“Үнэлгээ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Үнэлгээ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй”

Төрийн албаны зөвлөлөөс энэ оныг “Төрийн удирдах албан тушаалтны манлайллыг дээшлүүлэх жил” болгон зарлаад байгаа юм. Чухам ямар агуулгаар дээрх зорилт тавьсан талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Х.Шаандараас тодрууллаа.

-Төрийн удирдах албан тушаалтны манлайллын төвшинг үнэлэх ажлын зорилго нь юу вэ?

-Төрийн албаны зөвлөл сүүлийн жилүүдэд төрийн албаны хэмжээнд шийдвэрлэвэл зохих нэн тулгамдаж байгаа нэг асуудлыг зорилт болгон дэвшүүлж, уг зорилтыг хэрэгжүүлэхэд нийт төрийн байгууллага, албан хаагчдын хүч анхаарлыг төвлөрүүлж ажиллах бодлого барьж ажиллаж байна. 2010 онд төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах, 2011 онд ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавьж байсан бол 2012 оныг "Төрийн удирдах албан тушаалтны манлайллын жил" болгон зарласан.Манлайллын жилийн хүрээнд хийгдэх энэхүү удирдах албан тушаалтны манлайллын түвшинг үнэлэх ажлын зорилго нь төрийн албаны хууль тогтоомж, стандартыг тууштай хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус, мерит зарчимд тулгуурласан төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд төрийн албаны бүх шатны удирдах албан тушаалтны хүлээх үүрэг, ёс зүйн хариуцлага, манлайллыг шаардагдах түвшинд хүргэж жигдрүүлэх явдал юм. Дээрх 3 зорилт нь хоорондоо уялдаа холбоотой, өөрөөр хэлбэл өмнөх жилүүдэд дэвшүүлсэн зорилтууд 2012 онд "манлайлал" гэсэн шинэ агуулгаар баяжигдан үргэлжлэн хэрэгжих юм байна гэж ойлгож болно.  

-Хамрах хүрээний хувьд?

-Төрийн болон төсвийн байгууллагад ажиллаж байгаа 4000 орчим ерөнхий менежер, 18400 орчим байгууллагын доторхи нэгжийн дарга /менежер/ нар үнэлгээнд хамрагдана.

-2012 он бол бүх шатны Хурлын сонгуулийн жил. Үүнтэй холбогдож манлайллын төвшингийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулахад зарим бэрхшээл тохиолдох болов уу гэсэн бодол төрж байна?

-Удирдамжид үүнийг харгалзаж хугацааг ерөнхий байдлаар тусгасан. Төрийн албаны зөвлөл болон Салбар зөвлөлүүд нарийвчилсан хугацааны графикийг гаргаж мөрдөнө. Сайн зохицуулж чадвал нэг их бэрхшээл гарахгүй байх аа.

-Үнэлгээг үнэн зөв хийх баталгааны хувьд?

-Удирдамжид ерөнхийдөө олон улсын жишгийг баримтлан өөрийн манлайлал, хамт олноо манлайлах, байгууллагаа удирдан манлайлах гэж гурван бүлэг болгож, бүгд 20 үзүүлэлт /үүний нэг нь тухайн удирдах албан хаагчийн санаачилсан ажлын үр дүнг үнэлэх өөрийнх нь сонгосон үзүүлэлт байх юм/-ээр үнэлэнэ гэдгээ ил зарлачихлаа. Одоо энэ 20 үзүүлэлтийн түвшинг үнэлэх аргачлал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Жишээ нь, санал асуулгаар  нэлээд хэдэн манлайллын үзүүлэлтийн түвшинг  тодорхойлно. Энэ бол нэлээн судалж, мэдээлэл цуглуулж байж хийх чимхлүүр ажил.

-Аливаа сонгуулийн дараа өмнөх жилүүдтэй харьцуулахад төрийн албанд хөдөлгөөн харьцангуй их гардаг. Манлайллын үнэлгээ нь төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халах шалтаг болчих вий дээ гэсэн болгоомжлол байх шиг?

-Төрийн албаны зөвлөл үүнийг харгалзан үзээд манлайллын түвшингийн үнэлгээ нь тухайн удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэдгийг Удирдамжид тодорхой зааж өгсөн.    

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж