Ямартай ч далайн шуурга дэгдээгүй, цаг агаар тогтуун байхад эргээс холгүй хажуу бөөрөөрөө онхолдсон хэргийн бүх буруу ахмад руу чиглэжээ. Түүнээс гадна осол болох үед зорчигчдыг хөлгөөс гаргахаас өмнө ахмад өөрөө хөлгийг орхисон байсан хэмээн түүнийг буруутгаж байна. Харин ахмад Франческо Шеттино Италийн нэгэн телевизэд өгсөн мэдэгдэлдээ “Хөлөг хадтай эргээс 300 метрийн зайд явж байсан. Бид өмнө ус гүехэн байгаа гэж тооцоолсон. Үнэндээ бид хад мөргөх ёсгүй байсан” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн өөрийг нь зорчигчдоос түрүүлж, хөлгийг орхисон гэсэн мэдээллийг үгүйсгэж, хөлгийн багийнхан бүх зорчигчдыг гаргасны дараа хөлгөөс явсан гэжээ. Уг нь ахмад Франческо Шеттино “Costa Crociere” компанид 11 жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм. Тэрбээр 2002 оноос аюулгүй албаны даргаар ажиллаж байгаад 2006 онд хөлгийн ахмад болжээ.
Эрлийн багийнхан “The Costa Concordia” осолдсоноос хойш 24 цагийн дараа Өмнөд Солонгосын нэгэн хосыг хөлөг онгоцны усанд живсэн хэсгийн хоёр давхраас олсон байна. Тэд хөлөг дээр бал сарын аялалаа хийж байжээ.
Аврах ажилтнууд өчигдөр мөн хөлгийн усанд автсан хэсгээс өндөр настай хоёр хүний цогцсыг олсноор амиа алдсан хүний тоо тав болжээ. Итали, Герман, Франц, Их Британийн далайчдаас бүрдсэн хөлгийн багийнхныг осол болох үед аврах завь бэлтгээгүй хэмээн буруутгасан тухай мэдээлэл байна. Гэвч хөлөг хоромхон зуурт онхолдсон тул аврах завины тухай бодох ч сөхөө байгаагүй гэж хөлгийн багийнхан мэдүүлж байгаа юм. Хэдийгээр хүн амины гарз хохирол багатай ч “The Costa Concordia” хөлгийн осол 1912 онд Англиас АНУ-ын Нью-Йорк хүрэх замдаа мөсөн уул мөргөж, 1,517 хүний амийг авч одсон аварга “Титаник” хөлгийн сүйрлийг эрхгүй санагдуулсан талаар дэлхийн хэвлэлийн агентлагууд бичиж байна.