Төрийн удирдах албаны манлайллын жил болгов

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Төрийн удирдах албаны манлайллын жил болгов

Төрийн албаны зөвлөл нь 2012 оныг "Төрийн удирдах албан тушаалтны манлайллын жил" болгон зарлаж, улмаар "Төрийн удирдах албан тушаалтны манлайллын түвшинг үнэлэх удирдамж"-ийг боловсруулан баталсан байна. Удирдамжид тусгаснаар төрийн албан хаагчдыг Төрийн  албаны тухай хууль тогтоомж, стандартыг тууштай хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус зарчимд тулгуурласан төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд төрийн болон төсвийн байгууллагын ерөнхий менежерүүд, удирдах албан тушаалтны хүлээх үүрэг,  ёс зүйн хариуцлага, манлайллыг шаардагдах түвшинд хүргэж жигдрүүлэхэд гол зорилго оршжээ. Манлайллын түвшингийн үнэлгээнд улс төрийнхөөс бусад төрийн албаны бүх ангиллын удирдах албан тушаалтан хамрагдах аж. Өнгөрсөн оны байдлаар бүх шатны төрийн болон төсвийн байгууллагад 4000 орчим ерөнхий менежер, 18400 орчим нэгжийн дарга, менежер ажиллаж байжээ.

Удирдах ажилтны түвшинг тодорхойлохдоо өөрийгөө хөгжүүлэх, хамт олноо хөгжүүлэх, байгууллагаа хөгжүүлэх гэсэн гурван үзүүлэлтийг иш үндэс болгон Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл, байгууллагын ерөнхий менежерүүд дүгнэх гэнэ. Ингэхдээ төрийн албаны удирдах албан тушаалтанд өгсөн  үнэлгээ дүгнэлт нь тухайн удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах шууд үндэслэл болохгүй болохыг холбогдох албаныхан онцоллоо. Харин дээрх үнэлгээ дүгнэлтэд үндэслэн, удирдах албан тушаалтны манлайллыг бүх үзүүлэлтээр жигдрүүлэх, манлайллын түвшинг дээшлүүлэх, Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс хугацаатай үүрэг өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах ажлыг нэн тэргүүнд зохион байгуулахад гол зорилго чиглэж буй юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж