АНУ, Израйль хамтарсан сургуулилтаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

АНУ, Израйль хамтарсан сургуулилтаа хойшлуулав

Израйль, АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах туршилтыг энэ хавар хамтран хийх байсан ч эртнээс таагүй харилцаатай Ираны асуудал хурцадсанаас хойшлуулахаар болсон гэж Израйлийн Гадаад харилцааны сайд Авигдор Либерман ярьжээ. Ажиглагчид Израйль, АНУ  хамтарсан сургуулилтаа хойшлуулах болсон нь Ирантай харилцаагаа улам дордуулахгүйг хичээж байгааг харуулж байна гэж үзэж байна. Иран улсыг цөмийн бөмбөг үйлдвэрлэх гэж байна гэж хардан олон улсын зүгээс ялангуяа АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд тус улсын эсрэг эдийн засгийн хоригоо сүүлийн үед чангатгах болсон билээ. Улсынх нь орлогын 80 хувийг бүрдүүлдэг газрын тосны экспортод хориг тавьсан нь Ираныг газарх гарцгүй болгож байгаа тул эрх баригчид нь Ормузийн хоолойн орчим тэнгисийн цэргийн сургуулилт явуулж хоолойг хаана гэж сүрдүүлсэн. Израйль ч мөн Ираны цөмийн гол байгууламжид цохилт өгөхөд бэлтгэж байгаагаа нуухгүй байна. Ираны эдийн засаг санхүүгийн системийг боомилох хоригоо чангалж буй АНУ-ыг  Ираны цөмийн эрдэмтний аллагад буруутгасан нь тохиолдлын хэрэг биш. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ираны цөмийн хөтөлбөр дээр ажиллаж буй дөрвөн эрдэмтэн учир битүүлгээр нас барсан. Тегераны эрх баригчид дээрх хэргийн цаана АНУ байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа юм. Израйлийн Гадаад харилцааны сайд өчигдөр мэдэгдэл хийхдээ “Бүс нутагт үүсээд буй тогтворгүй байдал, таагүй харилцаа зэрэг хүчин зүйлс болон дипломат харилцааны асуудлаас үүдэн Израйль АНУ “Austere Challenge 12” хэмээх хамтарсан сургуулилтыг энэ оны дунд үе хүртэл хойшлуулахаар боллоо” гэжээ. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр пуужингийн довтолгооноос хамгаалах системийг турших хамтарсан сургуулилтад АНУ, Израйлийн хэдэн мянган цэрэг оролцох байсан гэнэ. Америкийн Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта АНУ, Израйлийн армийн хамтын ажиллагаа шинэ төвшинд хүрсэн гэж өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм. Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху “The Weekend Australian” сонинд өгсөн ярилцлагаад “Иран маш хүнд байдалд орсныг бид харж байна. Хэрэв Ираны эсрэг хоригийг хоёр дахин чангатгаад ч нэмэр болохгүй бол бид Ираныг цэргийн хүчээр зогсоох болно. Ираныг шархдахыг хүсэхгүй гэж найдаж байна” гэжээ. Б.Натаньяху өчигдөр Гадаад хэрэг, Батлан хамгаалахын зөвлөлтэйгээ хаалттай хуралдаан хийж, Ираны эсрэг хоригоо хоёр дахин чангатгаж, нэн даруй хатуу арга хэмжээ авах тухай хэлэлцсэн гэнэ. Иран цөмийн хөтөлбөрөөс татгалзахгүй гэж зөрүүдэлсээр байвал АНУ, Израйль тус улсад цохилт өгөх нь тодорхой боловч хэзээ гэдэг нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж