Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Blue Sky”-ын “Vegas”

Асуултын тэмдэг шиг “BLUE SKY”-ийн анхаарлын тэмдэг шиг “Vegas”

Нийслэлд шөнийн цэнгээний газар нэгээр нэмэгджээ. Энэ бол өнгөрсөн оны сүүлээр үүдээ нээсэн Сүхбаатарын талбайн чанх урд сүндэрлэх “Blue Sky” цамхаг доторх “Vegas” шөнийн клуб. Дээд зэрэглэлийн үйлчилгээтэй, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоногдлогдсон гэх энэ газар шинэ он гаруут нээлтээ хийсэн юм. 30 мянган төгрөгийн такстай гэж сонссон хотын шинэ клубтэй танилцахаар “Blue Sky” цамхагт үдшийг өнгөрүүллээ. “Vegas” диско бар “Blue Sky” барилгын 00 давхарт байрладаг ажээ. Хар өнгийн хүрэмтэй эмэгтэй уриалгахан гэгч нь тосч угтаад, тасалбар тасалж байна. Харин биерхүү залуус зүүн гарт фосфортдог тамга дарснаар дотогш нэвтрэх эрх олгов. Энэ нь Монголын томоохонд тооцогдох клубуудын жишиг л дээ. Нээрэн, такс нь 30 биш 20 мянган төгрөг юм байна лээ.  

Оройн 22.00 цаг. Нээлтээ хийгээд арваад хонож байгаа гэхэд энд нийслэлийн залуус бүрэн ирцтэйгээр цуглажээ. Тэдний дунд  европууд цөөнгүй харагдав. Бүх ширээ хүнтэй, сул суудал ч байхгүй байлаа. Баарны менежер бололтой  станц зүүсэн эмэгтэй нааш цааш гүйж, шинээр орж ирж байгаа хүмүүст суух газрыг нь зааж харагдав. Түүнээс нэг хүн суух ширээ байгаа эсэхийг  лавлахад “Нэг хүн суух ширээ байхгүй. Та бааранд сандал суларахыг хүлээхээс аргагүй” гэчихээд явж одов. Үйлчлэгч бүрийнхээ тав тухад дээд зэргээр анхаардаг гээд магтахаар газар биш бололтой. Нэгэнт ороод ирсэн юм хойно хэсэг хүлээж байгаад  “авьяасаараа” булангийн нэг сандал олж “тухаллаа”. Зөөгч ч “Меню” авчирч өгөв. Цэсийг нь харвал, халаас нимгэндүү бол ирэх газар биш байна. Архи 50-130 мянга, шар айраг 4500-6000, коктейль 9500-12000 мянган төгрөг гэхчлэн хөвөрнө.  Ингээд захиалгаа өгч, “Нэг шил шар айраг авъя” гэтэл бармен  залуу  “Манайх худалдаалж байгаа бүтээгдэхүүн бүрээсээ 10 хувийн НӨАТ авдаг. НӨАТ-ийн үнэ цэсэнд бичигдсэн үнэд ороогүй байдаг юм” гэлээ. Ямар “Үгүй” гэлтэй нь биш 10 хувийн НӨАТ-ыг нь нэмж төллөө. Цэсэнд гэхдээ энэ тайлбараа бичсэн байх ёстой баймаар.

Канад хамтлаг уригджээ

Оройн 22.30 цаг. Зөвхөн  “Vegas”  клубт дуулахаар уригдаж ирсэн гэх амьд хөгжмийн хамтлаг залуусыг доргиов. Тус хамтлагийг “Vegas”-ийнхан Канадаас урьж авчирчээ. Тэндхийн ажилтны хэлснээр  Канадаас урьсан хамтлагийн гэрээ дуусахаар дахиад гаднаас өөр хамтлаг, дуучид урьж авчирах гэнэ. Тав орчим гишүүнтэй тус хамтлагийнхан цаг гаруй хугацаанд дуулсаар тайзнаас буулаа. Бүжгийн талбай тийм ч дүүрэн биш байв. Монголдоо л цоо шинэ, бас өндөр зэрэглэлийн гэж хэлж болох энэ газарт олны танил хүмүүс багагүй үйлчлүүлж байгаа сураг сонстсон. Тийм ч бололтой. Бямба гаригийн орой гэхэд UBS телевизийн хөтлөгч Ундрал, дуучин Номин нар хамтдаа коктейльтой үдшийг өнгөрүүлсэн бол “Crush Bush”,  “Lemons”,  “Boom town” хамтлагийн залуус ч “Vegas”-ыг сонгосон байлаа.  Цэнгээний газар л болсон юм хойно согтууруулах ундаа хэрэглэсэндээ бардан, аархаж, сагсуурах залуус ч мэр сэр  байлаа. Ууж байсан архи, пивоо шидэлцэн халамцуурах тийм залуусыг том биетэй, хар хувцастай хамгаалагч нар харин тэр дор нь номхруулж байлаа. Бас бүжгийн талбайд шилтэй шар айргаа барьж гарсан нэгэнд хатуу шаардлага тавьж, үйлчилгээний газрын журам биелүүлэхийг анхааруулж байв. Тэр нь зөв байлгүй яахав.

“Vegas” цагтаа хаав

Улаанбаатар хотын хэмжээнд  2500-3000 баар цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг гэх тоо байдаг. Эдгээрийн  цөөнгүй хувь нь цаг хэтрүүлэн ажиллаж, хууль зөрчдөгийг бид сайн мэднэ. Харин Сүхбаатарын талбайн урд буюу  жинхэнэ хотын төвд байрлаад буй “Vegas” клуб яг 00.00 цаг гээд үйл ажиллагаагаа зогсоолоо. Тэд 23.00 цагт  сүүлийн захиалга авч, 23.30 цагт хөгжмөө зогсоогоод, 00.00 цаг гэхэд хүмүүсээ гаргаж дуусав. Эндхийн нэг  зөөгч энэ талаар “Манайх оройн 19.00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээж авдаг. Диско нь харьцангуй эрт эхэлдэг болохоор  00.00 цагт хаадаг юм. Гэхдээ цаашдаа шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг болно” гэв. 12.00 гээд хаах ёстой байдаг журам эднийд яваандаа үйлчлэхгүй болж мэдэх л юм шиг байна.

Ямартай ч хотын төвийн гудамжинд сүндэрлэх хугацаандаа  “сэлэм”, “заазуур” гээд  элдэв  нэр хоч зүүсэн “Blue sky” цамхагт ийм нэгэн шөнийн цэнгээний  газар ажиллаж эхэлжээ. Аль 2009 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч олон шалтгаанаар нээлтээ хожим хийсэн асуултын тэмдэг шиг цэнхэр цамхагт шөнийн клуб иймэрхүү дүр төрхтэйгээр ажиллаж байна. Энд бид бизнесийн үйл ажиллагаанд оролцох гэсэн юм уу, энэ клубын талаар буруу, ташаа мэдээлэл хүргэх гэсэнгүй. Харин хотын хамгийн гоё байрлалтай, төв цэгт ямар клуб залуусыг хүлээж байгааг мэдээлэх гэсэн юм. Энд одоогоор шинэ, тансаг орчин,  боломжийн үйлчилгээ, бас хууль журам сахих зэрэг хариуцлагын асуудал журам ёсоороо мөрдөгдөж байна. Дандаа ийм байх хэрэгтэй байх. Яагаад гэвэл Улаанбаатар хотын төв цэгийг эмх замбараагүй, бүдүүлэг, соёлгүй, байдаг л нэг шөнийн клубээр дүүргэмээргүй байна.

Клубын соёл бол нийслэлийн өнгө төрх, залуусын мэдрэмжийг илтгэдэг нэг өнцөг. Тийм ч болохоор бид нийслэлийн диско клубын соёл, магадгүй соёлгүй клубүүдтэй үргэлжлүүлэн “танилцъя” гэж төлөвлөлөө.  Эхний сурвалжлагаа “Vegas”-аас хүргэлээ.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж