Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатар гишүүнд “ухамсрын шанаа” өгөв

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатар гишүүнд “ухамсрын шанаа” өгөв

Ц.Нямдорж сайд Ж.Сүхбаатар гишүүнд “ухамсрын шанаа” өгөв
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр намынхаа залуучуудын нэг Ж.Сүхбаатар гишүүд “ухамсрын шанаа” өгчээ.

Учрыг ухвал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар өнөөдөр үдээс өмнө Төрийн ордны Е танхимд бөөрөө нийлүүлж сууж байгаад нэгэн мэдэгдлийг хийсэн юм. Тэд УИХ дотор Авлигын эсрэг бүлэг байгуулснаа зарлаж, авлигын эсрэг асуудлаар парламентын түвшинд дуу хоолойгоо нэгтгэж, өөрсдөө ч ёсзүйн хувьд үлгэрлэж ажиллахаа мэдэгдсэн. Үүний тулд тэд хамгийн түрүүнд Авлигатай тэмцэх газар дээр дарагдаад өнгөрдөг төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгэд хийсэн дүн шинжилгээ, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийхээр зарласан. Үүнийгээ цаашид тогтмолжуулж, жил бүрийн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын нэг болгох юм гэсэн. Эхний сонсголоор гурван чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон буруу мэдүүлсэн албан тушаалтнуудаас тайлбар авах юм билээ.

Хачирхалтай нь энэ асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсний дараа МАХН-ын бүлгийн дарга асан, Хууль зүй дотоод хэргийн сайдтан Ж.Сүхбаатар гишүүнийг өрөөндөө дуудаж аваачаад дээр өгүүлсэн “ухамсрын шанаа” гээчийг үзүүлжээ. Ц.Нямдорж сайд түүнийг “Чи юу гэж Х.Тэмүүжингийн бие хамгаалагч хийгээд яваа юм. Чам шиг юм хүний эрх ярьж, Хууль зүйн сайдыг хянадаггүй юм” гэх мэтчилэн зандарчээ. Бодвол цаадах нь цус нь халуун залуу хүн өөдөөс нь үг сөргөсөн юм байгаа биз, сайдтан эцэстээ биеэ барьж дийлэхээ болиод Ж.Сүхбаатар гишүүнийг заамдаж аваад зангиагаар нь боосон гэнэ. Үүний нэг баталгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хийсэн энэ “халуухан” уулзалтын дараа хүзүү нь улаан эрээн болчихсон Ж.Сүхбаатар гишүүн гишүүний тэмдэг ч үгүй Ц.Нямдорж гишүүний өрөөнөөс гарч явсан байна.

Өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний асуудлаар нээлттэй сонсгол хийхэд МАХН-аас Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар Х.Тэмүүжин гишүүнтэй хамтарч, нээлттэй сонсголыг зохион байгуулсан билээ. Одоо шинээр байгуулагдаад байгаа УИХ дахь Авлигын эсрэг бүлгийнхэн ч мөн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Ж.Сүхбаатар гишүүнийг тавьсан юм байна. Тиймээс МАХН-ын толгой хуульчдын нэг гэгддэг Хууль зүйн сайдтанд удахгүй болох сонсголоос болж ингэтлээ бачимдах ямар нэг ноцтой шалтгаан байгаа бололтой. Өөрийнхөө өмнөөс биш юмаа гэхэд найз нөхдийнхөө өмнөөс ч юм уу. Гэвч ямар ч шалтгаан байлаа гэсэн Ц.Нямдорж сайдын энэ түрэмгий авир түүний дараа үеийнхэн болох МАХН-ын залуу гишүүдэд төдийлөн таалагдаагүй тул энэ явдлаас болж багагүй үймээд авчээ.

Маргааш МАХН-ын дарга С.Батболд намынхаа бүлгийн гишүүдийг Их тэнгэр цогцолборт урьж үдийн хоол идэнгээ сүүлийн үед намынхаа дотоодод өрнөж буй зарим асуудлаар санал бодлоо солилцох юм гэсэн. Тэрхүү албан бус яриа хэлэлцээрт өнөөдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан авир харин ч нэг хачир нэмэв бололтой.

Б.СЭМҮҮН  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж