Инфляцийн инерцийг хязгаарлахын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Бодлогын хүү өнөөдрийн байдлаар 12,25 хувьтай байгаа бөгөөд төв банкнаас авсан арга хэмжээний дараа арилжааны банкууд мөн л зээлийн хүүгээ өсгөж, зээлээ хумих бодлогыг барих болсон ч олгосон зээлийнх нь хэмжээ өнгөрсөн оныхоос давжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны аравугаар сарын эцэст 71 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 10.5 тэрбум төгрөг буюу 17.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 7.6 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 347.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 9.8 тэрбум төрөг буюу 2.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 54.8 тэрбум төг буюу 13.6 хувиар буурсан байна.
Монгол Улсын төсөв ашигт малтмалын экспортын орлого ихэссэнтэй холбоотойгоор анх удаа ашигтай гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргээд байгаа ч иргэдийн амьдралын төвшин доройтож буй гадаадын шинжээчид тодорхой тоон судалгаагаа нотолдог. Гэтэл Үндэсний статистикийн хорооныхон болохоор өөр зүйл ярина лээ. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эергээр нөлөөлсөн гэнэ. Эх орны хишиг ч иргэдийн амьдралд их л тус болж байгаа гэнэ лээ. Эрхэм статистикчдын хэлснээр бол шүү дээ. Даанч эмзэг бүлгийн төчнөөн өрхийн амьдрал ингэж өөрчлөгдсөн гэх тоймтой тодорхой мэдээлэл хэлж чадахгүй байсан.
Улсын төсвийн орлого зарлагын талаар Үндэсний статистикийн газраас гаргасан тайланг илүү дутуу үггүйгээр мэдээлье. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2011 оны эхний арван сард 3474.3 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3284.6 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 189.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Улсын нэгдсэн төсөв өмнөх оны мөн үед 47.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл энэ оны эхний арван сард ашигтай гарахад өмнөх оны мөн үеийнхээс орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 5.3 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.Төсвийн урсгал орлого 3394.3 тэрбум төгрөг, урсгал зардал 2484.8 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 909.5 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 964.7 тэрбум төгрөг буюу 46.7 хувиар нэмэгдэхэд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 494.6 тэрбум төгрөг, бусад татварын орлого 303.9 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 128 тэрбум төгрөг, гадаад худалдааны татварын орлого 126.4 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 120.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Цаашлаад сонирхвол, татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 120.7 тэрбум төгрөг буюу 49.9 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 63.5 тэрбум төгрөг буюу 62.4 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 28.4 тэрбум төрөг буюу 3.4 дахин, хүү, торгуулийн орлого 14.3 тэрбум төгрөг буюу 66.6 хувь, газрын тосны орлого 10.7 тэрбум төгрөг буюу 28.5 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2011 оны эхний арван сард 3284.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 983.4 тэрбум төгрөг буюу 42.7 хувиар нэмэгдсэн нь зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал долоон тэрбум төгрөг буюу 18.2 хувиар буурч, татаас, шилжүүлгийн зардал 556.7 тэрбум төгрөг буюу 70.3 хувь, бараа, үйлчилгээний зардал 233.3 тэрбум төгрөг буюу 26.8 хувь, хөрөнгийн зардал 169.8 тэрбум төгрөг буюу 44.4 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 30.6 тэрбум төг буюу 14.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын орлого, улсын төсөв нь сая сая ам.доллар, тэрбум тэрбум төгрөгийн өсөлттэй байгаа ч ирэх жил эдийн засаг хямрах уу, инфляцийн өсөлт хэдэд хүрэх вэ гэдэг статистикчид хариу өгч чадахгүй байсан. Энэ нь тэдний эрх үүргийн дагуу хийдэг ажил биш гэнэ лээ. Тэд өнгөрснийг өнөөдөртөө л харьцуулж гаргах үүрэгтэй болохоос ирээдүйг харж, эдийн засгийн хөгжлийн төлвийг тодорхойлох үүрэггүй гэсэн шүү.
Монгол Улсын гадаад худалдаа түүхэнд байгаагүйгээр их алдагдал амсаад байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн 17.9 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Гэтэл нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4331.2 сая ам.доллараар, үүнээс импортын хэмжээ 2818.4 сая ам.доллараар буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 1512.7 сая ам.доллараар өсчихөөд байхад шүү дээ. Энэ нь Монголын эдийн засаг импортын бараа бүтээгдэхүүн дээр л тогтож байна гэсэн үг. Шулуухан хэлэхэд, гадаадынхны халаасанд Монголын эдийн засаг шургачихжээ гэж ойлгож болно, статистикчдын гаргасан мэдээллээс дүгнэхэд ийм л бодол төрнө лээ. Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эергээр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрсөн. Харин иргэд эдийн засгийн өсөлт хэнд хаана наалдаад байгааг хэлж чадахгүй байна. Учир нь өрхийн зарлага орлогоосоо илүү гарсныг Үндэсний статистикийн хорооныхон өөрсдөө ч хүлээн зөвшөөрнө лээ.