Даланзадгадын иргэд цахилгаан, дулаангүй өвөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Даланзадгадын иргэд цахилгаан, дулаангүй өвөлжиж байна

 Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд Даланзадгадын Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн үндсэн станцын хоёрдугаар турбингенератор эвдэрч зогсолт хийсэн тухай мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгч байсан. Тэдний хэлж буйгаар он гарсны дараа буюу нэгдүгээр сарын 10-ны 22:30 цагаас эхлэн станц тэг зогсолтод шилжжээ.

Үндсэн болон өргөтгөлийн станцуудын нэг, гуравдугаар зуухны дотор хананы бетон ховхорч, шаталтын тавцанг дарсан нь тэг зогсолт хийх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Тодруулж хэлбэл нүүрсний чулуулаг ихээс ширхэгийн хэмжээ томорч эвдрэл гарахад нөлөөлжээ.

2011 онд орон нутгийн төсвөөс уг станцад 3,9 сая долларын хөрөнгө оруулалт хийж, өргөтгөлийн станц бариулсан хэдий ч туршилт хийж байх үедээ гэмтэж байсан юм. Тухайн үед өргөтгөлийн станцыг ажиллуулах мэргэжлийн хүмүүс дутагдалтай байгааг станцын удирдлагууд хэлж байв.

Уг гэмтлийг засварлах сэлбэг нь Монголд байхгүй учраас ойрын хугацаанд засварлах боломжгүй хүндхэн байдалд орж, нөхцөл байдалтай холбогдуулан аваарын буюу нөөц дизель станцыг хязгаарлалттай хуваариар ажиллуулж өнөөдрийн байдлаар зөвхөн дулаанаа түгээж байгаа юм.

Дулааны цахилгаан станц ачааллаа даахгүйн дээр эмнэлэг, холбоо зэрэг чиглэлд цахилгаанаа түгээж, зөвхөн орон сууцны айл өрхүүдэд шөнийн 00.00 цагаас өглөөний 7.00 хүртэл цахилгаан нийлүүлж буй аж.

Уул уурхай эрчимтэй хөгжиж буй Өмнөговь аймгийн төвийн иргэд “21-р зуунд лаа барин өвөлжиж байна” бухимдахаас хэтрэхгүй байна.

Мөн Даланзадгад болон станцтай холбогдсон таван сумын төвд өвөлжилт хүндэрсэн тул аймгийн удирдлагууд Засгийн газар, Улсын Онцгой комисст саналаа хүргүүлжээ. Тэд ДЦС-ын хоёрдугаар турбин генераторын засварыг богино хугацаанд хийлгэх, одоо ашиглаж байгаа нөөц станцын шатахууны зардал болоод тус станцаас эрчим хүчний хэрэглээгээ хангадаг 5 сумын дизель моторыг ажиллуулахад шатахууны татан авалт, хангалтыг хэвийн байлгахыг шаарджээ.

Ард иргэд иймэрхүү байдалтайгаар арав гаруй жил хохирч ирсэн тул аймгийн ҮЭХолбооноос Даланзадгадын ДЦС-ын удирдлагуудыг урьж, ард иргэдийн уулзалт ярилцлагыг саяхан зохион байгуулжээ. Энэхүү уулзалтад оролцсон ард иргэд үүссэн нөхцөл байдлаас хамгийн хурдан гарах гарц нь есдүгээр сард ашиглалтад орох Цогтцэций-Даланзадгадын 110 квт-ын шугамыг яаралтай татуулж төвийн эрчим хүчинд холбогдохыг шаардаж байна.

Гэхдээ энэ ажлыг Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК хариуцсан хэдий ч өвөл цаг гэсэн шалтгаанаар зогсож, гуравдугаар сараас ажлаа эхлүүлэхээр болсон гэж байгаа. Даарин дээр давс гэгчээр Даланзадгадын ДЦС-д эвдрэл гарч, ачааллаа даахаа больсон тул Өмнөговийнхон есдүгээр сар хүртэл цахилгаан эрчим хүчгүй амьдрахад болчихоод байна. Иймд иргэд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Эрчим хүчний газрын дарга, Даланзадгадын ДЦС ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Баярбаатар нарыг газар дээр нь ирж танилцаж, шуурхай арга хэмжээ авахыг шаарджээ.

Мөн ард иргэдийн санаачилгаар аймгийн ҮЭХолбооны нэр дээр МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЭБЭХ-ний сайд, УИХ-ын гишүүдэд өргөх бичиг илгээсэн байна. Өргөх бичгийн гол санаа нь Цогтцэций-Даланзадгадын 110 квт-ын шугамыг яаралтай татуулж, төвийн эрчим хүчинд холбогдох юм.

Даланзадгадын ДЦСтанцыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар БНСУ-ын зээлийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаж, БНСУ-ын “Хьюндай Инженеринг” компани нийт 9.3 сая ам.долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлсэн юм.

Уг станцыг 2000 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн “Даланзадгад дулааны цахилгаан станц” ТӨХК-ний нийт хувьцааны 41 хувийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам эзэмшдэг.

Тус компани нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх, хангах, дамжуулах, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх гэсэн зургаан төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаагаа явуулдаг. Станцын хувьд аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангахаас гадна Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний хэрэгцээг нь хангах үүрэгтэй. Гэвч ашиглалтад орсон цагаасаа эхлэн арав гаруй жил доголдож, ард иргэдийг эрүүл мэнд, эд материал, нийгмийн хөгжлийн хувьд хохироосоор байна.

Г.Идэрхангай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж