“Монгол Улс богино хугацаанд үр дүнд хүрлээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Монгол Улс богино хугацаанд үр дүнд хүрлээ”

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Нидерландын Засгийн газартай хамтран “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2007 оноос гурван жилийн хугацаанд хэрэгжүүлээд дуусч байна. Энэ нь ойн санг хамгаалах оновчтой менежментийг бий болгоход чиглэсэн төсөл юм. Дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлж, үр дүнтэй болох нь нотлогдсон “Хамтын оролцоотой ойн менежмент” Монголд үр өгөөжөө өгсөн эсэх талаар төслийн техникийн ахлах зөвлөх Доминик Рийбтэй ярилцлаа. Төслийн хүрээнд ойн сан бүхий нутгийн иргэд нөхөрлөл болон зохион байгуулалтад орж, ойг ашиглахын зэрэгцээ хамгаалах үүрэг хүлээн ажиллажээ. Цаашид ийм нөхөрлөлүүдэд түшиглэн ойг хамгаалж болно гэсэн итгэлтэй байгаагаа тэрбээр бидэнд ярилаа.

-Та энэхүү төсөл дээр эхнээс нь ажилласан уу. Үр дүнд сэтгэл хангалуун байна уу?

-Би гурван жилийн өмнөөс уг төсөл дээр ажиллаж эхэлсэн. Төслийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Төсөл эхэлж байх үед хүмүүсийн хандлага их өөр байсан. Одоо төслийн үр дүнд хандлага өөрчлөгдсөн. Хамтын оролцоотой ойн менежмент төсөл хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн юм. Өнгөрсөн хугацаанд хийж байсан зүйлтэй харьцуулахад төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн зүйл их өөр. Удирдах төвшинд явуулж байсан ойн менежментийн бодлогыг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бодлоготой харьцуулахад өөр үр дүн харагдана. Хамтын оролцооны ойн менежмент төслийг нэвтрүүлсэн бусад улс орнуудад төслийн үр дүн 5-10 жилийн дараа харагдаж эхэлдэг бол Монголд гурван жилийн хугацаа хангалттай байлаа. Саяхан гаднаас төслийн үнэлгээний баг ирж ажиллаад бидний ажлыг дүгнэсэн.

-Монголд ийм богино хугацаанд төсөл үр дүнгээ өгсний шалтгаан юу вэ?

-Энэ амжилтыг тайлбарлахын тулд Монгол бусад улс орнуудаас ямар ялгаатай байсныг хэлэх хэрэгтэй болно. Шалтгаан нь өөр гэсэн үг юм. Төслийн оролцогч талууд болох иргэд малчид, орон нутгийн удирдлага сум, багийн дарга нар шинэ менежментийн талаар сайн ойлголттой байсан. Хөдөөний малчдын ихэнх нь боловсролтой хүмүүс байсан учир шинэ зүйлийг амархан ойлгож, хүлээж авсан.  Яамнаас доод төвшин хүртэл буюу дээрээс доошоо чиглэсэн тогтолцоо цомхон байсан нь ч ойлголцолд сайнаар нөлөөлсөн. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар Монголын Засгийн газар хоорондын ойлголцол, харилцан итгэлцэл цааш цаашдын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн.

-Төсөл хэрэгжүүлсэн орон нутагт байдал ямар байсан бэ. Ой мод бүхий нутгийн иргэд ойг амьжиргааны эх үүсвэр болгож хардаг, тийм зорилгоор зүй бус харьцдаг шүү дээ.

-Төсөл анх эхэлж байх үед ойн нөхцөл байдал доройтсон, хууль бус мод бэлтгэл газар авсан байсан л даа. Үүнээс болоод ойн сан хорогдолд орсон дүр зураг биднийг угтсан. Ой модтой ойролцоо, түүнийгээ түшиж амьдардаг нутгийн иргэд үүнийг маш сайн мэдэрсэн, хууль бус үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг хүсэл эрмэлзэлтэй байсан.

-Энэ хүсэл эрмэлзэл нь төсөл амжилтад хүрэхэд эергээр нөлөөлсөн гэсэн үг үү?

-Нутгийн иргэд өөрсдөө юу болохгүй байгааг мэдэж байсан. Ой мод нь доройтож, сүйдэж байгааг мэдсэн ч тэрхүү хууль бус үйлдэлд өөрсдөө заримдаа оролцдог байсан. Тэр хүмүүсийн хэрэгцээ, шаардлага дээр төсөл суурилж өгсөн учраас амжилттай болсон гэж хэлж болно.

-Хүмүүсийн хууль бус мод бэлтгэл, модны хулгайг таслан зогсоох биш харин ч үүнийг нь эрх зүйн хүрээнд зөвшөөрч, үүнийхээ хариуд ойгоо хамгаал гэдэг үүргийг давхар өгсөн гэсэн үг үү?

-Төслийн зүгээс Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэхийг зорьсон зүйл нь иргэдэд ойн нөөцөө ашиглах эрхийг нь хамгаалах эрхтэй нь хамт өгөх явдал. Одоогийн байдлаар нутгийн иргэдийн ойн нөхөрлөлүүд хууль бус мод бэлтгэлийг бүрэн зогсоосон.

-Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдсэн үү?

-Хууль эрх зүйн орчинд бий болсон хамгийн чухал өөрчлөлт гэвэл 2007 онд шинэчлэгдэн батлагдсан Ойн тухай хууль юм. Нутгийн иргэд малчид буюу ойн нөхөрлөлүүд тухайн ойн сангаа 60 хүртэл жилийн хугацаатайгаар өөрсдөө ашиглах эрхийг уг хуулиар бий болгосон. Үүний дагуу хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг гаргаж мөрдүүлсэн. Ойн нөхөрлөлүүд ямар эрх, үүрэгтэй байхыг тодотгож өгсөн юм.

-Ойн нөхөрлөлүүд ямар эрх, үүрэгтэй байх юм бэ?

– Эрх зүйн өөрчлөлтийн гол үзэл баримтлал нь ойн нөхөрлөлүүд ойн сан бүхий газартаа хяналт тавих эрхтэй байхад чиглэж буй юм. Мөн ойн бүтээгдэхүүн болох самар жимс, түлээний мод зэргийг эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогын эх үүсвэр болгох эрхтэй байх юм. Харин нөхөрлөлийн үүрэг нь мэдээж ойгоо хамгаалах. Ойн менежментийн төлөвлөгөө гаргаж, үүнийхээ дагуу хүний хууль бус ажиллагаа, зүй зохисгүй харьцаа, гал түймэр зэргээс хамгаалах, сэргийлэх үүргийг хүлээж ажиллах ёстой.

-Төсөл чухам хаана, хаана хэрэгжсэн бэ. Одоо хэчнээн газарт ойн нөхөрлөл ажиллаж байгаа вэ?

-Төслийн хүрээнд нийт 16 ойн нөхөрлөл байгуулагдан ажиллаж байна. Таван аймгийн газар нутагт, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл зэрэг аймагт эдгээр нөхөрлөлүүдийг байгуулсан. Сэлэнгэ аймагт гэхэд Сант, Цагааннуур сумдад тус тус нэг нөхөрлөл ажиллаж байна.

-Олон улсын хэмжээнд ийм төслүүдийг хэрэгжүүлсэн туршлага бий юү. Бусад улс орнуудын туршлагатай харьцуулбал Монголд ямар онцлог ажиглагдсан бэ?

-Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогтой. Гэхдээ ганц зүйл ажиглагддаг. Тэр нь юу гэхээр ойн сангаа төр өөрийн мэдэлдээ авсан улс орнуудад дараа дараагийн шатанд маш олон бэрхшээлтэй асуудлууд тулгардаг. Харин хамгийн үр дүнтэй арга нь ойг эзэмших, ашиглах ажилд өөр өөр талуудыг оролцуулах явдал. Өөрөөр хэлбэл, ойг ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа хүмүүс ойг хамгаалахад гол үүрэгтэй оролцох ёстой юм байна гэдгийг олон улс орны туршлага харуулдаг. Хойд Америк, Европт хэрэгжсэн туршлагыг харахад тэдгээрт ойг хамгаалах олон жижиг нөхөрлөлүүд ажилладаг. Ялангуяа төв Америк, Афррикт ойн нөхөрлөл бүлгүүд олноороо ажилладаг. Азид гэхэд нэг тод жишээ нь Балба. Балбад тосгоны иргэд ойгоо нөхөрлөл хэлбэрээр эзэмшиж, бас хамгаалж байдаг. Эдгээр жишээ нь юуг тод харуулж байна гэхээр нутгийн иргэдэд эзэмших эрхийг нь өгчихөөр хууль бус хандлага эрс багасдаг. Монголд хэрэгжүүлж буй төсөл ч энэ хандлагыг бий болгохыг зорьсон.

-Төсөлд хамрагдаагүй орон нутгаас ойн нөхөрлөл байгуулья, төсөлд хамрагдая гэдэг санал ирж байсан уу?

-Төсөл анх хэрэгжихдээ Монголын хөрсөнд дээрх менежмент хэр тохиромжтой байхыг турших зорилго тавьсан. Төслийн туршилтын дараа дахиад ийм нөхөрлөлүүдийг байгуулах боломжтой эсэх, үр дүнтэй эсэхийг тогтоох нь чухал байсан. Энэ ойн менежмент хэрэгжих боломжтой, үр ашигтай гэдэг нь тогтоогдлоо. Тэгэхээр уг менежментийг цаашид үргэлжлүүлж, үр дүнг нь тогтвортой хадгалах бодлогыг Монголын Засгийн газар хэрэгжүүлэх ёстой байх. Үүний тулд мэргэжилтэн бэлтгэх, чадавхиа сайжруулах, ингэхдээ олон улсын санхүүгийн байгууллагаас туслалцаа авах зэрэг асуудлыг ч шийдвэрлэх учиртай биз ээ. 

-Өнөөдрийн хүрсэн үр дүнг хадгалах, бодлогыг үргэлжлүүлэх нь Засгийн газрын хариуцах ажил үүрэг гэж та хэллээ. Үүнд гол бэрхшээл нь юу байх бол?

-Ойн менежмент бодлогыг хэрэгжүүлж байгаа гол агентлаг Ойн газрын чадавхийг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх нь тун чухал. Өнөөдөр бэлтгэгдсэн мэргэжилтэн цөөхөн, Монголын газар нутаг том. Яг энэ аргачлалыг хэрэгжүүлэхэд хүний нөөц, мэргэжилтэн их чухал хэрэгтэй юм. Мөн санхүүгийн хувьд асуудал үүсч болно. Гэхдээ энэ нь шийдэгдэх боломжтой. Бид юуг зорьж байгаа вэ гэхээр энэхүү менежментийг хэрэгжүүлэхэд зөвхөн Засгийн газар биш бусад олон нийт, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, аргачлалыг тэдэнд зааж сургах явдал юм.

-Монгол газар нутаг том, хүн ам цөөн учраас хүний хөл хүрээгүй ой мод ихтэй. Тийм газар нутагт ямар менежмент хэрэгжүүлж, онй санг хамгаалдаг юм бол?

-Монгол Улс хэдий хүн ам цөөтэй боловч ямар ч зэлүүд нутагт хүн амьдарч л байдаг. Мэдээж хүний зүй бус үйл ажиллагаанд хамгийн их өртөж байгаа ойн сан хүн ам суурьшсан бүсэд л байдаг. Тэгэхээр ийм газарт л ойн нөхөрлөлүүд байгуулж, ойг хамгаалах асуудлыг илүүтэй ярих хэрэгтэй болно. Гэхдээ алс хязгаар нутаг, хүн ам суурьшаагүй бүсэд байх ой мод ч нэлээдгүй сүйдсэн. Үүнийг яаж хамгаалах талаар бас ярих хэрэгтэй. Хүн ам суурьшсан бүсэд ойн нөхөрлөлүүд ажиллаж байгаа бол хязгаар нутгийн ойн санг хамгаалах ажлыг олон нийтийн байгууллагыг түшиглэн хийх нь үр дүнтэй арга.

-Монголын ойн сан бүхэлдээ ямархуу байдалд байгаа бол? Зарим хүмүүс ой мод сүйдлээ гэж халагладаг. Энэ ортой юу?

-Өнөөдөр харахад Монголын ойн нөхцөл байдал тийм ч аюултай хэмжээнд хүрчихээгүй. Нийт ойн сангийн хэмжээгээр аваад харахад цөөхөн хэдэн газарт л ой мод нь сүйдэж, хорогдсон дүр төрхтэй байна. Ихэнх нөөц нь байгалийн дүр төрхөөрөө хадгалагдаж байна гэж хэлж болно. Үүнд хамгийн гол хөнөөл нь ойн түймэр, хортон шавьж, хөгширсөн ой. Гэхдээ сайн менежментийн үр дүнд үүнийг шийдвэрлэж болно.

-Төсөлд хамрагдсан иргэн, айл өрхүүдэд цалин, мөнгө өгч байсан уу. Эсвэл зөвхөн ойн санг ашиглах замаар орлого олох бололцоог л өгсөн үү?

-Тэдэнд бэлэн мөнгө өгч байгаагүй. Тийм материаллаг зүйл, цалин мөнгөөр урамшуулах нь тогтворгүй зүйл. Хүмүүсийн ойлгох ёстой гол зүйл нь өөрсдийн үйл ажиллагаанаасаа л мөнгө олох ёстой юм байна гэдэг ухамсар. Ашиг олж буй ойн нөөцөө өөрсдөө хяналтдаа авах ёстой гэдгээ ойлгох ёстой. Амьдарч буй орчноо хяналтдаа, мэдэлдээ авна гэдэг хамгийн том эрх шүү дээ. Урт хугацаанд ажиллахад ямар нэг санхүүгийн эх үүсвэр байхгүй бол болохгүй л дээ. Тэгэхээр ойгоос санхүүгийн эх үүсвэрээ олдог байх бололцоо энд их чухал. Иймд бид нөхөрлөлүүдийг түлээний мод бэлтгэж зарах бололцоогоор хангахад анхаарч ажилласан. Яаж зах зээлийн үйл ажиллагаа явуулах вэ гэдэг сургалтад хамруулсан. Түлээний мод бэлтгэх зардал, ашгаа яаж тооцоолох вэ гэдэгт сургасан. Одоо бол тодорхой хэмжээний туршлагатай болсон.

-Тэд ашгийн үйл ажиллагаа явуулаад ирэхээр нөхөрлөл гэхээс илүү аж ахуйн нэгж, компанийн шинжтэй болж байгаа юм биш үү?

-Нөхөрлөлүүдэд борлуулалт хийх эрх, данс, тамга тэмдэг олгосон. Тэгэхээр нэг талаас аж ахуйн нэгжийн шинжтэй гэж болно.

-Ойн нөхөрлөлүүд тухайн ойн санг эзэмшиж байгаагийн хувьд бусдад ашиглуулахдаа ямар журам мөрдөх вэ. Тэдэнд зөвшөөрөл олгох эрх мэдэлтэй байх юм уу?

-Сум, орон нутгийн удирдлагууд түлээний мод бэлтгэх, ашиглах зөвшөөрлийг бусдад олгохдоо тухайн нөхөрлөлөөс заавал асууж байж шийдвэр гаргах ёстой. Тухайн нөхөрлөл зөвшөөрсөн тохиолдолд л орон нутгийн удирдлага шийдвэр гаргах ёстой. Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга гэхэд тухайн ойн сангаас бэлтгэх мод, түлшний хэмжээг нөхөрлөлд танилцуулж, саналыг нь авах жишээтэй. Нөхөрлөл үүнийг нь бэлтгэх хүний нөөц, боломжгүй гэж үзвэл өөр этгээдэд зөвшөөрөл олгож болно.

-Төслийн үр дүнг танилцуулах гэж байгаа энэ үед та хувийн зүгээс юу хэлэх вэ. Монголын төр засгийн удирдлагуудад хандаж хэлэх үг, санал юу байх вэ?

-Монголын төр ойн шинэ бодлого боловсруулж байна. Энэ төсөл ойн салбарт гол бодлогын үндэс болох ёстой. Энэ бодлогод дараагийн 15-20 жилд ойн салбар ямар байхыг тодорхойлсон заалтууд тусгагдах учиртай. Бодлогын төвшин хамтын оролцооны менежментийг хүлээн зөвшөөрч, цаашид хэрэгжүүлэх бодлогодоо үүнийг тусгана гэж найдаж байна. Нөхөрлөлүүдэд нэмэлт эрхүүдийг өгөх хэрэгтэй. Одоо бол нөхөрлөлүүд үхсэн, хөгширсөн модыг ашиглах эрхтэй байгаа. Цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх эрхийг өгөх нь зүйтэй юм.

Мөн хамтын оролцоотой ойн менежментийг дэмжихийн тулд хүмүүсээ сургах, мэргэжилтэн бэлтгэх чухал байна. Одоогийн байдлаар Засгийн газар мод тарихад их хөрөнгө урсгаж байгаа. Тэдгээрээс тун цөөхөн нь л ургаж үлддэг. Түүнчлэн хортон шавьжтай тэмцэхэд их хөрөнгө цацдаг. Үр дүн нь тийм ч хангалттай биш. Харин хүнээ сургах, мэргэжилтэн бэлтгэхэд бага анхаарч байгааг зориуд анхааруулмаар байна.  

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж