Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Гайхалтай” гэх үү эсвэл “Үнэхээр гоё” гэж хэлэх үү… Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй тийм гацаанд орж орхилоо, үзэгчид. Өнгөрсөн бямба гаригт 15.00, 19.00 цагт А.Аданы “Жизель” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон юм. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохо нар гоцолсон гэдгээрээ тоглолт онцлог байв. Энэ тоглолтыг үзэгчид их хүлээсэн. Их хүлээлт үүсгэсэн тоглолт учир үзэгчид сэтгэл догдлон театрыг зорьсон биз.

Нэг өдөр хоёр удаа “Жизель”-ийг тоглосон нь бүжигчдээс нэлээд хүч, хөдөлмөр шаардсан хэрэг болсон. Өдрийн 15.00 цагийн тоглолтод “Жизель” балетын эхний үзэгдэлд алдарт Тамара Рохо бүжиж, хоёрдугаар үзэгдэлд Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон гоцлов. Үүнд үзэгчид жаахан дургүйцсэн. Бүр зарим нэг үзэгчид “Хууртагдчихлаа, яг л хэн нэг нь хуураад үзүүлчихсэн юм шиг санагдлаа” гэж байсан бол нөгөө хэсэг нь “Г.Цолмон үнэхээр мундаг гэдгээ харуулж чадлаа, Тамара, Цолмон хоёр хоёулаа мундаг. Монголын бүжигчид дутахгүй байна” хэмээн магтан ярилцаж байлаа. Энэ бүгдээс харахад хүн бүрт л өөр, өөр мэдрэмжийг мэдрүүлсэн тоглолт болж өнгөрөв. Д.Алтанхуягийн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” нь Монголын балетын урлагийг дэлхийн түвшинд хүртэл хөгжүүлж, бүжигчдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн алдартай бүжигчидтэй туршлага солилцох зорилготой юм. Тиймээс ч “Жизель”-ийн хоёрдугаар үзэгдэлд Монголын урдаа барьдаг Жизель болох Г.Цолмонг гаргаж, Монголын бүжигчдийн ур чадвар дэлхийн төвшинд хүрч байгааг харуулах зорилготой байсан биз. Үнэхээр ч Г.Цолмон тайзнаа эрч хүтэй, өөртөө итгэлтэйгээр гарч, ёстой л нэг үзүүлээд өгсөн дөө. Д.Алтанхуягийн тухайд ярих зүйл үгүй, тэр тайзыг эзэгнэсэн.

Харин оройны тоглолтын тухайд үзэгчид сэтгэл хангалуун театраас гарсан. Удирдаач Марк Черчил симфони найрал хөгжмийг удирдан тоглуулж, удирдтгал хөгжим эгшиглэхэд үзэгчид дор бүрнээ сэтгэл хөдлөлөө барьж, анхааралтай гэгч хөгжмөө сонссон. Танил болсон улаан хүрэн хөшиг нээгдэж, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ихэмсэг гэгч нь алхалсаар тайзнаа гарч ирэв. Үзэгчид түүнийг халуун алга ташилтаар угтаж, Тамара Рохо ч тайзнаа бүжиж эхлэв. Бас л алга ташилт. Үзэгчдийн энэ их алга ташилт үнэндээ утгаа алдаж эхэлсэн. Тэдний хөдөлгөөн бүрт нь “браво, үүү, үүүү” хэмээн уухайлж, алга таших нь хөгжимчдөд ч уран бүтээлчдэд хэцүү санагдсан биз. “Ямар циркийн үзүүлбэр үзэж байгаа биш дээ” хэмээн театрт байнга тоглолт үзэж сурсан үзэгчид тэдний шүүмжилж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Оройны тоглолтод Тамара Рохо бүх үзэгдэлд гоцолсон. Тэр бол дэлхийд алдартай Жизель. Түүний хөдөлгөөн бүр нь урсгал усны долгио шиг зөөлөн. Тамара Рохогийн хувьд техник, ур чадвар жүжиглэлт нь бүр гайхалтай гэж хэлмээр. Гэхдээ яагаад ч Монгол бүжигчдийнх шиг эрч хүч жаахан дутмаг юм шиг санагдсныг нуух юун. Магадгүй баасан гаригийн өглөө үрээр Монголд ирээд шууд л тоглолтын бэлтгэлдээ орсон учир бага зэрэг тамирдсан байж болох. Гавяат жүжигчин Д.Алтанхуягийн амилуулсан Альберт бол маш ихэмсэг дүр. Д.Алтанхуяг маш хянамгай, нарийн, жижиг бүх л зүйл дээр анхаарч ажиллаж, Альбертын үзэл бодлыг бүжиг, жүжиглэлтээрээ үзэгчдэд харуулж, мэдрүүлж чадсан. Тэр дахиад л үзэгчдийг эзэмдэж, дараа дахин хэзээ ирэх бол, ямар гайхалтай тоглолтыг үзүүлэх бол гэх хүлээлтийг үзэгчдийн сэтгэлд үлдээж орхив. Д.Алтанхуягтай, Тамара Рохотой ийм нэгэн үдэш хүн бүрт өөр, өөр мэдрэмжийг өглөө.

Гэрэл зургийг Obscura
М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж