Ардын намынхан хонон өнжин хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Ардын намынхан хонон өнжин хуралдав

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын­хан Н.Алтанхуяг даргынхаа шийдвэрийг баталгаажуулж Засгийн газраас гарах болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. Улмаар сайд нар нь хамтарсан Засгийн газраас гарах тухай өргөдлөө Ерөнхий сайдад өргөн барьснаар Ардын намд сайд нарын суудлын төлөөх өрсөлдөөн өрнөж эхлэв. Энэ сарын 11-нд Ардчилсан намын ҮЗХ-ны хурал болж намын даргынхаа шийдвэрийг ийнхүү баталгаажуулсан юм. Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан хүмүүсийн таамаглаж байснаас харьцангуй тайван болж өндөрлөсөн. Хуралдааны үеэр “Хурлын үеэр өрнөх “жүжиг”-ийг анхнаасаа найруулчихсан байж. “Алтангадас” фракцийнхныг ихээр оруулсан учир намын даргыг огцруулах тухай асуудлыг хөндөхгүй байна” зэрэг  шүүмжлэлийг гишүүдийн зүгээс тавьж байсан. Мөн хурал даргалж байсан хүмүүсийн нэг болох нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж уурлан хаяж гарсан тохиолдол гарсаныг эс тооцвол үнэхээр л бэлтгэсэн байсан “жүжиг” өрнөсөн гэж болохоор байв. Ийнхүү Ардчилсан намынхныг Төрийн ордонд өвөр зуураа хөлөө жийлцэж байх зуур Ардын намынхан Тусгаар тогтнолынхоо ордонд хүндэтгэлийн уулзалт хийж байсан юм. Ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиосон. Энэхүү ойг угтан Ардын намын  удирдлагууд ардчилсан Үндсэн хууль батлалцахад гар бие оролцсон Ардын их хурлын депутатуудыг Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч хүнэдтгэл үзүүлэн, дурсамж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Гэхдээ тэд Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар ямар хариу гарахыг хүлээж чадалгүй “тагнуул” явуулсан бололтой байсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан дээр сууж байсан нь олон хүнийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн. Харин ийм үйлдэл хийснийхээ шалтгааныг эрхэм гишүүн “Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газар байгуулах үеэр “Засгийн газраас хөөсөн ч гарахгүй” гэж хэлж байсан. Тиймээс би амыг нь асуух гэж Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан дээр очсон юм. Гэтэл гэрийн маань хажууд овоохой бариад дотор нь ороод суучихсан нөхрийн овоохойд орсон чинь асуулт асуухын завдалгүй хөөдөг байгаа” хэмээн тайлбарласан юм. Улс төрийн хүрээнд болж буй халуухан үйл явдлуудтай давхцан ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиож хүндэтгэлийн чуулган хуралдав. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон Ардын их хурлын депутатууд, Улсын Бага хурлын гишүүд оролцсон юм. Хүндэтгэлдийн чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн юм.

Харин Монгол Улсын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд доорх үйл явдал өрнөсөн юм. “Шатахууны үнийн өсөлтөд өөрсдөд нь ямар ч буруу байхгүй. Шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэм­сэн нь Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гарахаа зарласантай тохиолдлоор л таарсан байх” хэмээж буй Ардчилсан намынхан “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур”-уудад арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн саналыг бүлгийнхээ хуралдаанаас гаргасан. Ардын намынхан ч ард түмний уур хилэнгээс айсандаа бүх л арга чаргаа хэрэглэн үнийн хөөрөгдлийн шалтгааныг үнэн бодитоор нь тогтоолгохоор ажлын хэсэг гарган, бүлгийн ээлжит бус хуралдаанаар шалтгалтын хариуг сонсов. Эцэст нь Засгийн газраас хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн бол шатахуун импортлогч компаниудын үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон гэж үзэн жилийн нийт орлогынх нь зургаан хувиар торгох шийдвэрийг гаргасан. Харин Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Тэрбээр бүлгийн ээлжит бус хурал­дааны дараа мэдээлэл хийхдээ “Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогтоогдвол шатахуун импортлох эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна” хэмээж байсан юм. Ямартай ч Засгийн газраас яаралтай хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд шатахууны үнэ ойрын үед буурч магад гэсэн мэдээлэл гарах боллоо. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр тэргүүтэй Ардчилсан намын гишүүд шатахууны импортыг төр мэдэлдээ авч, жижиглэнгээр худал­даалах эрхийг одоо шатахуун импортлолж байгаа компаниудад сонгон шалгаруулалтаар өг­дөг байх ёстой гэсэн утга бүхий хуулийн төсөл санаа­чилж эхэлсэн бол Ардын намынхан галыг түр намжаагаад өргөдлөө өгсөн сайд нарын орны хү­нийг томилох гээд хонон өнжин хуралдаж байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж