Сансрын станц хаана ”газардах” вэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Сансрын станц хаана ”газардах” вэ?

Оросын гариг хоорондын сансарын станц
болох “Фобос-Грунт” эвдрэлийн улмаас эргэж эх газарт унах болсноос үүдэн
хөөрхөн шуугиан дэгдээгээд амжлаа. Ангараг гаригийг судлахаар илгээсэн
энэхүү Оросын сансрын станц өчигдөр шөнөөс дэлхийн агаар мандлын зузаан
давхаргад орж алга болсноор хэрхэн хаана унах нь хэсэг зуур тодорхойгүй
байсан юм.Эрдэмтдийн гаргасан тооцоогоор бол уг станц Улаанбаатарын
цагаар өчигдрийн 02 цаг орчмын үед Номхон далайд унана гэсэн таамагтай
байсан аж.Гэвч “Риа Новости” агентлагаас дээрхи станцын зарим хэсэг нь
Номхон далайд биш харин Атлантын далайд,тухайлан Бразилийн эрэг орчимд
унасан гэж мэдээлэгдэж байв.

Харин Оросын Батлан хамгаалах яамнаас өчигдөр албан ёсоор мэдээлэхдээ
“Фобос Грунт” станц Улаанбаатарын цагаар даваа гаригийн өглөө Номхон
далайд унасан гэж баталжээ. Сансрын станцын их биеийн агаар мандалд
шатаагүй үлдсэн хэсэг нь ийнхүү далайд унсан гэж энэ мэдээлэлд дурдсан
байна.Өмнө нь энэхүү станцыг гурван ч тивийн маш олон газруудад унах
магадлалтай гэж мэдээлж байсан юм. Энэ нь сансрын станцын биет олон
хэсэг болон хуваагдаж байгаатай холбоотой байж болох юм. Оросын
“Роскосмос”-ын өгсөн мэдээллээр бол сансарын “Фобос Грунт” станцын их
биенээс салсан тус бүрнээ 200 хүртэлх кг жинтэй 20-30 хэсэг эх дэлхийд
бууж ирэх юм байна.

Хэдийгээр “Фобос Грунт” станцыг Номхон далайд унасан гэж байгаа ч энэ
үйл явдлыг батлах ямар нэгэн баримтын тухай огт мэдээлэхгүй байгаа
ажээ.Оросын батлан хамгаалахын эрх бүхий тушаалтнууд маш тодорхой өгсөн
гэх ганц л мэдээлэл байгаа нь сансрын станцын зарим хэсгүүд Чилийн газар
нутагт багтах Веллингтон арлаас 1250 км зайд унасан гэж байгаа аж.
Одоогоор зөвхөн Оросын талын мэдээлүүд дээрхи сансрын станцыг Номхон
далайд унасныг баталж байгаа бол Европын сансрын агентлагийн
мэргэжилтнүүд дээрхи мэдээллийг батлаагүй хэвээр байгаа аж. Мөн АНУ-ын
цэргийнхэн оросын сансрын станцын унасан гэдгийг баталж байгаа ч
тодорхой мэдээлэл гаргахгүй байгаа ажээ.

Оросын эрдэмтэд аль өнгөрсөн зуунаас буюу 1960-аад оноос эхэлж Ангараг
гаригийг судлахаар хичээж байсан бөгөөд  америкууд судалгааны багажаа
тус гаригт зоохоос дөрвөн жилийн өмнө буюу1960 онд анхны сансрын
аппаратыг илгээж байсан аж.Түүнээс хойш 1996 он хүртэл нийтдээ 17
сансрын судалгааны аппаратыг илгээж байсан ч найм нь нислэгийнхээ дараа
болон гарааны үед сүйдэн алга болж байсан бөгөөд зөвхөн тав нь л
зорилгоо тодорхой хэмжээгээр биелүүлсэн байдаг гэнэ.

Харин түүнээс хойш оросууд үнэн хэрэгтээ гариг хоорондын судалгааны
чиглэлээр олигтой амжилтад хүрч чадаагүй байгаа ажээ. Энэ хооронд гол
өрсөлдөгчид нь болох Өрнөдийн орнууд нийт 13 судалгааны төхөөрөмжүүдийг
Ангараг гаригт илгээж,тэдгээр нь тус гаригын мандал дээгүүр хэрэн
тэнүүчилсээр байгаа юм.Гэтэл оросын цөөн хэдэн төхөөрөмж америкийн болон
европын станцуудад байрлуулсан төдий л ажиллаж байжээ.Иймээс сүүлийн
үед Оросууд гариг хоорондын станц бий болгож үсрэнгүй амжилт олохыг
хичээж эхэлжээ.Энэ оролдлогын эхний том алхам нь “Фобос Грунт” станцыг
илгээх төсөл байсан байна.

Төслийг нэлээдгүй эрт буюу 1998 онд баталсан бөгөөд 2006 онд л
технологийн шийдлийг нь бий болгож мөн тэр үед Хятад улстай хамтарч
ажиллахаар болжээ.Хамтын ажиллагааны дагуу хятадын бичил дагуулыг тээж
сансарт гарах ёстой байсан “Фобос Грунт” станцыг өнгөрсөн оны 11-р сарын
9-д хөөргөсөн байна. Төсөл ёсоор бол энэ станц хоёр жил хагас ажиллах
ёстой байжээ.  Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжсэн бол Оросууд гариг
хоорондын судалгаанд тэргүүлэх байр сууриа эргүүлэн олж авах ёстой
байсан гэнэ.Учир нь хэрэв гариг хоорондын “Фобос Грунт” станц ажлаа
гүйцэтгэсэн бол Ангараг гаригаас хөрсийг нь эх дэлхийд авчирсан анхны
станц болох ёстой байсан юм байна.

Зарим мэдээллийн эх сурвалжаас харвал “Фобос Грунт” сансарын станцын
эвдрэлийг олон янзаар тайлбарлаж байгаа юм байна. Нэлээд ул суурьтай
үндэслэлүүдийн тоонд тухайлбал, станцын тооцоолон бодох удирдлагын схем
эвдэрсэн гэх таамаг болон сансарын аппаратын бүхээг дэх удирдлагад алдаа
гарсан,эсвэл эвдэрсэн гэх  таамаглалууд байгаа юм байна. Мөн Оросын
сансар судлалын зарим төлөөлөл оросын сансарын станцуудын эвдрэлд
хөндлөнгийн нөлөөлөл байх магадлалтайг дурдаж байжээ.Мөн энэ станцын
биет нь унасан газраа хордолтын халдвар тарааж магадгүй тухай мэдээлэл ч
гарч байсан аж.Харин оросын сансар судлалын мэргэжилтнүүд энэ таамгийг
үгүйсгэж байгаа юм байна.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж