Үсрэнгүй өсөлтийн “өгөөж” нь үнийн өсөлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Үсрэнгүй өсөлтийн “өгөөж” нь үнийн өсөлт болжээ

Эдийн засгийн өсөлт, инфляцийн өсөлт, үнийн өсөлт гээд өсөлтгүй юм өнөөдөр алга болжээ. Хувь хүний хэтэвч, айл өрхийн хэрэглээ, улсын төсөв гээд бүхий л зүйл өсөлтөөр хэмжигдэж, дэлхий нийтийг гайхан дуу алдуулж буй хэрнээ  иргэдийнх нь  амьдралд үр өгөөж муутай, газраар биш тэнгэрээр нисч буй эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17,3 хувьтай гарсныг  Үндэсний статистикийн хорооноос дуулгав. Хоёр гуравхан жилийн өмнө хасах хувьтай гарч байсан улс орны маань эдийн засгийн өсөлт үсрэнгүй өндөрт хүрсэн гэх гоё мэдээнд баярламаар байх ёстой боловч даанч чадахгүй нь. Шатахууны үнэ гэнэт л 270 төгрөгөөр нэмэгдэж, үүнээс  болоод өдөр тутмын хэрэглээний зардал,  өмсөх зүүх бүхний үнэ тэнгэрт хадаж, хөлс, хүчээ дуслуулж байж олсон орлого маань зарлагаа дийлэхээ больсонд  өөрийн эрхгүй бухимдаад байгаа болохоор “үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 10829.7 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4881.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 27.8 хувь, зэрэгцүүлэх үнээр 17.3 хувиар тус тус өслөө” гэсэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа үнэндээ тийм ч таатай сонсогдохгүй л байна. Хэрэв зээ эдийн засгийн энэхүү үсрэнгүй өсөлтийн үр шимийг дээгүүрээ хуваагаад хүртчихээгүй л бол хэн нэгэн малчинд, хэн нэгэн барилгачинд, хэн нэгэн багшийн амьдралд “амталгаа” болж чадсан гэдэг нь эргэлзээтэй. 

Зуун мянган айлын орон сууц, зургаан хувийн хүүтэй зээл, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, сая сая төгрөгийг өглөгийн сургаар, далимаар, дайны хажуугаар дажин гэгчээр хөөсрөх үнийн өсөлт хэзээ намжихыг хүлээх монголчуудын амьдралд эдийн засгийн өсөлт өндөр гарах эсэх үнэдээ хамаагүй болчихож. Өөрт нь хүртээлгүй, өмсөх эдлэх бүхнийг нь өдрөөс өдөрт өсөөд байгаа болохоор “эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 10899.9 тэрбум төг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4906.5 тэрбум төррөг болж, өмнөх оныхоос оны үнээр 2440.3 тэрбум төгрөг буюу 28.8 хувь, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 723.5 тэрбум төгрөг буюу 17.3 хувиар өслөө” гэсэн статистик мэдээг цээжээ дэлдэн, чихэр авсан хүүхэд аятай хүлээж авч даанч чадашгүй нь. Инфляцийг хөтлөн, үнийн хөөсрөлийг дагуулан хурдтайгаар гүйх өдрөөс өдөрт хурд нь эрчимчиж буй эдийн засгийн өсөлтийг алга ташин хүлээж авахаасаа илүү айн болгоомжлох хэрэгтэйг сануулсан эдийн засагчдын анхааруулга эцэст нь үнэн байжээ гэдгийг л эрхбаригчид харин хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж.

Телевизийн дэлгэц, сонины хуудаснаас салахаа болиод удаж байгаа, сайрхуулах үр өгөөжгүй эдийн засгийн үсрэнгүй өсөлтөөс болж өглөөнөөс үдшийн бүрий бүртэл өөрөөс минь үнийн дарамт салахгүй зүүгдэж буй тод жишээ хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний бас нэгэн үсрэнгүй өсөлт болоод байна. 

Хэрэглээний үнийн улсын индекс 2011 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас хоёр хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсч инфляцийн жилийн дундаж төвшин 9.2 хувь байжээ. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос зарладаг инфляцийн төвшин, Монголбанкныхаас арай бага гардаг. Төвбанкны вэб хуудсанд зарласнаар бол өнгөрсөн онд инфляцийн төвшин жилийн гүйтгэлгэлээр 12,5 хувьтай гарсан бий. Ерөнхий индекс өмнөх жилээс өсөхөд хүнсний бараа, ундаа, орон сууцны үнэ голлон нөлөөлсөн гэнэ лээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн жилээс нэлээд өссөн байна.  Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны эцэст 713.4 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 193.7 тэрбум төгрөг буюу 37.3 хувиар өссөн байна. Гэхдээ энэ мөнгөний нийлүүлэлт инфляцийг эрчимжүүлэхэд тийм ч их нөлөөлөл үзүүлэхгүй гэдгийг эдийн засагч Д.Батжаргал ярьсан. Банкны салбар ханиад тусч байсан, хямралын сартай харьцуулахад өнөөдөр манай арилжааны банкууд асуудлаа аль хэзийн ардаа орхисон бололтой. Актив нь өсч,  чанаргүй, найдваргүй зээл нь багассаар л байгаа юм байна. Төв банкнаас баримталж буй мөнгөний хатуу бодлогтой уялдуулж арилжааны банкууд зээлийнхээ хүүг өндөргөж, зээлээ хумисан. Гэсэн хэрнээ өнгөрсөн онд арилжааны банкнаас олгосон зээл өмнөх оныхоос даваад байгаа юм.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны эцэст 5641.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 202.4 тэрбум төгрөг буюу 3.7 хувь, өмнөх оныхоос 2376.4 тэрбум төгрөг буюу 72.8 хувиар өсчээ.  Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны эцэст 73.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.2 тэрбум төгрөг  буюу 3.1 хувиар өсч, өмнөх оныхоос 16.9 тэрбум төрөг буюу 18.7 хувиар буурчээ.

Эдийн засаг үсрэнгүй хөгжилд хүрлээ хэмээн өнгөрсөн оны сүүлчээс эхлээд өнөөдрийг  хүртэл ярьсаар байгаа, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, сая сая төгрөг тараана гэх хүлээлтийг үүсгээд байгаа, уул уурхайн салбараас уул овоо шиг хөеө цуглуулсан гэж дэмийрлийн байдалд орчихоод байгаа Монгол Улсын нэгдсэн төсөв харамсалтай нь 632,4 тэрбумын алдагдалтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4400.6 тэрбум төгрөг, үүнээс тогтворжуулалтын сангийн орлого 241.0 тэрбум төгрөг болж, нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн хэмжээ 4159.6 тэрбум төрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4792 тэрбум төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 632.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Гэхдээ бас яах ва, төсвийн урсгал орлого 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4141.3 тэрбум төг, урсгал зардал 3234.4 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 906.9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

За тэгээд, өнгөрсөн оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, энэ жилийн эцсийн байдлаар ажил идэвхтэй хайгчдын тоо өсч, мал өсч, татварын орлого өсч, зарлага өсч, барилга угсралтын ажил өсч, баригдсан барилгуудын тоо өсч, байрны үнэ өсч бүх юм өсөлтөөр хэмжигдсээр. Үсрэнгүй өсөлтийн үр дагавар нь өсөлт бас дахин өсөлт байх юм.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж