Шатахууны үнийг дахин нэмбэл Ерөнхий сайд хариуцлага хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг дахин нэмбэл Ерөнхий сайд хариуцлага хүлээнэ

Шатахууны үнийг 260 төг­рөгөөр нэмж, 50 төгрөгөөр хямдруулсан явдал
өнгөрсөн до­лоо хоногийн “хадаас” үйл явдал байлаа. Харамсалтай нь 50
төгрөгөөр хямдруулсан нь иргэдийг тайвшруулах бус бухимдлыг дээд цэгт нь
хүр­гэсэн юм. Харин энэ бүх­ний эсрэг Засгийн газ­раас авч хэрэгжүүлсэн
ар­га хэмжээ нь бүр ч хөөр­хий­лөлтэй байв. Засгийн га­зар эхлээд
Монголбанкны га­даад валютын нөөц рүү сарвалзсан боловч үүргээ
бие­лүүлсэн цорын ганц сал­бар тэдний нэр хүндийг дээш­лүүлэхийн тулд
нөөцөө шавхахыг хүссэнгүй. Харин ч өн­гөрсөн арваннэгдүгээр са­раас хойш
интервенц хийж зохих хэмжээний эерэг нө­лөө үзүүлсэн нь их юм.
Да­раа­гийн арга хэмжээ нь нэр бүхий хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлсөн
явдал. Тэртэй тэргүй нам нь Засгийн газраас гарч байгаа болохоор дэд
сайд Б.Ариунсанг огцруулсан нь инээдтэй. Тэгээд ч “Яг үнэндээ Баяраа
өөрөө ойчсон юм билээ” гэгчээр гадаадад албан томилолтоор ажиллаж явсан
Эрдэс баялаг эрчим хүч­ний сайд Д.Зоригт өөрөө Б.Ариунсанд утсаар
заавар­чилгаа өгч, түүний дагуу ша­тахуун импортлогчид үнээ нэмсэн юм
байна билээ. Нэ­гэн сайдын амаар өгсөн ха­риуцлагагүй шийдвэрээр улс
орны эдийн засгаар тоглож болдогийн нэг жишээ энэ. Шатахуун
импортлогчдын хувьд уучилж болшгүй нэгэн том ал­даа гаргасан. Энэ нь ард
түмнийг “тэ­нэг” хэмээн доромжилсонтой адил юм. Юу гэвэл манай шатахуун
импортлогчдын бизнесийн цикль нь нэг сарын хугацаатай байдаг. Өөрөөр
хэлбэл нэг сарын хугацаанд зарж борлуулах шатахуунаа нөөц­лөөд,
тооцоогоо ам.доллараар хий­нэ. Нэг сарын дотор шатахуунаа бор­луулж,
ам.доллар нь төгрөг бо­лоод орж ирдэг. Түүнээс их хэм­жээгээр авах
агуулах ч байхгүй. Гэ­тэл Эрээний наймаачид аятай хэдэн сарын нөөц
авчихсан байтал ам.дол­ларын ханш өсөөд алдагдалд орчихсон мэтээр
тайлбарлаж буй нь дэндүү гэнэн хэрэг төдийгүй ир­гэдийг басамжилсан
явдал байв. Нө­гөөтэйгүүр шатахууны үнийг үгсэн тохирч нэмчихээд
ам.долларын хан­шийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа нь макро эдийн
засгийн нөх­цөл байдалд ч аюултай билээ. Харин үүний оронд гадаад нөхцөл
байдал талаас нь, тухайлбал ОХУ-д шатахууны үнэ яагаад өсөж байгаатай
холбон тайлбарласан бол үнэнд нийцэх байлаа. Цаашид ч ОХУ-д
Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор шатахууны үнэ
өснө. Нэгэнт монгол­чууд ирэх гуравдугаар сараас өмнө газрын тосны
үйлдвэрүүдээ бариад, ашиглаад, шатахуун гаргаж авч, хэ­рэглэж амжихгүй
нь үнэн учраас дахиад л шатахууны хомсдолд орох нь дамжиггүй. Гэтэл
яагаад энэ үнэ­нийг хэлж чадахгүй байгаа юм бэ гэдэг нь хачирхалтай.
Ямартай ч ша­тахуун импортлогчид өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш
2-3 хувиар өсөж байхад шатахууны үнээ 18 хувиар нэмчихээд Монголбанк руу
буруугаа чихээд сууж байсан тэнэг­лэлээ давтахгүй байх гэж найдъя.

Хамгийн гол буруу юунд байсан гээч. Гадаад зах зээл дээр газрын тосны
бүтээгдэхүүний үнэ өсөөд бай­гааг бүгд мэдэж байсан. Гэтэл Зас­гийн
газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас үнийн өсөлтийг зохиомлоор
барьж, ард түмэнд хайртай дүр үзүүлсэн. Энэ хооронд шатахуун
импортлогчдын нөхцөл байдал ч хүндэрч, эрсдлийн хэмжээ хуримтлагдсаар
60-70 хувьд хүрч, өнгөрсөн долоо хоногт “тэсэрсэн” нь ийнхүү иргэдэд
хүндээр туссан хэрэг. Нэгэнт Засгийн газар шата­хуун импортлогчдын
алдагдлыг нөхөж чадахгүй л бол бизнесийн бай­гууллагыг хүчээр ашиггүй
ажил­луулж болохгүй. Зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй байсан.
Гэтэл ийм тэсрэлтэд хүргээд, цаашид үнийг тогтоон барьж чадахгүйд хүрсэн
нь хэний буруу болж таарах вэ. Ерөөсөө энэ бол шатахууны үнийг тогтоох
механизм дээрээ алдаа гаргасан, ОХУ-д шатахууны үнэ өсчихөөд байгааг
нуугаад, шатахуун импортлогч компаниуд­тай тохиролцох нэрийдлээр
тог­тоон барьж аргацааж байсан Зас­гийн газар, Эрдэс баялаг, эрчим
хүч­ний яамныхны буруу. Дэд сайд Б.Ариунсанг огцрууллаа гээд шатахууны
үнэ хэдэн төгрөгөөр буурах юм бэ.  Газрын тосны газрын хоёр Амраа ч яах
вэ. Шуургыг зогсоож чадаагүй гээд өндгөөр шидүүлэхдээ тулсан байж гэж
бодъё. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахуун импортлогч
компаниудыг шалгаад, үгсэн тохиролцож үнээ нэмс­нийг тогтоомогц,
шалгасан газ­­рынх нь дарга Д.Мандахыг, ор­логч­той нь хамт огцруулахын
учир юу вэ. Үүний оронд гадаад зах зээл дээрх үнийн огцом өсөлт,
бүтээг­дэхүүнийн хомсдолоос зэрэг бодит эрсдэлээс сэргийлэх гарцыг хайж
олох нь чухал баймаар юм. Одоогийн байдлаар түүхий газрын тосны
ол­бор­лолтоор ОХУ нэгдүгээрт яваа. Хойд хөрш хоногт 10.54 сая баррель
нефть олборлодог гэсэн аугаа үзүү­лэлтээрээ  дэлхийд яах аргагүй
тэр­гүүлдэг. Тиймээс тус улстай “хэл ам”-аа ололцох замаар асуудлыг
шийдвэрлэнэ үү гэхээс зах зээлийн үнийг хүчээр тогтоон барих аргаар хол
явахгүйг өнгөрсөн үйл явдал харууллаа.

Донсолж буй Засгийн газраас эдийн засгийн хүнд нөхцөлд арай хурдтай,
дорвитой алхам хий­сэн нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар байлаа.
Тэрбээр өм­нөд хөрш рүү яаран айлчилж, неф­тийн бүтээгдэхүүн урт
хугацаанд нийлүүлэхийг хүсэж, ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг
Мон­голоор дайран өнгөрүүлэх, Оюутол­гой төслийн хэрэгцээт эрчим хүчийг
Өвөрмонголоос татах зэрэг онц чухал асуудлыг хөндөн хэлэлцээр хийсэн
байна.

Дашрамд дурьдахад Засгийн газрын хуралдаанаар “Дэд сайд, агентлагийн
дарга нарыг халсанаас болж ажил цалгардуулахгүй байх”-ыг Тэргүүн шадар
сайдад даалгасан. Гэтэл Ерөнхийлөгч энэ шийдвэрийн дараахан Ерөнхий
сайдтай уулзахдаа “Тэргүүн шадар сайд” гэдэг албыг “delete” хийхийг
санал болгов. Тий­мээс Засгийн газар зөвхөн Д.Зо­ригттойгоо ярилцах
хэрэгтэй болж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч “Ша­тахууны үнийн өсөлтийг
тогтоон барьж чадаагүйгээс иргэд хохирсон явдалд Засгийн газар
хариуцлага алдсан”, “Тулгамдсан асууд­лаа тухайн цагт нь шийдвэрлэж
чаддаггүй, алдааныхаа хойноос тайл­барлаж ярьсаар байгаа”-г шүүм­жиллээ.
Мөн цаашид нөхцөл байдлаа Ерөнхий сайдад урьдчилан мэдээлж, дараа нь
шатахууны үнэд өөрчлөлт хийдэг байхыг холбогдох хууль журамдаа оруулахыг
санал болгов. Ерөнхийлөгчийн зөв. Шатахууны үнэ гэнэт огцом нэмэгдэж,
эдийн засагт хямрал үүсчихээд байхад дэд сайд мэтийн “жараахай”-тай
хариуцлага тооцоод яах билээ. Тэр тусмаа нам нь Засгийн газраас
гарчихаад байхад хойноос нь өшиглөх мэт огцруулах шийдвэр гаргасан нь
“онигоо” бол­лоо шүү дээ. Монголчууд “Буцах хүнээр ачаа бүү татуул”
гэдэг. Цаа­шид шатахууны үнэ нэмэгдвэл Ерөнхий сайд нөхцөл байдлыг мэдэж
байдаг, тогтоон барьж чадахгүй бол хариуцлага хүлээдэг болох нь гэж
найдъя.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж