л тэр гоё харагддаг. Харин Ардын намын “Алтан сарнай”-г тэврээд зогсож байх нь огт гоё харагдаагүй юм шүү. Гэхдээ түүнийг худалдагдахгүй гэдэгт монголчууд итгэдэг.  Хэрэв тэр улстөрч байсан бол Ерөнхий сайдын зөвлөхийн суудлыг тийм ч амархан суллахгүй л байхсан. Гэвч Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар гэдэг хүн  ард түмний эд эс ажээ. Аль ч оронд баялгийг бүтээгч, нийгмийн дундаж давхаргынхан, ажилчин ангийнхан хүчтэй байдаг. Хэдийгээр С.Ганбаатар нигерчүүд шиг ажил хаялтад уриалаагүй ч орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ.

Шатахууны үнийг нэг л орой 260 төгрөгөөр нэмчихээд эдүгээ 50 төгрөгөөр бууруулж, цаашид үл ялиг бууруулан тэр тоолонгоор өөрс­дийгөө магтан сүржигнэх колон­куудын захирлуудыг тэр эсэргүүцэж байгаа юм. Ард түмэн түүнийг дэм­жинэ. Заримдаа “ерөнхийлөгч” С.Ганбаатарын ард түмнээ гэх сэтгэл, итгэл төгс тэмцэл нь ардчилсан Ерөнхийлөгчийнхөөс ч хүчтэй бө­гөөд том үр дүн авчирдаг гэхэд хилс­дэхгүй.  С.Ганбаатар Монголд хэдүүлээ болохыг харцгаа. Түүнийг хэн лоббиддог вэ гэдэг асуулт байнга шахам гарч ирдэг. Энэ удаа С.Ганбаатарыг лоббидогчид ил гарч ирнэ. Монголын олигархиудаас бу­сад нь бүгд түүний талд зогсоно.

В.И.Ленин яагаад хувьсгалдаа ажил­чин ангийн хүчийг ашиглаж “Орон бүхний пролетари нар нэг­дэгтүн” гэсний учир энэ. Хэнд ч дийлдэшгүй том хүч ажилчин ангид л бий. Үүнийг зөв олж харсан С.Ган­баатар бусдынхаа адил нам дагаж одоогүйд өнөөдрийг хүртэл баярладаг. Хаа очиж С.Ганбаатар хувийн ашиг сонирхлын төлөө “про­летари” нарынхаа хүчийг ашиглаж байсангүй. Үйлдвэрчид л гэнэ, үйлд­вэр нь ч хаана байгаа юм бэ. Ерөөсөө ард түмэн тэр чигээрээ Үйлдвэрчний эвлэл гэж ойлговоос үнэнд нийцэх биз ээ. Үйлдвэрчин, тариачдын алх, хадуур өндөрт гялалзаад ирэхийн цагт ямар ч төр бууж өгдөгийг ойрын 100 жилийн түүхээс харж болно. Шударга хөдөлмөрөөрөө амьдарч яваа иргэний язгуур эрх ашиг хэчнээн үнэ цэнэтэй  болохыг С.Ган­баатарынхан харуулна. Энэ бол олигархиудын хувьд десант байх бөгөөд Монгол дахь “Воребьевийн клуб”-ынханыг донсолгох болно.

Дашрамд дурьдахад С.Ган­баа­тарын толгой хоосонгүй билээ. Хэдийгээр Харвардыг төгсөөгүй ч тухайн үед Санхүүгийн техникумаас хэрэгтэйгээ авч хоцорсон л байгаа юм. Түүнийг нь ч мэдээд Ерөнхий сайд хүртэл зөвлөхөөрөө сонгож бай­сан биз. Гэвч төрийн аппарат түүний байх ёстой газар нь биш бай­сан учир нэг л өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Энэмэтчилэн тэрбээр “баавгай”-ны тал биш гэдгээ олон удаа харуулсан. Одоо ард түмэн ч түүний талд гэдгээ орон даяар өрнөх эсэргүүцлийн жагсаалын үеэр харуулах болно. Тэр галаар наадах дуртай. Гал нь ч түүнд ээлтэй билээ.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж