Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Мэдрэмжгүй сонголт

Хамтарсан Засгийн газраас АН гарсны дараа суларсан зургаан сайдын суудалд МАН-аас нэр дэвшигчдийн нэр үндсэндээ тодорлоо. Зургаан сайдын гурвыг УИХ дотроос, гурвыг парламентаас гадуур тодруулна гэсний дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар эхний гурван кандидатын нэрийг тодорхой болгосон юм. Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхирваа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нарын нэрийг дэвшүүлэхээр болж, Батлан хамгаалахын сайдад эрхэм гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нар ижилхэн 21:21 саналаар тэнцээд байв.

Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар энэ хайныг хагалж, Ж.Энхбаяр гишүүнийг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлжээ. Удирдах зөвлөлийн хурлаар мөн парламентын гаднаас томилох гурван сайдын асуудлыг ярилцсан байна. Түүгээр Засгийн газрын Тэргүүн шадар сайдад МАН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Ерөнхий сайдын зөвлөх Д.Цогтбаатар нарыг дэвшүүлжээ.

Сайдад нэр дэвшигчдийг ерөнхийдөө мэргэжил түшүүлж дэвшүүлсэн бололтой юм. Гэхдээ эхний нэр дэвшигчдийг тодормогц л бяд муутайхан багаар засгийг сэлбэх нь ээ гэсэн уур амьсгал мэдрэгдэж эхлэв. Сайтын мэдээнд орсон сэтгэгдлүүдээс нийгмийн ерөнхий уур амьсгал анзаарагддаг даа.

Монгол Улсын санг атгах магадлал бүхий Д.Хаянхирваа гишүүн уг нь эдийн засагч мэргэжилтэй. Дархан-Уул аймгийн Засаг дарга байхаасаа Хонгор сумыг хоронд живснийг тас баллуурдсаар УИХ-ын гишүүн болсон гэгддэг. Одоо УИХ-ын Төсвийн байнгын хороог тэргүүлж буй ч  сулхан дарга гэдэг нь анзаарагддаг. Үгүй ядахдаа л төсвийн сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ өөрөө ярих бус ажлын хэсгийн ахлагчид руугаа заачихаад гар эвхээд сууж байгаа харагддаг эрхэм.

Ц.Дашдорж гишүүн тухайн салбартаа дээгүүр алба хашиж байсан. Харин эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн гурван жилд чуулганы хуралдаанд цөөн суусан. Ийм байтал яам толгойлох вэ гэдэг эргэлзээтэй л харагдаж байгаа юм.

Ж.Энхбаяр гишүүний хувьд Батлан хамгаалахын сайд агсан Ш.Жадамба генералын хүү гэдгээрээ олны танил. Сайд аавын шийрийг хэр хатаахыг үлдсэн зургаан сард харах үлдлээ. Дээрх хоёрыг бодвол нас залуу, эрч хүчтэй, том улс төрд амархан хөлөө олсон гишүүн. Гэхдээ өнгөрсөн оны сүүлээр өөрийн сонгогдсон Говь-Алтай аймагт сайдад нэр дэвшигч Ц.Дашдорж гишүүний хамт очиж, 200 гаруй хээрийн боохойг хомроголон устгаж, аймгийн төв талбайд эгнүүлэн “жагсааж”, М.Каддафийн цогцсоор Ливийн босогчид наадсан шиг юм болгон, олны дургүйг хүргэж, “Чонын анчин Раш” хоч хүртээд буй.

Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг дэвшүүлээд байна. Батлан хамгаалахын, Онцгой байдлын гээд хэд хэдэн яамыг толгойлж байсан түүнийг “универсаль” талаас нь бодож зүтгүүлэв бололтой. Батлан хамгаалахын сайд байхдаа иргэний хөдөлгөөнийхөнд шатаалгасан МАХН-ын тугаар толгойгоо ороон байлдааны задгай машинаар Сүхийн талбайг тойрсон гээд багагүй дуулиан тарьж явсан талтай.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Хүрэлбаатарыг сум дундын эмнэлгийн эмчээс ажлын гараагаа эхэлж дэвшсээр өнөөгийн төвшинд хүрсэн хүн гэдэг юм билээ. Өөрөөр нэмэх зүйл намтарт нь бараг байхгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Ерөнхий сайдын зөвлөх Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болсон. Сая нэгдүгээр сарын 1-нд төрийн ажлаа өгч Ерөнхий сайдын зөвлөх болсон юм. Түүнээс харвал УИХ-д нэр дэвших гэж байсан бололтой. Түүний хувьд сайн дипломатчийн нэг хэмээн гадаад харилцааны салбарынхан үнэлдэг юм билээ. Дипломатч мэргэжлээрээ аялагч, жуулчдыг нэлээд татаж мэдэх ч сайдын суудалд суух хугацаа дэндүү ахархан. Жуулчдын улирал эхлэхэс өмнө Засаг солигдох тул тэгсхийгээд хааны албаны халаа залгах магадлалтай.

Юутай ч зургаан сайдад нэр дэвшигч ийнхүү тодроод байна. Тэднийг сайдын суудалд залах эсэхийг Байнгын хороод, чуулганы хуралдаанаар шийднэ. АН-ын шижгэр сайд нарын дэргэд “хөдөө” маягийн, алгуур удаандуу баг орж ирэх нь ээ гэсэн байдал бас харагдаж байна.

Гэхдээ МАН энэ удаа жаахан “жендэргүй” загнав. Уг нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дэвшүүлэх сураг нэлээд хүчтэй дуулдаж байсан ч гаднаас томилох сайдын тоонд уг суудлыг оруулан, эмэгтэй сайд нэг төрөх магадлалыг унагалаа. Уг нь нийгмийн хүлээлт, уг салбарын онцлогийг харвал эмэгтэй хүн илүү зохих салбар энэ байсныг МАН-ын дарга нар тоосонгүй. Хэрэв дээрх зургаан хүн сайдаар томилогдвол МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын сонгууль удахгүй явуулах төлөвтэй боллоо.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж