Ц.Дашдорж гишүүн өргөмжлөл хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Ц.Дашдорж гишүүн өргөмжлөл хүртэв

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт өнөөдөр байнгын хорооныхоо
бүрэлдэхүүнд багтдаг хэд, хэдэн гишүүнд өргөмжлөл хүртээсний дотор
УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр нь
дэвшээд буй Ц.Дашдорж багтлаа. УИХ-ын 2008 оны сонгуулиар эмхлэн
байгуулагдсан эдүгээгийн парламент үндсэндээ дөрөв дэх жил рүүгээ ороод
явж буй. Гэвч энэ хугацаанд эрхэм гишүүн Ц.Дашдорж байнгын хороо,
чуулганы нэгдсэн хуралдаанд огт суугаагүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл,
сонгогчид нь түүний ирцийг сонирхъё гэвэл хуралдаанууддаа хэдэн өдөр
суув гэдгийг онцолж харсан нь хялбар. Хэдийгээр хуралдаа суудаггүй “хүнд
гар”-ын нэг боловч намдаа бол хоншоортой бололтой, Р.Буд, Х.Бадамсүрэн
нарыг ардаа хийн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад
сонгогдохоор санал татчихсаныг нь ингэж хэлэхээс өөр яалтай билээ.
Ядахад сая бас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өргөмжлөл хүртэл
хүртээд, “алиа” юм болж байна даа. Тус байнгын хорооны даргын хэлснээр
бол тэрбээр долоо дахь жилдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны
гишүүнээр ажиллаж байгаа учраас энэхүү өргөмжлөлийг хүртээлээ гэж
онцолсон. 2000-2004 онд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын Эдийн засгийн
байнгын хороонд харьяалагддаг байсан нь ийнхүү өргөмжлөл авах хөшүүрэг
нь болсон бололтой.

Харин бусад өргөмжлөл хүртсэн гишүүдийнх нь
хувьд бол өөр. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Батсуурь байнгын хороон
дотроосоо энэ хугацаанд хамгийн олон асуултыг бичгээр тавьсны зэрэгцээ
Зээлийн мэдээллийн сан, Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын
тогтоолын төсөл, мөн Газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоол
зэргийг  боловсруулах, хэлэлцэх шатанд идэвхи санаачлагатай ажилласан
гэж үнэлэгдэн өргөмжлөл хүртлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн,
А.Тлейхан нар эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, Тавантолгойн
ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахад бусдыгаа
манлайлан оролцсон гэж үнэлэгдлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж