“Алтан бөмбөрцөг” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Алтан бөмбөрцөг” эхэллээ

“Алтан бөмбөрцөг”-ийн 69 дэх кино наадам өчигдөр Калифорнийн Беверли Хиллзд эхэллээ. Америкийн кино академийн дээд шагнал гардуулах өдрөөс зургаан долоо хоногийн өмнө болдог энэхүү наадмын “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд “Оскар”-ын наадмын өнгө зүсийг тодорхойлдог гэж болно. Шог наргиаг тунг тааруулж чаддаг Ри́ки Жерве́йс  хөтлөгчийн үүргийг хүлээжээ.  Наадмын зочид, гийчид түүнийг “Оскар”-ын наадмын үеэр ямар наргиа хийх гэж байгааг нь мэдэх гэж үг унагахаар хичээж байгаа ч мань эр “Twitter”-тээ “Миний юу бодож байгааг чөтгөр л мэднэ” хэмээн хошигножээ.  “Алтан бөмбөрцөг” наадмын хамгийн их анхаарал татаж байгаа хүн нь жүжигчин найруулагч Жорж Клуни юм. Түүний "The Descendants" болон "The Ides of March" хоёр бүтээл нь шилдэг драмын бүтээлд нэр дэвшсэн байгаа. Жүжигчин эр өөрөө "Descendants" киноны дүрээр шилдэг эрэгтэй дүр, "The Ides of March" киногоор  шилдэг найруулагч, дэлгэцийн шилдэг бүтээлд нэр дэвшжээ. Уг киноны гол дүрийг бүтээсэн Райн Гозлин шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэх магадлалтай аж.

Тэрбээр мөн "Crazy, Stupid, Love" киноны дүрээр инээдмийн киноны шилдэг дүрд нэр дэвшжээ. “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг драмын бүтээлд Брэд Питтийн гол дүрд нь тоглосон  "Moneyball" хэмээх бейсболын тухай кино болон Стивен Спильбергийн найруулсан "War Horse" зэрэг кинонууд өрсөлдөх аж. Мөн уг төрөлд нэр дэвшсэн  "The Help," хэмээх кино шилдэг дүр, шилдэг туслах дүр, шилдэг хөгжмийн зохиол төрөлд нэр дэвшсэн байна. Домогт найруулагч Мартин Скорсезийн 3D бүтээл болох "Hugo" шилдэг найруулагчийн шагналыг түүнд авчирч магадгүй аж. Холливудын хамгийн үнэтэй жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон Холбооны мөрдөх товчооны дарга Эдгар Хуверын тухай өгүүлэх "J.Edgar", Майкл Фассендерын тоглосон "Shame." шилдэг драмын шагналд горьдлого тээж байгаа аж. “Алтан бөмбөрцөг” наадамд өмнө нь 25 удаа нэр дэвшиж, долоон удаа энэ шагналын эзэн болж байсан жүжигчин Мерил Стрийп энэ удаа "The Iron Lady" киноны Их Британийн Ерөнхий сайд агсан Маргерет Тетчерийн дүрээр шилдэг эмэгтэй дүрийн шагналд нэр дэвшлээ. Харин түүнтэй "Albert Nobbs," киноны продюсер, гол дүр Глен Глос өрсөлдөх ажээ.

“Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг инээдмийн кино, мюзиклийн төрөлд нэр дэвшсэн бүтээлүүд тодорчээ. Энэ удаа "The Artist," "50/50", "Bridesmaids", "Midnight in Paris" болон "My Week With Marilyn" зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн байна.  Эдгээрээс "The Artist"  зургаан төрөлд нэр дэвшсэнээрээ бусдаас ялгарч байна. Кинонд тоглосон Жан Дюжарден шилдэг туслах дүрд нэр дэвшсэн бол Людовик Бурс шилдэг гэрэлтүүлэг, Мишель Хазанавич шилдэг найруулагч, бүтээл нь дэлгэцийн шилдэг бүтээлд нэр дэвшжээ. Вуди Аллены "Midnight in Paris" кино найруулагчдаа  шилдэг найруулагч, дэлгэцийн шилдэг бүтээлийн шагнал авчирч магадгүй байна. Мөн Оувен Уилсон инээдмийн киноны шилдэг эрэгтэй дүрийн шагналд нэр дэвшжээ.

Жүжигчин Мишель Уиллиамс тоглосон Мерлин Монрогийн тухай "My Week With Marilyn"  кино түүний нэрийг шилдэг дүрд нэр дэвшүүлсэн бол хамтран тоглогч нь шилдэг туслах дүрийн шагнал хүртэж магадгүй аж. Инээдмийн киноны шилдэг дүрийн шагналд тэдэнтэй "Carnage," киноны Кейт Уинслет, Жоди Фостер,  "Young Adult"киноны Чарлиз Терон нар өрсөлдөх юм. “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг энимейшн киноны төрөлд "The Adventures of Tintin”, "Arthur Christmas",  "Cars 2" "Puss in Boots"  болон "Rango." Өрсөлдөх гэнэ.

Үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг, кино шүүмжлэгчдийн дуртай төрөл гадаадын шилдэг кинонд Анжелина Жолигийн найруулагчийн анхны бүтээл "In the Land of Blood and Honey,"Хятадын "Flowers of War" Бельгийн "The Kid With a Bike", Ираны "A Separation" Испанийн "The Skin I Live In" зэрэг бүтээл нэр дэвшээд байна. Эцэст нь телевизийн шилдэг цуврал киноны төрөлд “Showtime”-ын "Episodes", шилдэг дүрд Мэтт Лебланк, Лаура Дерн нар нэр дэвшээд байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж