Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Хархан үсээ намируулан үзэсгэлэнт Жизель бүжиглэнэ. Ухаан санаа нь самуурч, галзуурсан хөөрхий охин эцсийн хүч чадлаа шавхан найган бүжнэ. Аданы зөөлөн аялгуунд уярч, Жизелийн зүрхний гунигийг сэтгэлдээ мэдэрсэн үзэгчид уйлж суулаа. Үзэгчид нь Монгол, үзэсгэлэнт Жизель харин Канад бүсгүй. Английн хатан хааны театрын гоцлол бүжигчин Тамара Рохо. Түүний эргэлдэн бүжих эрхэмсэг аялгуу харин Францын хөгжмийн зохиолч Аданых. Тэр аялгууг хөгжимдөн эгшиглүүлэх уран бүтээлчид нь Монгол, тэдний аялгууг дохиурын дор нэгтгэх удирдаач Америкийнх.  Харвардын их сургуулийн доктор, Бостоны театрын удирдаач Марк Черчель. Монголын ДБЭТ, Америкийн Бостон хотын театр, Английн хатан хааны театр гурав хамтран сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг “Жизель” балетийг өнгөрсөн бямба гаригт тал нутгийн тайзнаа амилуулсан нь энэ билээ.

Яг энэ өдрүүдэд Английн хэвлэлүүд Тамара Рохогийн тухай бичиж байна. “Ромео, Жульетта хоёр” балетийн Жульеттагийн дүрийг дуу алдан гайхмаар, шагшин бахадмаар бүтээсэн тухай нь театрын мэргэжилтнүүд хоолой нийлүүлэн магтацгааж байна. Хатан хааны театрт энэ нэгдүгээр сараас эхлэн тоглосон уг балет ирэх гуравдугаар сарыг хүртэл үргэлжилнэ. Жульеттад хувирч буй завгүй өдрүүдийнхээ завсраар тэр жавар тачигнасан Улаанбаатарт ирж, Жизель болон бүжиглэсэн юм. Дэлхийн балетийн урлагт шинэ жишиг, стандартыг тогтоосон хэмээн мэргэжилтнүүдийн хүлээн зөвшөөрдөг Тамара Монголын үзэгчдэд гайхалтай авьяасаа харуулав. Бодит амьдралаас тасран тухайн цаг мөчид, тухайн орон зайд амьдарч, оргилж буцалж, шаналж, гуниглаж чаддаг уран бүтээлчийн хөргийг бид түүнээс тов тодхон харсан. Тамара Рохотой биш танхилхан Жизельтай тэр биднийг уулзуулсан. Чухамхүү ийн дүрдээ уусан орж, зүрхэндээ мэдэрсэн тэр амьд мэдрэмжээр бүжиглэдэг чадвараараа тэр дэлхийн сая сая үзэгчийг бишрүүлдэг. Уусан хорондоо хордон амьсгал хурааж буй Жульеттаг тэр ийм амьд мэдрэмжээр гайхалтай бүтээсэн гэгддэг. Яг ийм мэдрэмж чадвар, яв цав гүйцэтгэлтэй бүжигчний техниктэй хосолсноороо яах аргагүй төгс бүжигчнийг бүтээжээ.

Марк Черчелийн хувьд Монголын симфони найрал хөгжим хуучны анд нь. Өнгөрсөн тавдугаар сард ДБЭТ-т болсон олон улсын балетийн наадамд тэрбээр оролцон “Хунт нуур”-ыг дохисон. Монгол хөгжимчид түүнд таалагдсан. Таалагдахаар барахгүй бишрүүлсэн. Бахархаж, биширсэн сэтгэл нь дахин ирэх урам, хүслийг түүнд өгсөн. Харвардын их сургуулийн хөгжмийн урлагийн доктор энэ эрхмийг мэргэжлийн удирдаач хэмээн хөгжмийн ертөнцийнхөн онцгойлон тодотгодог билээ.

Ийнхүү дэлхийн “Жизель”-ийг Монголын тайзнаа авчирсан эзэн нь Дугараагийн Алтанхуяг. Хөгжим бүжгийн коллежоос бүжигчин болон мэндэлсэн энэ залуу дэлхийн шилдэг балетчидийн нэг. Бостоны театрт данстай ч, Ла Скалад урилгаар бүжиглэдэг энэ цагийн залуухан од. Гэхдээ ДБЭТ-т данстай хэвээр. Өдөр бүр цагаа бүртгүүлэн ирж ажилладаггүй ч зүрх сэтгэлдээ үргэлж театртаа “амьдардаг” сэтгэлтэй залуу. Дэлхийн театруудаад тэр дүүлэн бүжиж явахдаа дээлтэй Монголоо зүрхэндээ тээж явдаг. Түүний урилгаар Тамара Рохо Монголд ирж, түүнтэй хамтран “Жизель”-д бүжиглэсэн. Түүний урилгаар таван тивийн шилдэг бүжигчид өнгөрсөн зун Монголын тайзнаа хамтдаа бүжиглэсэн. Түүний урилгаар дэлхийд данстай олон олон авьяастан Монголын тайзыг зорин ирнэ. Өөрөө дэлхийд данстай болсон Алтанхуяг одоо дэлхийг Монголд ойртуулах гайхамшигт гүүрийг зүрх сэтгэлээрээ бүтээж явна. Сэтгэлээр гэрэлтсэн энэ гүүр мянга мянган залуусын зүрхэнд нутгаа зорин гүйх гүйгүүл морин шиг гэрэлт зулыг асаах болтугай.

Б.ЦАЦРАЛ
ArtLar House
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж