Энэ удаад агаарын бохирдол буурахгүй байна, хийсэн ажлын үр дүн гарахгүй байна гэсэн элдэв шалтаг тоочихыг хүссэнгүй. Харин дэлхийн бусад орнууд агаарын бохирдолттой хэрхэн тэмцдэг талаар хүргэе. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд Дэлхийн өвлийн хотуудын 15 дугаар чуулган болж өнгөрсөн. Энэ үеэр өвлийн хотуудын агаарын бохирдол буюу утаатай хэрхэн тэмцдэг талаархи туршлагаас нь хуваалцсанаа хүргэж байна.
Дэлхийн өвлийн хотуудын холбоо гэж буй. Энэ холбоонд хүйтний улиралд цас их орж, үүнээс үүдэх өнөөгийн бидний агаарын бохирдол, утаа, гэр хорооллын бохирдол зэргийг бидний адил туулж өнгөрүүлсэн байдаг аж. Дэлхийн өвлийн хотод Ази тивийн хойд талын хотууд, Хойд Америк, мөн Европ тивийн өвөл болж, цас их унаж хүйтэн болдог хотууд багтдаг. Япон улсын Саппоро хотын санаачлагаар анх 1981 онд Дэлхийн өвлийн хотуудын чуулган зохион байгуулахаар шийдвэрлэгдэж 1982 онд зургаан улсын есөн гишүүн хоттойгоор зохион байгуулагджээ. Энэхүү холбоонд 10 гаруй орны 20 гаруй хот багтдаг юм байна.
Эдгээр хотууд одоогоос 20,30 жилийн өмнө өвлийн хотуудад утаа, агаарын бохирдол шүдний өвчин байсан аж. АНУ-ын Анкореж хотын захирагч Дик Сталлоне “Агаарын бохирдол буюу утаанаас салахад олон жилийн хугацаанд тодорхой арга хэмжээ авсны үр дүнд гарч ирнэ. Манай орны хувьд ч гэсэн утаа байсан. Бид яг одоогийн Улаанбаатар шиг утаатай байсан. Гэхдээ манай улсыг бодвол илүү их агаарын бохирдолттой байна. Одоогийн танай хотын удирдлагуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд буюу утаагүй түлш, утаа бага гаргадаг зуухыг бид ч гэсэн хэрэглэж байсан. Агаарын бохирдол гэр хорооллын утаанаас гадна автомашины утаа болон бусад олон төрлийн зүйлээс шалтгаалдаг. Танай улсын хувьд автомашины утаа бас их нөлөөлж байх шиг байна. Манай улс бол автомашины утааг бууруулах нэгэн арга хэмжээ авсан. Дэлхийн бусад хотууд ч гэсэн энэ арга хэмжээ авсан байдаг юм билээ. Анкореж хотод гурваас дээш жилийн насжилттай автомашин буюу агаарт утаа гаргаж, бохирдуулж байгаа автомашинд торгууль тавьж эхэлсэн. Гурваас дээш жил явсан бөгөөд агаарт гаргаж байгаа бохирдлыг хэмжин түүнд нь өндөр татвар ноогдуулдаг байсан. Энэ автомашинаас ялгарах утааг багасгах хамгийн үр дүнтэй арга хэмжээ байсан. Олон жилийн хугацаанд шат дараатайгаар арга хэмжээ авсаны үр дүнд бид агаарын бохирдлыг бууруулж чадсан юм” гээ байсан. Анкореж хотын агаарын бохирдолттой тэмцэх нэг арга нь автомашинаас гарах утаатай тэмцэх байж. Харин манай улсын хувьд 200 гаруй мянган машин байдгаас 80 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг.
Тэгвэл Эстоны улсын Виймши хотын хувьд хүн амын тоо бага ч гэсэн өвлийн улиралдаа хүйтэн, цас их унадаг аж. Тус хотын хүн ердөө 17 мянга 621. Бага хүн амтай жижигхэн хотын хувь агаарын бохирдол бага ч гэсэн өвлийн улиралд цаснаас үүсэх халтиргаа, цас цэвэрлэгээ зэрэг нь тус хотын өвлийн улирлын асуудал болдог гэнэ. Тиймээс цас их ордог хотын хувьд цасыг ашиглах, цасны аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа тус хотын дарга дуулгасан. Виймши хотын дарга Халдо Оравас “ Танай улсад ирээд би их гайхсан. Нийслэл нь их хөгжилтэй юм билээ.Миний мэддэг байсан Улаанбаатар төсөөлснөөс ч том бас их хөгжилтэй нь харагдаж байсан. Өвлийн хотуудын холбоонд нэгдээд удаагүй учраас танай улсаас сурах зүйл их олон байна. Агаарын бохирдол ихтэй нь онгоцны буудлаас буухад харагдсан. Танай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашиглавал үр ашигтай санагдсан. Өвөлдөө нар гардаг, салхитай байгаа нь эрчим хүч ашиглахад тун тохиромжтой. Магадгүй хөрөнгө мөнгө их шаардагдах ч эрчим хүчийг ашиглах нь тохиромжтой юм байна гэдгий олж харсан” гэлээ. Дэлхийн олон хотуудын төлөөлөл ирсэн ч гэлээ манайхаас бага хүн амтай хотын даргын хувьд нийслэлийн хөгжлийг бишрээд явсныг нь гайхахгүй ч эрчим хүч ашиглах бас нэгэн саналыг хэлсэн юм.
Харин БНСУ-ын Хвачонь хотын хувьд байгальд ээлтэй дулаанаар хангах төслийг илүүд үзэж байгаа юм. Тус хотын хувьд 1990 онд түүхийн нүүрс нийт хүн амын 53 хувь нь хэрэглэдэг байсан бол 2008 онд нүүрсний хэрэглээг таван хувь хүртэл нь бууруулж чадсан байна. Тус хотын иргэдийн амьдралын боломж сайжрах тусам хотын иргэд тав тухтай орчныг сайжруулж, нүүрсний хэрэглээнээс татгалзаж эхэлжээ. Хвачонь хоты дарга хэлэхдээ “Цаашид бид ус, салхи, нар, газрын дулааны эрчим хүчийг ашигладаг. Манай улс ой мод ихтэй, нийт нутгийн 86 хувь нь ой байдаг. Тиймээс бид агаар бохирдол багатай биотүлшийг бий болгосон. Энэ нь модон бүтээгдэхүүний хаягдлыг тусгай хөрөөгөөр нунтаглаад өндөр градуст, өндөр даралтаар шахаж, нэг хэмжээтэй хийдэг юм. Энэ нь байгальд олон эерэг талтай. Тухайлбал, агаарт маш их хортой хүлэмжийн хийг бууруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай, мод огтлохгүйгээр зөвхөн хог хаягдлыг ашиглаж байгаагаараа олон талын ашигтай” гэдгийг хэлж байлаа. Тус хот нь 2009 оноос энэхүү түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 он гэхэд байгальд ээлтэй түлш хэрэглэдэг хоёр ч дагуул тосгон барихаар төлөвлөсөн байгаа гэв.
Хүйтний улиралтай, агаарын бохирдолттой хотуудын туршлагаас харж байхад нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь төвлөрсөн дулааны асуудлыг шийдэж, гэр хорооллыг барилгажуулах, хүн амын төвлөрөлийг багасгах, утаагүй түлш, утаа бага гаргадаг зуух зэргийг ашиглах нь хамгийн үр дүнтэй аргууд гэнэ. Манай улсын хувьд өнгөрсөн оноос хотын утаа арилгах зорилгоор дорвитой арга хэмжээ авч эхэлсэн ч бодитой үр дүн харагдахгүй байгаа билээ. Гэсэн ч Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас энэ жил хотын утаа, агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ.