“TV-9”-ийн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“TV-9”-ийн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ. Хуралд МСЭ-н ерөнхийлөгч Б.Галаарид, TV-9 телевизийн  захирал Ц.Энхбат, тус телевизийн ерөнхий продюсер  Д.Төрмөнх, мөн хуульч О.Баасанхүү нар оролцож, ТV-9 телевизийн  сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. МСЭ-н ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлч бид нэн түрүүнд ард түмэнд үйлчлэх, тэдний дуу хоолой болох үүрэгтэй. Энэ үүргийн утга алдагдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам хумигдсаар байна. Үүний тод жишээ бол ТV-9 телевизийн нэвтрүүлсэн  “Детектив“ цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлгийн  хамт олныг Сүхбаатар дүүргийн шүүхэд “хоморголон” байцаалтад дуудсан явдал” гэсэн юм.  “Детектив” цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлэгт   хууль бус өмч хувьчлалын тухай баримт дурьдсан нь ийн тус нэвтрүүлгийн уран бүтээлчдийг шүүхэд дуудагдахад хүргэжээ. Нэврүүлэгт Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч н.Отгонжаргалын нэр цухас дурдагдсан юм байна. Үүнийг мөрдөн байцаагч н.Отгонжаргал эсэргүүцэж,  Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл гаргасны дагуу “Детектив “цуврал нэвтрүүлгийн сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэн, байцаалт  авч эхэлсэн юм байна.

Тус телевизийн хөтлөгч н.Биндэрьяа, ерөнхий продюсер Д.Төрмөнх нарыг олон цагаар байцаагаад зогсохгүй телевизийн  захирал, найруулагч нар маргааш мэдүүлэг өгөхөөр дуудагдаад байгаа аж. Уран бүтээлчид хэдийгээр энэ мэтчилэн сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа ч цуврал нэвтрүүлгээ зогсоохгүй, үргэлжлүүлэн бэлтгэж, үзэгчдэд хүргэнэ гэдгээ хэллээ. Мөн продюсер н.Төрмөнх байцаалтад орохдоо диктафоноор бичиж авсан  бичлэгээ дэлгэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Хурлын үеэр ТV-9 телевизийн захирал Ц.Энхбатаас зарим асуултад хариулт авлаа.

-Мөрдөн байцаагч н.Отгонжаргал  ямар үндэслэлээр танай телевизийн сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргасан юм бэ?

-Энэхүү нэвтрүүлэг нь өмч хувьчлалын талаар сэдэв хөндсөн байсан юм.  Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалын явцад “Улаанбаатар таймс” сонины хөрөнгө оруулагч Л.Сэргэлэнд мөрдөн байцаагч н.Отгонжаргал улсын төсвөөс мөнгө гаргуулж өгсөн байж магадгүй гэж мэдээлсний төлөө бид өнөөдөр хэрэгтэн болоод байна. Цагдаа цагдаагаа шалгана гэдэг юу л бол.  Бид ч бас өргөдөл гаргах болно

-Цаашид та бүхэн яах бодолтой байна ?

– Бидэнд дарамталсан илгээмж, мессеж, дуудлага ихээр ирж байгаа. Үүнээс айж эмээлгүй “Детективийн эсрэг детектив” хэмээх цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна. Энэхүү хууль бус дарамт шахалтын төлөө тууштай тэмцэхийг нийт сэтгүүлчдэдээ уриалж байна.

Д.Жаргалсүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж