Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явцын үеэр Ерөнхий сайд С.Батболд нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байж зарим албан тушаалтныг суудлаас нь “ховхолж”, импортлогчдод төлбөр ноогдуулсан нь мэдээж. Цаашид ч түүнд ийн өөрийнхөөрөө байж, эрх мэдэл эд хөрөнгөний сүлжээнээс үл хамааран шийдвэрээ гаргахыг хүсье. Бас нэг сануулах зүйл байна. Хэдэн хүн суудлаа өгснөөр шатахууны үнийг дагаж өссөн өргөн хэрэглээний бараа хямдрахгүй. Нефть импортлогчдод ногдуулсан торгууль иргэдэд нөхөн төлбөр болж ирэхгүй. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн маань нэгэнт эхэлсэн ажлаа дуусгаж, шатахуунд шуналын биш шударга үнэ тогтооход анхаарна уу. Үүний дараа харин түүнд иргэд “онцсайн” гэдэг дүн тавих биз.
Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн даваа гаригаас эхлэн өөрийн шууд удирдлаган дор ажлын хэсгүүд гаргаж, газар дээр нь шалгалт хийлгүүлж бодит байдлыг тотоосны үр дүнд үнийн хөөрөгдлийг зогсоож чадлаа. Мөн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөнд авталгүй хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцов.Ингээд өнгөрч буй долоо хогогт Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тоймлон хүргэе.
Засгийн газрын тэргүүн шатахууны үнийн өсөлт, махны бодит үнэ, нөөцийн бүрдүүлэлт зэрэг асуудлаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нараас тодруулга авлаа. Долларын ханш өссөн учраас шатахууны үнийг литр тутамд 230-260 төгрөгөөр нэмэх саналаа зарим аж ахуйн нэгж гаргаж, үүнийг нь Б.Ариунсанаар ахлуулсан ажлын хэсэг зөвшөөрчээ. Махны тухайд 16300 тонныг нөөцөлсөн, үнэ өсөх шалтгаан байхгүй. Энэ бол хөөрөгдөл гэж салбарын сайд нь мэдэгдлээ. Иймд Ерөнхий сайдын зүгээс үнэ ханш дээр тоглож, улс төрийн ашиг хайсан дэндүү увайгүй явуулга гарч байна гэж мэдэгдээд бензин шатахууны үнийн өсөлт, махны нөөцийн бүрдүүлэлтийн бодит байдлыг шалгах ажлын хэсгүүдийг байгуулав.
Ажлын хэсгийн дүгнэлтүүдийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулж цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцлаа. Үнэ өсөхөд валютын ханшийн өсөлт, улирлын байдал болоод зохицуулалт нөлөөлсөн, мөн улстөржилт орсон гэдгийг тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэллээ. Валютын ханшийн өсөлт шатахууны үнийг 200-240 төгрөгөөр нэмэх үндэслэл болоогүй. Эдийн засгийн бус хийсвэр агуулгаар үнэ нэмсэн.Үүнд улс төрийн өнгө аяс нөлөөлснийг үгүйсгэхгүй байгаагаа Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дарга Ч.Улаан мэдэгдэв. Шатахууны үнийн энэхүү хөөрөгдөл нь өргөн хэрэглээний барааны үнэд огцом нөлөөлөх ёсгүй гэдгийг эдийн засагчид хэлэв.Тухайлбал, нэг кг гурилын үнэ 100 орчим төгрөгөөр өсөөд байгаа бөгөөд энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд нэг литр шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд нэг кг гурилын үнэд 2-5 төгрөгөөр, микроавтобус буюу таксины хөлс 30-40 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ. Мах нөөцлөх гэрээ бүхий 22 компани энэ сарын 9-ний байдлаар нийслэлийн иргэдийн 2012 оны хэрэгцээнд нийлүүлэх 12,000 тн махны 92,5 буюу 11,100 тн махыг бэлтгэн Улаанбаатар хотноо авчран нөөцөлжээ. Бензин шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө махаа нөөцөлсөн тул эдгээр нь үнэ нэмэгдэх эрсдэлээс хамгаалагдсан гэж ажлын хэсгээс дүгнэсэн байна.Эдийн засаг нь эдийн засгаараа, улстөр нь улс төрөөрөө явах ёстой.Манайд эдийн засаг улстөр хоёр дэндүү хамааралтай болсныг энэ үйл явдал бүр ч тод харуулж байна.Энэ байдлыг зогсоохгүй бол ард түмний амьдрал цаашлаад улс орны аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй гэж Ерөнхий сайд С.Батболд бүлгийн гишүүддээ мэдэгдээд үргэлжлүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр, сэтгүүлчдэдхийсэн мэдээлэлдээ, ямар ч гэсэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв зохицуулалт хийх болно. Энэ удаагийн шатахууны огцом өсөлтөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөлөө давамгайлсан байхыг үгүйсгэхгүй.Улс орны ажил улс төрөөс хамаарах ёсгүй.Жингийн цуваа явдгаараа явж, улс орны Засаг төрийн ажил явдгаараа явж л таарна.Албан тушаалтнуудад хариуцлага тоцохоос гаднаг шаардлагатай бол аж ахуй эрхлэх үйл ажиллагаа, түүн дотор шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг онцоллоо.
Лхагва гариг
Засгийн газрын хуралдаан энэ сарын 11-ний өдөр болов.Хуралдаанаас “Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөл”-ийг Сангийн сайдаар ахлуулан байгуулав.Валютын ханш огцом өссөний улмаас автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ зохиомлоор өсч байгааг хязгаарлах зорилгоор ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд буулган валютын зах дээрх ам.долларын хомсдлыг арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад эхний ээлжинд худалдах талаар зохицуулалт хийж байхыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөлөө.
Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалах агуулах, савны хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Чойрт баригдах, зураг төсөл нь хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж, барих ажил эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлган импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудтай яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хөндлөө. Үнийн хөөрөгдөл нийгэмд бухимдал төрүүлсэн энэ асуудал хариуцлага дагуулах үндэслэл хангалттай байна, мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг салбарын сайд Д.Зоригтод даалгалаа. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. Инйхүү хуралдаанаас хаана, хэн хариуцлага алдсаныг шат шатанд нь тогтоон ирэх баасан гаригт танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болголоо. Мөн иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуралдаанаас үүрэг болголоо.
Пүрэв гариг
Ерөнхий сайд ажлын хэсгийнхэн болон холбогдох агентлагийн удирдлагуудын мэдээллийг сонсч нягтлав. Шаардлагатай зарим мэдээлэл, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийхээр зарлав. Учир ньШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсний дараа тэднийг хэлэлцэн тохиролцсоны дагуу үнэ нэмсэн гэж дүгнэсэн юм. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалт эрхэлдэг “НИК”, “Петростар”, ”Магнай трейд”, ”Содмонгол групп”, “Шунхлай групп”, ”Жаст ойл”, “Ойн бирж”, “М-Ойл”, “Петрожамп” компани энэ оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хуралдан нэг литр АИ-92 автобензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А-80 бензинийг 1550 төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Улмаар аж ахуйн нэгжүүд тэр даруй үнээ нэмсэн бол “НИК”, “Петростар”, “Петрожамп”, “Содмонгол групп” хэд хоногийн дараа үнээ нэмж, бусдаасаа 30-35 төгрөгийн хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн байна. Үүссэн нөхцөл байдлын хүрээнд Шалгалтын хэсэг валютын ханшны нөлөөллийг Монголбанкны 11 дүгээр сарын дундаж албан ханштай зэрэгцүүлэн авч үзсэн байна. 2012 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн ам.долларын албан ханш 1429 төгрөг болсон бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 93, АИ-92 бензин 113, дизелийн түлш 118 төгрөгөөр нэмэгдэхээр байжээ. Мөн өдөр “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг байсан бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 133, АИ-92 бензин 163, дизелийн түлш 170 төгрөгөөр өсөхөөр байсан гэсэн тооцоо гарсан байна. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд автобензин, дизелийн түлшний үнийг литр тутамд 235-260 төгрөгөөр нэмсэн нь ханшийн зөрүүгийн нөлөөллөөс нэлээд өндөр байгаа нь шалгалтаар тодорхой болжээ. Дээрх аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш гаднаас авсан, өмнө нь валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байна гэж Шалгалтын хэсэг дүгнэжээ. Импортлогч аж ахуйн нэгжүүд нь бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл нийт 7,5 сая ам.доллар буюу нийт төлбөрийнхөө 11,7 хувийг нь л төлжээ.
“Импортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.11-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй” гэж Шалгалтын хэсэг үзсэн байна. Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх талаар хэлэлцэн тохиролцож, шийдвэр гаргах эрх, үүрэггүй гэдгийг ч тогтоожээ. Холбогдох хууль тогтоомжид ч энэ талаархи зохицуулалт байхгүй учир Ажлын хэсгээс гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтойг шалгалтын дүн нотолжээ.
Баасан гариг
Засгийн газар ээлжит бус хуралдаан хийв. Хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтын дүнтэй танилцсаны дараа гишүүдийн дийлэнх нь холбогдох газрууд үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр илт хууль зөрчсөн, үнэ нэмэх асуудал яригдаж байхад таслан зогсоох, буруу шийдвэр гаргаж болохгүй гэдгийг ойлгуулахын оронд хурал хаяж гарсан нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга болон мэргэжилтнүүдийн буруу гэж үзлээ. Иймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг хуралдаанаас гаргалаа. Мөн Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, дээрх хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан ажил цалгардуулахгүй байх үүднээс зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авахыг Тэргүүн шадар сайд болон салбарын сайдад үүрэг болгов. Мөн үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн шатахуун импортлогчдын орлогод тодорхой хувиар төлбөр ногдуулж улсын орлогод авах тухай гийдвэр гаргалаа. Энэ нь ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөг болж байгаа бөгөөд импортлогчид дахин үгсэн хуйвалдахаас сэргийлэх, шатахуун импортлох эрхийг нь цуцлах зэрэгт том сануулга болно гэж Ерөнхий сайд үзжээ.