”Сoncordia”-гийн сүйрэл золтой л түүх давтсангүй

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

”Сoncordia”-гийн сүйрэл золтой л түүх давтсангүй

Өнгөрсөн баасан гарагт Итали улсын “Giglio” арлын эргийн хажууд 4000 гаруй хүн тээвэрлэж явсан “The Costa Concordia” хөлөг онгоц хажуу талаараа буюу баруун бөөрөөрөө хад мөргөж осолдсон билээ. Онгоц осолдох үед тэнгисийн усанд шидэгдсэн байх магадлалтай хүмүүсээс сураггүй болсон аялагчдыг аврах багийнхан одоо болтол хайж байгаа аж. Ослын шалтгааныг тод­руулахад гол гэм буруутан нь тус хөлгийн ахмад Франческо Четтино болоод байгаа талаар эх сурвалж өгүүлэв. Учир нь тэрбээр буруу тушаал өгсний улмаас ийнхүү хөлөг онгоц осолджээ. Ос­лын талаар тэрбээр “Хөлөг онгоц хадтай эргээс 300 метрийн зайд явж байсан. Бид ус гүехэн байгаа гэж тооцоолсон боловч эндүүрчээ. Үнэндээ бид хад мөргөх ёсгүй байсан юм. Гэнэтийн осол боллоо” хэмээн ярьжээ. Түүнээс гадна “Осол болох үед зорчигчдыг хөлөг онгоцоос гаргахаас өмнө ахмад өөрөө хөлгийг орхисон байсан” гэсэн асуудал хөндсөн боловч ахмад байцаалтын үеэр энэ бүхнийг няцаажээ. Тэрбээр “Би бүх зорчигчдийг гаргасны дараа  хөлгийг орхисон” хэмээн өөрийгөө өмөөрчээ. Хөлөг онгоцны ахмад Франческо Четтино “Costa Crociere” компанид 11 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Тэрбээр 2002 оноос хойш тус компанид аюулгүй албаны даргаар ажиллаж байгаад 2006 онд хөлгийн ахмад болжээ. Ямартай ч далайн шуурга дэгдээгүй, цаг агаар тогтуун байхад эргээс холгүй хажуу бөөрөөрөө осолдсон хэргийн бүх бурууг ахмадад тохсон аж. Ослын нийт хохирол эцсийн байд­лаар тодорхойгүй байгаа ч олон зуун хүн гэмтэж бэртсэн, 30 гаруй хүн сураггүй алга болсон байна. “Costa Cruises” компанийн өмч болох энэхүү хөлөг онгоц Газар дундын тэнгист долоо хоног тутам аялал хийдэг байсан аж.

Аврах багийн ажилтнууд ослын улмаас таван хүн амиа алдсаныг тогтоосон боловч 30 гаруй хүний сургийг одоо болтол гаргаж чадаагүй хэвээр байна. “The Costa Concordia” хөлөг онгоц осолдсоноос хойш 24 цагийн дараа аврах багийнхан эрэл хайгуул хийж байх үед Өмнөд Солонгосын нэгэн хосыг хөлөг онгоцны усанд живсэн хэсгийн хоёрдугаар давхраас олсон байна. Тэд хөлөг онгоц дээр бал сарын аяллаа хийж байжээ. Хосууд “Бал сараа хийж байхдаа ийм осол болох вий” хэмээн хошигнож байсан гэнэ. Бусад зорчигчид тэр хоёрт амьд үлдсэнд нь баяр хүргэж алга ташиж байжээ. Аврах багийнхны мэдэгдэж буйгаар “Эхлээд хөлгийн гурван зорчигч амиа алдсаныг тогтоосон. Тэдний хоёр нь Францын аялагч, нэг нь хөлгийн багийн гишүүн Перу залуу байсан гэдгийг олж мэдсэн. Харин удалгүй хөлгийн усанд автсан хэсгээс өндөр настай хоёр хүний цогцсыг олсноор амь эрсэдсэн хүний тоо тав болж өөрчлөгдсөн. Бидний олж мэдсэнээр өндөр настай хоёр хүний нэг нь зүрхний шигдээсээр нас барсан гэдгийг баталсан”  гэжээ. Хөлөг онгоц осолдох үед далай руу унасан хүмүүсийг олохоор аврах багийн шумбагчид осол болсон газрыг самнах ажиллагаа ерөнхийдөө дуусч байна.

Гэрчүүдийн мэдэгдэж буйгаар “Осол болох үед яг л кинонд гардаг шиг аяга, тавагнууд шалан дээр унаж, хүмүүс ийш тийш сандран гүйлдэж эхэлсэн. Гэвч хөлөг онгоц хоромхон зуур л хажуу бөөрөөр унасан тул аврах завь бэлтгэх тухай хэн ч бодож амжаагүй.  Бүгд л аврах хантаз булаалдан тэмцэлдэж байсан” хэмээн ярьжээ. Сүүлийн 100 жилд байгаагүй аймшигт осол ийнхүү болсон нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Хамгийн сүүлд “Титаник” хөлөг онгоц Их Британиас АНУ-ыг зорих үед томоохон осол болсон.

Хөлөг онгоц осолдсоноос хойш аврах багийнхан эрэл хайгуул зогсолтгүй хийсээр байгаа. Тэд осол болсон газрын ойролцоох хоёр километр орчим зайд  эрэл хайгуулаа үргэлжлүүлж байгаа аж. Усан дотор, эрэг дагуу гээд алга бологсдыг хаа сайгүй хайж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Өчигдөр “The Costa Crociere” компанийн удирдлага мэдэгдэл хийхэд “Хэрэв хөлгийн ахмадын буруутай нь нотлогдвол тодорхой арга хэмжээ авах болно. Манай ком­пани бүх төр­­лийн даатгалд хамрагдсан. Амь эрсэдсэн хүмүүсийн өмнөөс харамсал илэрхийлж байна. Мөн ослын үеэр бэртэж гэмтсэн хүмүүст нөхөн олговор өндөр олгоно” гэсэн байна.  

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж