Эмэгтэй сайдын тоог нэмье

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сайдын тоог нэмье

МАН энэ долоо хоногт Засгийн газрын шинэ гишүүдийнхээ нэрийг тодруулж, долоо хоногийн сүүлээр ажилд нь оруулах төлөвтэй байна. Сайдын суудалд олон кандидатын нэр дуулдаж буйн дотор нэг эмэгтэйн нэр гарч буй юм.

УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлэхээр МАН-ын удирдах төвшний хүрээнд яригдсан талаар дуулдаж байна.

Өнөөдөр Засгийн газрын танхимд ганцхан эмэгтэй гишүүн байгаа нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди. Ганц дайчин ганцаардахгүй гэдгээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, ахмад дайчдын байр сууц, тэнэмэл хүүхдийн асуудал гээд нийгмийн аль л хамгийн эмзэг бүхнийг Т.Ганди сайд зохицуулж буй. Тэгвэл энэ удаа эмэгтэй сайдын тоог нэмж, нэр нь дуулдаад байгаа Д.Оюунхорол гишүүнийг Засгийн газрын танхимд багтаая. 

Д.Оюунхорол гишүүн Монголын нийгэм зах зээлийн системд хөл тавьсан цагаас хувийн хэвшлийн их сургууль байж болно гэдгийг анхлан харуулагчдын нэг, Отгонтэнгэр их сургуулийг үндэслэн байгуулагч гэдгээрээ нийгэмд танигдсан хүн. Улс төрд орж ирэхээсээ бүр өмнө Отгонтэнгэр их сургуулиараа овоглож, тэр цагаас хойш олон залууст мэргэжил эзэмшүүлсэн нь нийгмийн салбар бүрт ажиллаж байна. Отгонтэнгэрийн төгсөгч ажилгүй явж байна гэж барагтайд дуулдаж байсангүй.

Тэрбээр 2000-2004 оны УИХ-д гишүүн байсан. Зүгээр сууж байгаад бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан эрхэм харьцангуй олонтой байсан тэр парламентад Д.Оюунхорол гишүүн хичээнгүй, дайчин чанараараа ялгарч байсан юм. Бас ч үгүй шударга ёсны төлөө дуугарсныхаа төлөө тухайн үеийн МАХН-ын удирдлагатай санал зөрж 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй хоцорч байв.

Гэвч Д.Оюунхорол гишүүн даагаа нэхэж УИХ-ын 2008 оны сонгуульд Завхан аймагт нэр дэвшин ялалт байгуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байлаа.

Монголд хувийн их сургууль байгуулах шанг анхлан таталцаж, парламентад хоёр удаа сонгогдсон, байнгын хороо тэргүүлж явсан, зарчимч дайчин чанартай Д.Оюунхорол гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өлхөн толгойлж чадна. Экологийн сүйрэл, агаарын бохирдол, газрын баялгийн замбараагүй ашиглалт,  усны хомсдол, ан амьтан, ургамлын төрөл зүйл устах аюул нөмрөөд буй энэ үед чухамхүү эмэгтэй, эх хүний нүдээр харж, сэтгэлээр тунгаах асар олон  асуудал энэ салбарт тулгамдаад буй.

Чухам ийм үед эмэгтэй хүний нэрийг сайдад дэвшүүлэхээр дуулдаж буй нь маш сайн хэрэг. МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН, АН-ын бүлгийнхэн ч эмэгтэй нэр дэвшигчийг дэмжиж эмэгтэй сайдын тоог нэмэх биз ээ.

Энэ бол бүдүүн бааргаар ойлгодог жендэрийн асуудал биш, ерөөсөө л нийгмийн захиалга гэж хэлж болно.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж