Шатахуун импортлогчдын буяныг дааж амьдаръя

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Шатахуун импортлогчдын буяныг дааж амьдаръя

Шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг 50 төгрөгөөр буулгалаа. Цаа­шид ч дахиад 10, 20 төг­рөгөөр хямдруулах сурагтай. Биднийгээ их гялайлгаж, гий­гүүллээ. Би л хувьдаа баяр­ласандаа болоод нисэх шахам явж байна. Анх литр тутмынх нь үнийг 300 төгрөгөөр нэм­сэнийг ор тас мартах цаг болсон. Хэдүүлээ шатахуун импортлогчдын буяныг дааж амьдаръя. Ер нь монголчууд хүүхдээрээ сэтгэлгээтэй хү­мүүс. “Нэг шөнө унтаад сэрсэн чинь бензиний үнэ огцом өсчихлөө” гэж жолооч нар баахан гомдоллосон. Гэ­тэл цаадуул чинь зүгээр нар­гиж байсан байхгүй юу. Өдий том болчихоод үлгэрт итгээд бухимдаж л байдаг. Яасан ч гэнэн цайлган юм бэ дээ. “Чөлөөт зах зээлтэй бол­чихоод 20 жилийн нүүрийг үзэж байгаа хэрнээ монополь нь дэндсэн хэдэн компанийн эздийн халаасыг түнтийлгэж байна” гэж гонгинохоо больц­­гооё, бүгдээрээ. Эц­сийн эцэст тэд үнээ нэмж, Засгийн газар түүнийг нь ялим­гүй буулгаж, бүгд ажил хийсэн болж харагдаж байна. Харин ч аятайхан юм биш үү. Хэдэн жилийн өм­нө ам.долларын ханш өнөөд­рийнх шиг түвшинд хү­рэх үед муусайн нефть им­портлогчид бүтээгдэхүүнээ 1000 гаруйхан төгрөгөөр худалдаж байсан байгаа юм. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Ам.долларын ханш чангарахтай зэрэгцээд бен­зин, шатахууны үнэ литр тутамдаа 2000 шахам төгрөг болчихоод байна. Нефть им­портлогчид алдаанаасаа су­ралцжээ. Ийм үед тэднийг магтан дуулахгүй бол шив­шиг болно биз. Тэд том сэт­гэдэг учраас шатахууны үнийг ийн нэмсэн. Харин да­раа нь юу ч мэддэггүй монголчууд уурлаад эхэл­бэл нь үнээ үл ялиг буул­гахаа анхнаасаа тооцсон л байлгүй дээ. Түүнийг нь ч мэдэхгүй дэмий баахан хийрхэцгээгээд бид арай хэт­рүүлчихжээ. Ичиж үхмээр са­нагдчихлаа. Одоо бүгдээрээ нефть импортлогчдоо шү­тэж амьдаръя. Тэднийг би­ширц­гээе. Харин энэ замбараагүй үнийн өсөлтөөс болж өр­гөн хэрэглээний бараа, бү­тээг­дэхүүний үнэ тэнгэрт хадсаны гавьяаг хэдүүлээ л үүрцгээнэ шүү. Гавьяа, шагналыг дандаа дээгүүрээ хувааж иднэ гэж юу байх вэ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж