“Жинжавууд” хамтдаа дэвжээнд гарна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Жинжавууд” хамтдаа дэвжээнд гарна

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд /2012.01.14-15-нд/ Яармагийн дэнж дэх Спортын шинэ ордонд зохион байгуулсан “Mongolia Open” тэмцээнд оролцохоор Монголд хөл тавьсан гадны бөхчүүд өнөөдрөөс Монголын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэлээ эхлүүлэх гэж байна. Харин өнөөдөр нэгэн онцгой үйл явдал болох гэж буй нь нэгэн үе чөлөөт бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж явсан жинжавууд хамтдаа дэвжээнд гарах юм. “Mongolia Open” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Женко” группийн ерөнхийлөгч, Монголын чөлөөт бөхийн “Мөнгөн үе”-ийн төлөөлөл болсон ОУХМ Х.Баттуул өөрийн эрин үед олимп, дэлхийн тавцанд 57 кг-д өрсөлдөж явсан нөхдөө Монгол нутагт урьжээ. Түүний урилгаар олимпийн хошой аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, ОХУ-ын бөх Сергей Белоглазов, олимпийн аварга, олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын аварга, Ираны Махоммадиани Аскари, БНАСАУ-ын нэрт бөх Ким Ён Сик, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Европын аварга, Болгарын Георгий Калчев нар манай улсад хүрэлцэн ирээд буй.

Тэгвэл нэгэн цаг үед олимп, дэлхийн дэвжээг тамгалж, өрсөлдөөний талбарт дайсан байж, дэвжээнээс буугаад нөхөрлөж явсан андууд хамтдаа нэгэн дэвжээнд гарч, хүндэтгэл үзүүлэх гэж байна. Тус арга хэмжээ өнөөдөр 17.00 цагт Спортын төв ордны “А” зааланд болох ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж