АН Засгаас гарах шийдвэр үнийн өсөлтөд нөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

АН Засгаас гарах шийдвэр үнийн өсөлтөд нөлөөлсөн үү?

Сүүлийн өдрүүдийн гол сэдэв болоод буй бензин, шатахуун, үнийн өсөлтөд Ардчилсан намыг буруутгаж, тус намыг “хамтарсан засгаас гарахдаа үнийг өсгөчихөөд гарсан” хэмээх тайлбарыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа. Иймд энэ талаар улстөрчдөөс байр суурийг тодрууллаа.

АН-ын дарга Н.Алтанхуяг: Хөөрхөн улс төр хийх мэх нь юм уу даа

Яамны нэг дэд сайд дур мэдээд үнийг нэмдэггүй. Б.Ариунсан бай­тугай салбарын сайд Д.Зоригт ч шатахууны үнэ нэмэх эрхгүй. Үүнийг хэн ч мэдэж байгаа шүү дээ. АН зас­гаас гарлаа гээд хөөрхөн улс төр хийх мэх нь юм уу даа.

Ц.Даваасүрэн: Цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь сонирхолтой л юм

-Цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь сонирхолтой зүйл. Амлаж, ярьснаа хэрэгжүүлж чадахгүй буцаж байгааг  нь  нийгэм  шүүмжлээд ирэхээр  иргэдийн  анхаарлыг  өөр зүйл рүү хандуулах гэж шатахууны үнэ өсгөчихлөө гэж АН -ыг хардаж байна  шүү  дээ.  Энэ АН-аас томилогдсон Эрдэс баялаг, эрчим хүчний   дэд   сайд   Б.Ариунсангийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой байх л даа. Шатахууны үнийн өсөлтийг зуун хувь валютын ханшны өсөлттэй  холбож үзэх үндэслэл муу л юм билээ. Өмнө ам.доллар, төгрөгийн ханш 1470 хүрч, гадаад зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн төвшинд байхад түлшний үнэ өсөөгүй байдаг юм.

Р.Амаржаргал: Үүн дээр  Ардчилсан нам хамаагүй

-Энэ нь МАН-ын ганц чаддаг юм. Хэн нэгэн буруутанг олж тэр хүн дээр бүх зүйлийг наадаг. Энэ бол гайхамшигтай шинэ зүйл биш. Үүн дээр Ардчилсан нам хамаагүй. Харин аз таарч манай намын даргын мэдэгдэл урд өдөр нь гарсан.

С.Эрдэнэ: Улс төрийн аль нэг хүчин мэдэгдэл хийснээс болж валютын ханш чангарч, бензин, шатахууны үнэ өснө гэж байхгүй

-Ам.долларын ханшийг хэн зориуд зохиомлоор хөөрөгдсөн бэ гэдэг бас л их сонин асуулт. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад энэ асуудлыг шалгаж байгаа. Би тэр ажлын хэсэгт багтсан. Өнгөрсөн пүрэв гарагт бид хуралдаж, Монголбанк, Газрын тосны газар болон холбогдох агентлагуудад үүрэг өгч, энэ чиглэлээр судалгаа, тайлбар яаралтай гаргаж ирүүлэхийг шаардсан.

Түүнээс биш улс төрийн аль нэг хүчин мэдэгдэл хийснээс болж валютын ханш чангарч, бензин, шатахууны үнэ өснө гэж байхгүй. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Монголбанк байна. Үнийн өсөлттэй холбоотой аливаа асуудлыг хариуцдаг Засгийн газар нь ч байна. Ийм үед байж болохгүй зүйл. Уг нь Монголбанкны хувьд иймэрхүү үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой байсан.

Түүнээс гадна ам.долларын ханш чангарсныг далимдуулж яагаад бензин, шатахууны үнийг хөөргөсөн бэ гэдэг их сонин. Би бол үүнийг зориуд хийсэн ажил гэж ойлгож байна. Хэдэн жилийн өмнө нэг ам.доллар 1450 төгрөгтэй тэнцэж байв. Тэр үед бензин, шатахууны үнэ литр тутам нь 1100 орчим төгрөг байсан шүү дээ. Тэгэхэд иргэдэд тийм үнээр худалдаж болоод байсан хэрнээ өнөөдөр яг адилхан зүйл давтагдаж байхад үнийг нь 300 төгрөгөөр яагаад нэмж байгаа юм бэ. Олон улсын зах зээл дээр нефтийн үнэд дорвитой өөрчлөлт гараагүй байгаа үед иймэрхүү гэнэтийн алхам хийх үндэслэл байхгүй. Энэ бол шатахуун импортлогчид хэтэрхий даварч байгаагийн илрэл.

Д.Хаянхярваа: Улс төрийн зорилго үүний ард нь байгааг үгүйсгэхгүй

-Засгийн газраас гарсны дуу­лианыг саармагжуулах улс төрийн зорилго үүний ард байгааг үгүйс­гэхгүй. Энэ асуудлаар бүлэг дээр мэдээлэл сонсоод Ажлын хэсэг томил­сон. Эрчим хүчний дэд сайд Үнийн комиссыг ахалдаг. Энэ комис­сын хурал дээр дэд сайд Б.Ариунсан “Шатахууны үнийг тэдээс тэдийн хооронд нэмэх боломжтой. Би удахгүй ажлаа өгнө, намайг байгаа дээр үнээ нэмээд ав” гэж хэлээд гарсан тухай бүлгийн хурал дээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан ярьсан. Дээрээс нь Д.Амарсайхан дарга өөрөө тэр хуралд суугаагүй, “Манай орлогч байсан” гэж хэлсэн. Салбар хариуцсан сайддаа ч хэлэлгүй ийм шийдвэр гаргасан нь Д.Амарсайхан, Б.Ариунсан нар үнэхээр хариуцлагагүй байгааг харуулсан.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж