С.Батболдын танхим: Угтах ба үдэх

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

С.Батболдын танхим: Угтах ба үдэх

УИХ дахь МАН-ын бүлэг, намын Удирдах зөвлөлийнхөн өчигдөр ээлж дараалан хуралдаж, шинээр томилогдох сайд нараа тодруулах гэж улайрсны шалтгаан энэ. Энэ сарын 20-нд Давосын Эдийн засгийн форумд оролцох ёстой Ерөнхий сайд С.Батболд дотоодын томилгооны асуудлаас болж айлчлалаа хойшлуулахыг хүсэхгүй байна. Тиймээс маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас өмнө танхимынхаа шинэ гишүүдийг УИХ-аар батлуулахаар яаравчилж буй юм. Ер нь ч тэгээд сонгууль хаяанд тулж, бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, энэ оны төсөвт суусан бэлэн мөнгөний томоохон амлалтуудаас үүдсэн инфляцийн хөөрөгдлийг хааш нь аваачиж наах вэ гэх мэтчилэнийг Засгийн газрыг тойрсон элдэв асуудал ээрч байхад танхимын шинэ гишүүдийн томилгоог хойшлуулах шалтаг шалтгаан ч угаасаа байхгүй.

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өмнө байгуулсан хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тэр хэвээр нь хадгалж, зөвхөн Ардчилсан намаас томилогдож ажиллаад сая ажлаа өгсөн хүмүүсийн орон дээр шинэ сайд нарыг томилохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ орон гарсан зургаан сайдын гурвыг нь /Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд нарыг/ УИХ дахь МАН-ын бүлгээс, үлдсэн гурав буюу Тэргүүн шадар, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайд нарыг УИХ-ын гаднаас томилохоор шийдвэрлэсэн билээ.

Үүний өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрыг эмхлэх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хамтарсан Засгийн газрын үед бий болгосон илүүдэл орон тоо буюу ажил үүрэг нь давхардсан зарим яам агентлаг, сайд нарын орон тоог цэгцэлж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэдэг санал дэвшүүлж байсан. Тухайлбал, Тэргүүн шадар сайдын орон байна. Түүнчлэн зарим яамд хоёр дэд сайдтай болсон нь ч бас л хоёр нам хамтарсны “хишиг буян” билээ. Угаасаа ч “төрийн нарийн” гэж төрийн албаны далбаан дор халхавчлагдсан сайдаасаа илүү эрх мэдэлтэй нөхөр байхад хажууд нь ямар ч эрх мэдэлгүй дэд сайдын хэрэг юу байсан юм гэдэг шүүмжлэл ч өмнө нь олон нийтийн дунд захаас аван сонсогддог байсан билээ.

Гэвч энэ удаад МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийн энэ саналыг шууд хүлээн аваагүй. Учир нь танхимын тэргүүн Ерөнхий сайд юм уу, танхимын нийт гишүүдийн 50 хувь нь огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрыг огцорсонд тооцдог. Тэгээд шинээр томилогдсон Ерөнхий сайд нь өөрийн танхимын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирдэг билээ. Энэ бол Ерөнхий сайдад хуулиар олгогдсон ганц эрх мэдэл. Харин энэ удаад бол танхимын 40 хувь буюу зөвхөн Ардчилсан намаас томилогдсон сайд, дэд сайд нар ажлаа өгөөд байгаа. Тиймээс үүгээр шалтаглан С.Батболдын Засгийн газрыг огцорсонд тооцох боломжгүй бөгөөд Ерөнхий сайд ч өөрийн бүрэн эрхийн дагуу кабинетэд нь ажиллах сайд нараа санал болгох эрхтэй гэсэн үг.

Гэхдээ шинээр томилогдох сайд нарт тодорхой хэмжээний шалгуур байх ёстой. Тэр шалгуур нь энэ удаа “УИХ дахь намынхаа бүлэг дээр дэмжлэг авах эсэх” болж байна. Ядахдаа л гаднаас нь харахад шүү дээ. Харин дотооддоо бол “Ямар цензур тавьж буй нь нийгэмд ил харагдах ёстой” гэдэг байдлаар УИХ дахь намынхаа бүлгийн гишүүдийн бараг тал хувийг сайдын албан тушаалд нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн ч байж болно.       

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр нэр дурьдсан гурван яамны сайдад нэр дэвшигчдийг тодруулахад Сангийн сайдад гишүүн С.Бямбацогт, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхарваа нар нэрээ дэвшүүлснээс Ц.Даваасүрэн нь нэрээ татаж, Д.Хаянхярвааг бүлгийн гишүдийн олонхийн саналаар Сангийн сайдад нэр дэвшүүлсэн. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Х.Баделхан, Р.Буд, Н.Ганбямба Х.Бадамсүрэн, Р.Раш нар нэрээ дэвшүүлснээс Р.Раш гишүүн нэрээ татаж, Ц.Дашдорж олонхийн дэмжлэг авчээ. Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Ц.Батбаяр Д.Загджав Х.Жекей Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир Д.Одбаяр нар нэрээ дэвшүүлснээс Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир Д.Одбаяр нар нэрээ татаж, үлдсэн өрсөлдөгчдөөс Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нарын санал тэнцсэнийг намын Удирдах зөвлөлийн хурлаар оруулж, Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна.

Үлдсэн гурван сайдыг УИХ-ын гаднаас буюу намын дарга, Ерөнхий сайд өөрийн үзэмжээр санал оруулахаар болсон тухай бид өмнө мэдээлсэн. Өчигдөр орой хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас МАН-ын генсек У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдад, Эрүүл мэндийн сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Хүрэлбаатарыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгуулийн шинэ хуулийн дагуу нэр дэвшихээ илэрхийлж ажлаа өгсөн Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон.

Хүлээлт ба гаргалгаа

МАН энэ сонгуулийн хугацаанд анх удаагаа засгийн эрх мэдлийг дангаараа хэрэгжүүлэх гэж буй тул хэдийгээр сонгууль болтол зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа ч гэсэн шинээр томилогдох сайд нарыг сөрөг намын зүгээс ч, олон нийтийн зүгээс ч нэлээд сайн сонжих нь мэдээж. Үүнийгээ ч Ардчилсан намын гишүүдийн зүгээс ил тод илэрхийлээд байгаа. Гэвч санал хураалтад олон нийт оролцохгүй, Ардчилсан намын гишүүд ч эсэргүүцлээ эсэргүүцлээ гэхэд хурал хаятлаа хол явахгүй. Тэгээд ч тэдний хувьд Ардын намынханын дотоод асуудалтай зууралдсанаас өөрсдийнхөө улс төрийг хийсэн нь дээр. Үсрээд жаахан шүүмж илгээж, хацарт нь баахан хөө нялж өгөөд МАН олонхиороо сайд нараа томилно л доо. Тиймээс ерөнхийдөө С.Батболдын танхимын шинэ бүрэлдэхүүнийг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх гээд харчихад болох нь.

Гэхдээ яагаад заавал эд гэж. Ч.Улаан яагаад Сангийн, Р.Буд яагаад зам тээвэр, барилга хот байгуулалтын, бригадын генерал Х.Жекей Батлан хамгаалахын сайд болсонгүй вэ? Өмнө тус нам дотор /МАХН гэхээс зориудаар зайлсхийв/ явагдаж ирсэн уламжлалт томилгооноос юугаараа өөр юм?

Эхний удаад харахад МАН ямартай ч хуучин кадрууд, улс төрд улиг болсон нөхдүүдээсээ татгалзаж, шинэ хүмүүсээр нүүр царай хийн сонгуульд орох нь ээ гэж уншигдана. Үнэхээр ч тийм байх. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн Н.Хүрэлбаатар, Гадаад харилцааны яамны төрийн нарийн Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд буй Ж.Энхбаяр нарыг харахад хэнд ч тийм сэтгэгдэл төрнө. Ирэх сонгуульд нэр дэвшиж, МАН-ын нүүр царай болох шинэ залуу боловсон хүчнээ үлдсэн зургаан сарын хугацаанд сайдын албан тушаалаар дамжуулан олонд таниулах бодлогыг Ардын нам барьж байгаа юм байна.

Харин хоёр дахиа лавлаад харвал энд ирэх сонгуульд нэр дэвших шансгүй болж, тойроггүй хоцорсон зарим нөхдийг “дэвшүүлэн зайлуулах” буюу улс төрөөс үдэх ажиллагаа давхар явж байна. С.Баярцогтын эсрэг Д.Хаянхярваа, Х.Баттулгын эсрэг Ц.Дашдорж гээд жингийн туухай дээр тавиад хар даа. Сайдын хувьд С.Баярцогт, Х.Баттулгын зиндаанд хүрэх нь үгүй юм гэхэд нөгөө хоёроос нь арай дөнгүүр хийчих хүн тус намд захаас аван байгаа. Харамсалтай нь зургаахан сар л даа. Тиймээс парламентад хамгийн олон суудалтай, улс төрийн нам ирээдүйн кадруудаа өсгөж бойжуулах, бас хэрэг нь дууссан нэгнээ үдэн гаргах ёслолыг нэгэн зэрэг хийж байна. Тиймээс бусдад хамаагүй, бүү саад бол.

Б.СЭМҮҮН    
            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж