Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчилнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлгээр нийт зургаан асуудал авч хэлэлцсэний дотор Орон нутгийн сонгуулийн тухай хууль багтжээ. Хуульд зааснаар УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах ёстой болж буй. Гэхдээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа юм байна. Энэ нь зарим зүйлийг нэгмөр болгохтой холбоотой аж. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдоос санал авах эцсийн цаг 20.00 цагт дуусах ёстой. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд харин 22.00 цаг гэж заасан байдаг тул үүнийг мөн 20.00 цаг болгож өөрчлөх, түүнчлэн тойргийн хороо, хэсгийн хороо байгуулах зарчим нь УИХ-ын сонгууль явуулах зарчмаас өөр байгаа тул дээрх хуульд зайлшгүй гар хүрэх шаардлагатай гэж тус бүлэг үзжээ. Тиймээс Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн гишүүд даруй санаачлан УИХ-д мэдүүлж, намрын чуулган өндөрлөхөөс урьтаж хуулийг батлах шийдэлд хүрчээ. Мөн бүлгээр Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ.

Гурав дахь асуудал болох Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай гэсэн багц төслийг хэлэлцээд УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Хуулийн төслийг зарчмын хувьд нь дэмжсэн байна.

Дөрөв дэх асуудлыг гишүүд санал болгосноор Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдаж гартал, мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд гадаадын болоод дотоодын аж ахуйн нэгжтэй Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээ байгуулах асуудлаа түр хойшлуулах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Тиймээс энэ санал дүгнэлтээ Засгийн газарт уламжлахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн Оюутолгойн ордын нөөц их хэмжээгээр нэмэгдэж байгаа тул хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авах ёстой гэсэн чиглэлийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өгөхөөр болсон. Энэ дагуу ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энержи ресурс” компани нь шийдвэр гаргагчтай холбоотой тухай үнэн худал нь эс мэдэгдэх мэдээллүүд цацагдах болсон тул энэ чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж холбоотой юу, холбоогүй юу гэдгийг тодруулах. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос мөн ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн талаар бүлгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж