Шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг 50 төгрөгөөр буулгалаа. Цаашид ч дахиад 10, 20 төгрөгөөр хямдруулах сурагтай. Биднийгээ их гялайлгаж, гийгүүллээ. Би л хувьдаа баярласандаа болоод нисэх шахам явж байна. Анх литр тутмынх нь үнийг 300 төгрөгөөр нэмсэнийг ор тас мартах цаг болсон. Хэдүүлээ шатахуун импортлогчдын буяныг дааж амьдаръя. Ер нь монголчууд хүүхдээрээ сэтгэлгээтэй хүмүүс. “Нэг шөнө унтаад сэрсэн чинь бензиний үнэ огцом өсчихлөө” гэж жолооч нар баахан гомдоллосон. Гэтэл цаадуул чинь зүгээр наргиж байсан байхгүй юу. Өдий том болчихоод үлгэрт итгээд бухимдаж л байдаг. Яасан ч гэнэн цайлган юм бэ дээ. “Чөлөөт зах зээлтэй болчихоод 20 жилийн нүүрийг үзэж байгаа хэрнээ монополь нь дэндсэн хэдэн компанийн эздийн халаасыг түнтийлгэж байна” гэж гонгинохоо больцгооё, бүгдээрээ. Эцсийн эцэст тэд үнээ нэмж, Засгийн газар түүнийг нь ялимгүй буулгаж, бүгд ажил хийсэн болж харагдаж байна. Харин ч аятайхан юм биш үү. Хэдэн жилийн өмнө ам.долларын ханш өнөөдрийнх шиг түвшинд хүрэх үед муусайн нефть импортлогчид бүтээгдэхүүнээ 1000 гаруйхан төгрөгөөр худалдаж байсан байгаа юм. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Ам.долларын ханш чангарахтай зэрэгцээд бензин, шатахууны үнэ литр тутамдаа 2000 шахам төгрөг болчихоод байна. Нефть импортлогчид алдаанаасаа суралцжээ. Ийм үед тэднийг магтан дуулахгүй бол шившиг болно биз. Тэд том сэтгэдэг учраас шатахууны үнийг ийн нэмсэн. Харин дараа нь юу ч мэддэггүй монголчууд уурлаад эхэлбэл нь үнээ үл ялиг буулгахаа анхнаасаа тооцсон л байлгүй дээ. Түүнийг нь ч мэдэхгүй дэмий баахан хийрхэцгээгээд бид арай хэтрүүлчихжээ. Ичиж үхмээр санагдчихлаа. Одоо бүгдээрээ нефть импортлогчдоо шүтэж амьдаръя. Тэднийг биширцгээе. Харин энэ замбараагүй үнийн өсөлтөөс болж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаны гавьяаг хэдүүлээ л үүрцгээнэ шүү. Гавьяа, шагналыг дандаа дээгүүрээ хувааж иднэ гэж юу байх вэ.
Т.Элиса
"Улс төрийн тойм" сонин