Мэргэжлийн хяналтын газарт боловсон хүчний бодлого дээрээ анхаарахыг сануулж, архидан согтуурахтай тэмцэх талаар бодлогын чанартай арга хэмжээ хэрэгжүүлэх, Стандартчилал хэмжил зүйн хэлтэст тоолууруудыг цэгцлэх, Нийтлэг үйлчилгээний албанд, байгууллагын дотоод хяналт, эмх цэгцийг сайжруулах үүрэг өглөө. Эрүүл мэндийн газар өнгөрсөн онд эхийн эндэгдэлгүй ажилласан ч нярайн эндэгдэл улсын дунджаас буураагүй байгаа, сумдад ажилласан эмч нарын багийн тайланг ойрын үед өгөх, аймгийн нэгдсэн эмнэлгийн ажлыг цэгцлэх, шарил хадгалах байрыг тохижуулж хөргөлттэй болгох, хөдөө сумдаас амаржихаар ирдэг эхчүүдийн асуудлыг зохицуулах, наркологийн кабинетийн ажлыг сайжруулах, нэгдсэн эмнэлгийн эмч нар хувийн үүдэн эмнэлэг ажиллуулдаг явдлыг таслан зогсоох үүрэг өглөө.
Нийгмийн даатгалын хэлтэст 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн нэрийн дансны мэдээлэх хуудсыг тараах, малчдыг нийгмийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх, Хүүхдийн төлөө хэлтэст “Дэлхийн зөн”-гийн байрыг хүлээж авах ажлаа яаравчлах, Хүүхэд хамгааллын төв байгуулахыг ажил хэрэг болгох, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг өсч хүүхдүүд архи ууж байгаад анхаарч, хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн баар зоогийн газар, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, 1-р сард багтаагаад хүүхдийн гэмт хэргийн асуудлаар бүх сургууль, холбогдох байгууллагуудыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, эхний улиралд багтаан 90 хүүхдийн морин хуурын концерт тавих зэрэг үүрэг өглөө.
Байгаль орчин аялал жуулчлалын газарт, байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, байгалийн нөхөн сэргээлтийн ажилд анхаарах, Дархан, Баянмөнх сумын нутагт буй ховор амьтдад хивэг тэжээл тавьж өгөх, ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, ойжуулалтын чанарт анхаарах, Өндөрхааны хогийн цэгийг цэгцлэхийг санууллаа.
Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрийн газарт даалгахдаа, усалгаатай газар тариалан, тариалангийн газрыг нэмэгдүүлэх, мал тарилгын хөлсөнд хяналт тавих, тоосгоны болон мах боловсруулах үйлдвэр гэх мэт томоохон төслүүд хэрэгжүүлэх, нөөцийн мах борлуулах асуудлыг шийдвэрлэх, сум бүрээс аймгийн сайн малчин шалгаруулах ажлыг зохион байгуул гэлээ.
Биеийн тамир спортын газар энэ онд зохион байгуулах спартикиадад сайн бэлтгэх, аймгийн албан байгууллагуудын лого-г 2-р сард багтаан спорт цогцолборт байрлуулах, буудлагын спортыг дэмжих, бусад холбоодын ажлыг цэгцлэх үүрэг хүлээж байна.
Тээвэр автозамын газрын даргатай гэрээ байгуулахдаа Засаг дарга бичсэн тайлангаас нь уг байгууллага ямар үүрэг гүйцэтгэж ажилладаг талаар ойлгоогүйгээ дурдаад, зам, тээврийн бодлогоо тодорхой болгож ажиллах талаар хатуухан сануулга өглөө.
Татварын хэлтэс сайн ажилласан ч татварын нэр төрлөөр үзэхэд дутагдалтай зүйл байгаа болон татварын бааз сууриа өргөжүүлэх талд илүү санаачилга гаргаж ажиллах /патент аваад үйл ажиллагаа явуулаад байгаа томхон дэлгүүрүүдийг татварын баазад хамруулах/, усны төлбөрийн асуудлыг дахин ярьж шийдэх /Бор-Өндөрт 60 сая төгрөгийн эх үүсвэр байгаа/ хэрэгтэй гэлээ.
“Хэнтий-Ус” компанид Өндөрхааны хогийн цэгийг цэгцэлж, маршруты нь өөрчлөх, “Шинэ Өндөрхаан” төсөл хэрэгжих газар луу дэд бүтэц тавих, 36 айлын орон сууцны барилгаа тэнд барих, 5-р багийн 2 цэвэр усны худгийг ашиглалтанд оруулах үүрэг өглөө.
Ус цаг уур орчны шинжилгээний төвийн орчинд шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулах тул тэр хавьд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дугуй засвар зэрэг газруудыг татан буулгах ажээ.
Аймгийн төв номын сан, музей, “Хан Хэнтий” чуулгын удирдлагуудад мэдээллээ солилцож нягт холбоотой ажиллахыг анхааруулаад Чингис хаан, Сэцэн хан судлалаар аймгийн музей санаачилгатай ажиллах, музейн хамгаалалтын ажлыг хийж дуусгах, “Хан Хэнтий” чуулгын шинэ барилгын зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлэх зэрэг үүрэг даалгаврууд өгч агентлагын дарга нартаа шинэ оны ажилд нь амжилт хүсч, 2011 оны ажлаараа системдээ эхний 5-д багтсан агентлагийн дарга нараа энэ жил Гонгког-д амраахаар болсныг дуулгалаа.