Халдварт өвчин ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Халдварт өвчин ихэсчээ

Өнгөрсөн оны статистик мэдээгээр Хэнтий аймагт бэлгийн замаар дамжих халдварт өвчний 427 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оныхоос өвчний гаралт 111-ээр нэмэгджээ. 2009 оноос харуулдан тандалтын судалгаа явуулсан, мөн аймгийн Засаг даргын захирамжаар бүх суманд бэлгийн замаар дамжих халдвар болон сүрьеэгийн үзлэгийг зохион байгуулснаар өвчний илрүүлэлт сайжирсан байна. Өнгөрсөн онд сумдад явуулын амбулатори ажиллуулснаар 8000 хүнийг үзлэгт хамруулж 1552 халдварт өвчин илрүүлжээ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин хөдөлгөөнт хүн ам ихтэй, уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн газруудад буюу Бор-Өндөр, Өмнөдэлгэр, Мөрөн, Цэнхэрмандал, Батширээт, Бэрх, Дадал зэрэг сум хотод их байна. Хэнтий аймагт гарсан халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдвар 32 хувь, вируст гепатит 30 хувь, сүрьеэ өвчин 11 хувийг эзэлж байгаа аж. Харин нийт өвчлөгсөдийн 39 хувийг ажилгүй иргэд , 21 хувийг малчид, 17 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлжээ. Хэнтий аймгийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл болон ХДХВ/ДОХ-оос сэргийлэх салбар зөвлөл, шийдвэр гаргагч нарыг чадавхжуулах мэдлэг сэргээх сургалт зохион байгуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хамтран ажиллах талаар олон ажил зохион байгуулжээ. Аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг идэвхтэй явуулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд сайн дурын зөвлөлгөө шинжилгээний төв, “Улаан тууз” эмнэлэг ажилласнаар үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо нэмэгджээ. Эрүүл мэндийн байгууллагууд энэ онд Боловсрол, Цагдаа, ХХААЖДҮГ зэрэг байгууллагуудтай хамтран нөхөн үржихүйн насны хүүхэд залууст хүрч ажиллах, эрчүүдэд зөвлөгөө өгөх эмч ажиллуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.  

И.Байгалмаа  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж