-Та бүхнийг мөнгө идсэн гэсэн мэдээлэл гараад байна л даа. Энэ талаар хариулт өгөөч?
-Манай халагдсан ажилчин л ийм мэдээлэл тараагаад яваа байх.
-Улсын хөрөнгөөр үнэтэй машин авч унасан гэсэн ч мэдээлэл байна?
-Тэр машин угаасаа улсын л машин. Би хувиараа, хувьдаа ч авсан юм байхгүй.
-Ажилчдаа хоморголон халсан гэсэн. Хэдэн хүнийг халсан юм бэ?
-Би нэг ажилчныг л халсан. Түүнийг хоморголон гэж байгаа бол өрөөсгөл хэрэг болно. Өчигдөр зарим нэг сониноор захиалгатай, үгүй нь мэдэгдэхгүй баахан л мэдээлэл гарч байна лээ. Бид тэр ажилчныг шүүхэд өгөөд ерөнхийдөө тэр ажилчны буруу гэдгийг шүүх ч тогтоосон. Үүн дээр нэг их сүр дуулиан болгоод байх хэрэггүй. Тухайн хүн манай шаардлагад нийцэж ажиллаж чадаагүй учраас халагдсан.
-Авлигатай тэмцэх газар өгсөн гэсэн энэ талаар мэдэж байгаа юм байна уу?
-Мэдэхгүй. Тэр нөхөр л өгсөн сураг дуулдана лээ. АТГ-аас манайд ямар нэгэн мэдээлэл өгсөн юм алга.
-Ямар нэгэн мөнгө төгрөг идээгүй гэж ойлгож болох уу?
-Тийм юм угаасаа байхгүй.
-Тэгэхээр энэ бүх асуудал худлаа байсан хэрэг үү?
-Худлаа. Манайд тэнцээгүй хүний л явуулсан явуулга. Тэгээд ч үүнийг мэддэг газар нь шийдээд манай байгууллагын зөв гэдгийг баталсан.
Энэхүү байгууллага нь мэдээллийн технологийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үүрэг бүхий газар бөгөөд одоогоос гурван жилийн өмнө байгуулагдсан юм. Ямар нэгэн мөнгө хөрөнгө идсэн юм байхгүй гэж удирдлага хэлжээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин