У.Хүрэлсүхийн фракцийнхан орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн фракцийнхан орж ирлээ

Санаанд оромгүй зүйл боллоо. УИХ дахь Ар­дын намын бүлгийнхэн УИХ-ын гишүүн Ц.Даш­доржийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярвааг Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилуулах хүсэлтэй байгаагаа илэр­хийлэв. Ардын намын Удирдах зөвлөл ч энэ  саналыг нь зөвшөөрлөө. Өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн удаа хуралдаж байж гаргасан тэдний  шийдвэр бүлгийн хуралдааны үеэр орвонгоороо өөрчлөгдсөн нь энэ. Д.Хаянхярваа гишүүний хувьд бүлгийн гишүүдээс авсан нууц санал хураалтаар Ч.Улаан, С.Бямбацогт нараас илүү санал авсан. Нэг ёсондоо түүнийг “Улс орны эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд Ч.Улаан гишүүнээс хавьгүй дээр” гэж үзсэн нь энэ. Зарим гишүүн Ц.Даваасүрэнг Сангийн сайдаар томилуулах хүсэлтээ илэрхийлсэн ч тэрбээр нэрээ татсан юм. Харин Ц.Дашдорж гишүүн Х.Баделхан, Р.Буд, Н.Ганбямба нараас илүү санал авч байж намынхнаасаа зөвшөөрсөн хариу сонссон юм. Ямартай ч тэрбээр 2004-2008 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай юм. Д.Хаянхярваа, Ц.Дашдорж нарыг сайдаар томилуулах асуудлыг олонхийн саналаар дэмжсэн бол Батлан хамгаалахын сайд болох хүсэлтэй Х.Жекей, Д.Загджав, Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нараас  Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нарын авсан санал тэнцсэн юм. Хамгийн сонирхолтой нь эхний санал хураалтаар Ц.Батбаяр гишүүн олонхийн санал авсан гэнэ. Гэсэн ч дахин санал хураалгасны эцэст Ж.Энхбаярт нааштай хариу сонсож чаджээ. Ц.Батбаяр гишүүнийг хотын фракцийн гишүүд дэмжиж байсан сурагтай. Гэхдээ дэмжээд, дэмжээд тэрбээр цэргийн сургуульд сурч байгаад хөөгдсөн Ж.Энхбаяр гишүүнээс илүү санал авч чадаагүй юм.  УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд дундаас сайдаар томилогдох хүсэлтэй 16 хүн байснаас явцын дунд тав нь нэрээ татаж найм нь гомдож хоцорлоо.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Батлан хамгаалах, Сангийн сайдаар томилуулах хү­мүү­сийг УИХ дахь Ардын намын бүлгийн ги­шүүд дундаас ийнхүү сонгосон. Харин Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаад удаагүй байгаа Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарыг томилуулах хүсэлт гаргахаар боллоо. Монгол Улсын Тэргүүн шадар сайдад Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн нэрийг санал болгохоор болсон нь гэнэтийн шийдвэр байсан юм.  Учир нь УИХ дахь Ардын намын бүлэг хуралдаж эхлэх үеэр “Тэргүүн шадар сайдаар С.Баярыг томилуулна” гэсэн мэдээлэл өгч байсан юм. Ардын намын Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж байх үеэр Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нар танхимын гадна хүлээж зогссон. Тэдний хажуугаар явж байсан хүмүүс баяр хүргэн амжилт хүсч байсан юм. Энэ нь ч талаар болсонгүй. Тэдний хувьд Д.Очирбат, Э.Мөнх-Очир нарын хүсэж байсан сайдын суудалд суухаар болсон нь энэ юм. Тэднээс гадна Ардын намын эмэгтэй гишүүд ч гомдол тээн хоцорч байна. Учир нь тус намынхан орон гарсан зургаан сайдын оронд томилуулахаар эрэгтэй гишүүддээ итгэл хүлээлгэсэн юм. Уг нь Д.Арвин, Д.Оюунхорол нарын аль, аль нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болох хүсэлтээ илэрхийлсэн юм. Д.Оюунхоролыг намын удирдлагууд нь ч дэмжиж байлаа. Гэхдээ Ардын намынхан өчигдөр гэнэтийн шийдвэр гаргаснаас үүдэн тэдний хэнд нь ч сайд болох зөвшөөрөл олдсонгүй. Д.Арвин гишүүн “Нам энэ удаад зөвшөөрөөгүй юм чинь яах вэ” гэж байсан. Харин Д.Оюунхорол гишүүн Ардын намын бүлэг, Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрт сэтгэл дундуур үлджээ. Тэрбээр үдээс хойш хуралдсан УИХ дахь Ардын намын бүлэг, намын Удирдах зөвлөлийн хамтарсан хурлын үеэр  “Яагаад эмэгтэйчүүдээ шоовдорлоод байгаа юм бэ” хэмээн гомдлын үг хэлж байлаа.

Ардын намынхан Засгийн газарт орон гарсан сайд нарын оронд хэнийг томилохоо шийдсэн ч тэдэнд Ерөнхийлөгч, УИХ-аар шийдвэрээ батламжлуулах ажил үлдсэн. Тэр дундаа Тэргүүн шадар сайдаар томилуулахаар сонгосон У.Хүрэл­сүхийг Ерөнхийлөгч хэрхэн хүлээж авах нь эргэлзээтэй байна. Тэрбээр “Тэргүүн шадар сайд, дэд сайд нарыг сонгох шаардлагагүй” гэж үзсэн билээ. Гэхдээ л С.Батболдын танхимд Ж.Энхбаяр, Н.Хүрэлбаатар зэрэг У.Хүрэлсүхийн фракцийнхан орж ирлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс сайдаар томилохоор сонгосон хүмүүсийн талаар ямар бодолтой байгааг тодруулахад “Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах хэрэгтэй байсан. Маш зөв санал. Тэргүүн шадар сайд байх шаардлагагүй. Мөн сайд нарыг УИХ-аас гаднах хүмүүсээс сонгох ёстой” гэж байлаа. Түүнчлэн “УИХ дахь Ардын намын бүлгийнхэн олонхиороо дэмжих биз. Тиймээс хэн ч байсан яах вэ” гэх хүн ч байв. Ардын намынхан шинэ сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн барина.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж