Д.Зоригтыг огцруулж болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг огцруулж болохгүй

Энэ Ардчилсан намынхан уу. Тэд Н.Алтанхуягийг на­мын даргын албан тушаалаас огцруулах гэж хэчнээн ч удаа хор найруулав. Бас мань хүнийг сонин хэвлэлээр хэдэн удаа муулав. Энэ бүхнийг энд, тэндхийн вип өрөө хөлслөхөд төлсөн мөнгөтэй нь нэгтгэн тооцвол хачин их тоо гарна даа. За, энэ ч яах вэ. Ямартай ч Ардчилсан намынхан ажил­­даа орцгоолоо. Эрх бариг­чид­тай хамтрагчид биш, сөр­гөлдөгчдийн суудалд шилж­сэн учраас араншингаа харуулц­гаах болов. Н.Алтанхуяг, генсек Д.Эр­­дэнэбат нар танигдахын ар­га­гүй ширүүн дүр төрхтэй болцгоожээ. Арга ч үгүй биз. Сөрөг хүчний дүрдээ дөн­гөж эргэн орж байгаа хү­мүүс яаж ч аяглаж мэднэ. Ха­рин нэг л зүйл гайхшрал төрүүлээд байгаа юм. Тэд С.Бат­болдын танхимаас гар­маг­цаа улс төрийн болон эдийн засгийн шинж чанартай бой­кот хийх болов.

Нэг нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах. Нөгөө нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг /Бүр “Монголбанкны ерөнхий­лөгч Л.Пүрэвдоржийг огцруу­лах­гүй бол Д.Зоригтыг огц­руулна. Ер нь бүх зүйл дээр бойкот хийнэ” гэж байгаа гэсэн/ сайдын суудлаас уна­гах. Ардчилсан намынхан ийн­хүү Эрдэс баялаг, эрчим хүч­ний яам болон Монгол­банкны “толгой”-оор тогло­хоор шийджээ. Харин шалт­гаан нь юу вэ. Мэдээж хэрэг, төв банкны тэргүүнийг дэ­гээ­дэж унагах шалтгаан нь ша­­тахууны үнийн өсөлт, валю­тын ханшийн ог­цом өсөлттэй холбоотой. Ард­чил­сан намынхан Ардын на­мыг ийн бойкотлохдоо нэ­гэн инээдтэй тайлбар хий­сэн. “Мон­голбанкны ерөнхий­лөг­чид ажлаа тааруухан хийж бай­гааг нь анхааруулснаар ам.дол­ларын төгрөгтэй харьцах ханш 1450 байснаа 1395 болж буурсан. Ажилдаа анхаарал тавьбал ингэж болдог юм байна” гэж. Н.Алтанхуяг ганц­хан удаа чанга хашгираад хам­тарсан Засгийн газраас гарч болдог юм гэхэд Ардчилсан намынхан нийтээрээ нэг удаа орилоод валютын ханшийг тогтворжуулчихна гэвэл та итгэх үү.

Хэрэв Л.Пүрэвдоржийг огцруул­бал… Тийм ээ, улс төр, эдийн зас­гийн байдал ийм эмзэг байгаа үед түүнийг огцруулах нь хэр хортой вэ. Энд хамгийн энгийн гаргалгааг хийе. “Төрийн хямралаас өрийн хямрал. Эдийн засгийн хямралаас засаглалын хямрал…” гэж. Улс төрийн засаглал, эдийн засгийн засаглал хоёрын нэг нь савлахад нөгөө нь доргидог. Нэг нэгнээс нь салгахын аргагүй ийм л эмзэг бүтэц. Тиймээс Ардчилсан на­мынхны хүслээр болдог бол, бас Л.Пүрэвдорж “Үнэ ханшийн өсөл­төд би буруутай” хэмээн өөрийн хү­сэл­тээр огцорвол арилжааны бан­­куудад өнгөрсөн долоо хоногт 5.5 сая ам.долларын интервенци хийс­ний үр дүн гарахгүй. Дархлаа нь суларсан зах зээлийг инфляци нэгмөсөн эзэгнэж, Монгол Улс Зимбабве улсын түүхийг давтана. Товчхондоо, монголчууд зимбабвечуудтай адил нэг талхыг 10 мянган ам.доллараар худалдан авахад хүрнэ. Грект бас юу боллоо. Тус улсад өрийн хямрал нүүрлэсний улмаас Ерөнхий сайд нь огцорсон. Итали, Португаль, Ир­ландад ч мөн ялгаагүй “хэтэвч”-ний хямрал нь төрийн хямрал болж хувирлаа. Бүрэлдэхүүнд нь бай­даг улс орнуудад нь ийм аюул нүүр­лэсэн учраас Европын холбоо цаашид оршин тогтнох уу, үгүй юү гэдэгт тулаад байна. Тиймээс сонгууль угтсан улстөржилт, сөрөг хүчний имижээ эргэн сануулах гэсэн хийрхлээ цаламдахыг Ард­чилсан намынханд зөвлөе. Тэгээд ч “Цахилгаан тасарчихлаа. Энэ Л.Пү­рэвдоржийн буруу”, “Талх дуус­чихаж, бас л Л.Пүрэвдоржийн алдаа”, “Хүүхэд айсандаа уйлаад байна. Энэ нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үсээ будуулахаа больж, үдэш бүр зурагтаар буу­рал толгойтой гарах болсноос үүдэлтэй” гэж гэнэн материалист дүгнэлт хийдгээ хэн, хэн нь боливол дээрсэн.

“Тэгвэл Д.Зоригт сай­дыг огц­руулна”. Энэ бол “Л.Пүрэвдоржийг огцруулахгүй бол…” гэснийхээ дараа хэлсэн Ардчилсан намынхны үг. Үнэхээр ч тус намд “Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулна” хэмээн өргөдөл бариад гүйчихдэг сурцтайхан хэдэн товарищ бий. Тэд Ардын намын “Алимаа” Ц.Батбаяртай ч хүч хавсарч үзсэн. Залуу сайд Д.Зоригтыг огцруулах “тун”-гаа хэд, хэдэн удаа тааруулж чадаагүй тэд “Хэрэв Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулбал хор уршиг нь ямар байх вэ” гэдгийг ганц удаа ч болтугай тунгааж үзсэн болов уу. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдэхдээ “Бид түүхэн үүргээ гүйцэтгэсэн” гэлээ. Харин түүнийг хэнтэй хамтарч гүйцэтгэсэн гэх вэ. Мэдээж хэрэг, Ардын намынхан, тэр дундаа сайд Д.Зоригттой. Үнэхээр ч хэд, хэдэн парламент, Засгийн газар дамжсан ч батлагдаж чадаагүй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамтарсан Засгийн газрын үед баталсан нь маргашгүй үнэн. Монголчууд стратегийн 15 ордтой гэдгээ мэдэх болсон нь ч энэ засгийн үе. Хэл ам дагуулдаг ч гэсэн Тавантолгой, шинэ төмөр зам барих гарааг эхлүүлж чадлаа. Энэ бүхний алдаа, оноо ч Д.Зоригтын хашиж буй албан тушаал, хувь улстөрчийн нэр хүндтэй хамт дэнслэгддэг. Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан нь ч түүний нэр дээр хаяглагдана. Харин тэрбээр Ардчилсан намынхны хүсэл шуналыг ёсоор болгож, сайдын суудлаас огцорвол яана гэж. “Шатахууны үнэ өссөн нь миний буруу. Үүний улмаас ард иргэд хохирол амссан нь ч бас миний алдаа” гэж хэлээд огцорвол харин ч түүний имижийг өргөнө гэсэн үг. Гэвч түүний намынхан, бас Ерөнхий сайд С.Батболд юун дээр алдав. С.Баярын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олонхи нь хамтарсан Засгийн газрын талд байсан бол С.Батболд хэвлэл мэдээллийг хяналтаасаа алдсан. Үүн дээр нь хүний, өөрийн намынхан хүссэн тоглолтоо хийх болсон. Д.Зоригт сайдын эсрэг дайралтдаа ч энэ бүхнийг ашигласан нь нэгэнт ойлгомжтой болсон асуудал биш гэж үү. Гэхдээ Н.Алтанхуягийн амны уншлага болчихоод байгаа түүхэн үүргийг хамтран гүйцэтгэсэн энэ залуу сайдын суудлаас огцрох нь Ардын намд ч, С.Батболдод ч том гарз болно. Учир нь хамтарсан Засгийн газрын түүхэн үүргийг Д.Зоригтгүйгээр, Оюутолгой, Таван­толгойн ажил урагшилсныг Д.Зоригт­гүйгээр, Ардын нам болон Ардчилсан намынхан УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр амласан мөнгөө хэсэг, хэсгээр нь ч болтугай иргэдэд олгож байгааг Д.Зоригтгүйгээр дүгнэх боломжгүй юм. Товчхондоо, Ардчилсан намынхны овоо ха­раанд байнга өртдөг энэ залуу ирэх сонгуулийн үеэр эрх баригч хүчний нэгэн имиж болох биз. Эцэст нь 2007 онд болсон нэгэн явдлыг эргэн сануулъя. Сэтгүүлчид “Инфляци юунаас болоод өс­чихөв” гэж асуухад улстөрчид “Мэ­дэхгүй, Монголбанкнаас асуу. Тэд ажлаа хийж чадахгүй бай­на” гэсэн гэдэг. Үүнээс хойш нэг жилийн дараа тэд хэлсэн үгээ залруулж “Үрэлгэн зардлаас болж инфляци өссөн юм билээ” гэжээ. Үүнтэй адил Ардчилсан намынхан шатахууны үнэ, валютын ханш өссөн шалтгааныг нэг жилийн турш хайж, түүнийхээ дараа Д.Зоригт, Л.Пүрэвдорж нар руу дайрч байснаасаа ичих вий дээ. Тэгээд ч төрийн сайд, төв банкны тэргүүн хоёрыг огцруулах гэж бойкот хийх нь Н.Алтанхуягийг унагахаас илүү нийгэмд хор хохиролтой юм. Ямартай ч Д.Зоригтыг огцруулж болохгүй.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж