Шатахууны үнийг нэг л орой 260 төгрөгөөр нэмчихээд эдүгээ 50 төгрөгөөр бууруулж, цаашид үл ялиг бууруулан тэр тоолонгоор өөрсдийгөө магтан сүржигнэх колонкуудын захирлуудыг тэр эсэргүүцэж байгаа юм. Ард түмэн түүнийг дэмжинэ. Заримдаа “ерөнхийлөгч” С.Ганбаатарын ард түмнээ гэх сэтгэл, итгэл төгс тэмцэл нь ардчилсан Ерөнхийлөгчийнхөөс ч хүчтэй бөгөөд том үр дүн авчирдаг гэхэд хилсдэхгүй. С.Ганбаатар Монголд хэдүүлээ болохыг харцгаа. Түүнийг хэн лоббиддог вэ гэдэг асуулт байнга шахам гарч ирдэг. Энэ удаа С.Ганбаатарыг лоббидогчид ил гарч ирнэ. Монголын олигархиудаас бусад нь бүгд түүний талд зогсоно.
В.И.Ленин яагаад хувьсгалдаа ажилчин ангийн хүчийг ашиглаж “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсний учир энэ. Хэнд ч дийлдэшгүй том хүч ажилчин ангид л бий. Үүнийг зөв олж харсан С.Ганбаатар бусдынхаа адил нам дагаж одоогүйд өнөөдрийг хүртэл баярладаг. Хаа очиж С.Ганбаатар хувийн ашиг сонирхлын төлөө “пролетари” нарынхаа хүчийг ашиглаж байсангүй. Үйлдвэрчид л гэнэ, үйлдвэр нь ч хаана байгаа юм бэ. Ерөөсөө ард түмэн тэр чигээрээ Үйлдвэрчний эвлэл гэж ойлговоос үнэнд нийцэх биз ээ. Үйлдвэрчин, тариачдын алх, хадуур өндөрт гялалзаад ирэхийн цагт ямар ч төр бууж өгдөгийг ойрын 100 жилийн түүхээс харж болно. Шударга хөдөлмөрөөрөө амьдарч яваа иргэний язгуур эрх ашиг хэчнээн үнэ цэнэтэй болохыг С.Ганбаатарынхан харуулна. Энэ бол олигархиудын хувьд десант байх бөгөөд Монгол дахь “Воребьевийн клуб”-ынханыг донсолгох болно.
Дашрамд дурьдахад С.Ганбаатарын толгой хоосонгүй билээ. Хэдийгээр Харвардыг төгсөөгүй ч тухайн үед Санхүүгийн техникумаас хэрэгтэйгээ авч хоцорсон л байгаа юм. Түүнийг нь ч мэдээд Ерөнхий сайд хүртэл зөвлөхөөрөө сонгож байсан биз. Гэвч төрийн аппарат түүний байх ёстой газар нь биш байсан учир нэг л өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Энэмэтчилэн тэрбээр “баавгай”-ны тал биш гэдгээ олон удаа харуулсан. Одоо ард түмэн ч түүний талд гэдгээ орон даяар өрнөх эсэргүүцлийн жагсаалын үеэр харуулах болно. Тэр галаар наадах дуртай. Гал нь ч түүнд ээлтэй билээ.
"Улс төрийн тойм" сонин