Ардын намын удирдлагууд Засгийн газарт орон гарсан сайд нарын оронд хэнийг томилох вэ гэдгийг хэлэлцэж байгаа. Тэд байж болох хувилбарыг тооцоолж байна. Энэ нь “Салбарынхаа ажлыг сайн мэддэг хүмүүсийг сайд, дэд сайдаар томилох талаар ярьж байгаа” гэсэн үг л дээ. Харин нөгөө талаар тухайн албан тушаалд төдийлөн тохирохгүй, туршлага багатай, залуу хүмүүсийг томилж болох талаар ч хэлэлцжээ. Тэдгээр хүмүүсийг сайд, дэд сайдаар томилсноор УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардын намын хийгээд тухайн хүний амжилтад нааштайгаар нөлөөлөх учраас тэр гэнэ. Аль нэг яамны сайд, дэд сайдаар зургаан сарын хугацаанд ажиллана гэдэг нь УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй залуу улстөрчдийн нэр хүндэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх учиртай ажээ. УИХ-ын сонгуулиар “Би тэр яамны сайд, дэд сайдаар ажиллаж байсан” гэвэл хүмүүс нааштайгаар хүлээж авна гэсэн үг юм уу даа. УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд ч үүнийг нотолж “Өмнө нь улс төрийн болон төрийн албан тушаал хашиж байгаагүй, залуу гишүүдээ гаргаж ирэх бодолтой байгаа гэсэн” гэж байна. Харин үүнийг дэмжихгүй байгаа нэг хэсэг нь “Удирдах зөвлөлөөс “Сонгуульд өрсөлдөхөөр горилж буй залуу улстөрчдөө сайдаар томилогдоход нь дэмжлэг үзүүлье” гэж байсан. Шинээр томилогдсон сайд, дэд сайд нар зургаан сарын хугацаанд тухайн салбарын ажлыг хариуцна. Хэдий богино хугацаа ч улсын ажил явдгаараа явна. Орхигдуулж болохгүй” гэлээ. Ямар ч байсан Ардын намынхан орон гарсан зургаан сайдынхаа гурвыг УИХ дахь Ардын намын бүлгээс, гурвыг нь УИХ-ын гишүүн бус намын гишүүдээсээ сонгоё гэсэн шийдэлд хүрсэн ажээ. Ардчилсан намынхан Засгийн газраас гарах өргөдлөө өгсөнтэй зэрэгцэн “Орон гарсан дэд сайд нарын оронд хүн томилохгүй байвал яасан юм” гэлцэж эхэлсэн. Түүнчлэн УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Ардчилсан намын даргад зориулан гаргасан Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хэвээр үлдээх үү гэдэг нь шийдэлд хүрч чадахгүй байгаа асуудлын нэг. Тэргүүн шадар сайд, дэд сайд бол хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам, Ардын намын 40:60 гэсэн харьцааг хангах үүднээс гаргаж ирсэн албан тушаал. Нэг битгий хэл хоёр дэд сайдтай яам ч бий. Тиймээс “Байх шаардлагагүй. Улсын төсвийг ч тодорхой хэмнэнэ” гэж байгаа хэрэг. Гэхдээ энэ саналыг дэмжвэл одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа дэд сайдуудаа хэрхэх вэ гээд асуудал гарах учраас “Энэ удаад дэд сайдуудаа томилъё” гэж шийджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах үеэрээ Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг гэдгийг онцлоод Тэргүүн шадар сайд, дэд сайдуудын орон тоо шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Мөн сайд нарыг УИХ-аас биш, “гаднаас” томилбол зүгээр байгааг ч онцлов. Ерөнхий сайд түүний хэлсэн саналыг судалж, ажил хэрэг болгохоо амласан. Гэхдээ намын бодлого, үүсэх нөхцөл байдлыг бодсон ч тэр Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй болжээ. Хэрвээ Тэргүүн шадар сайд, дэд сайд нарыг томилохгүй гэвэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Нэг ёсондоо “бөөн ажил” ундарна гэсэн үг. Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүд ч “Хуульд өөрчлөлт оруулна гэвэл цаг их алдана. Түүний оронд орон гарсан сайд, дэд сайд нараа томилоод, ажлаа урагшлуулъя” гэсэн саналыг олонхиороо дэмжжээ.
Тэргүүн шадар сайд, дэд сайд нарыг шинээр томилох эсэхийг ийнхүү эцэслэн шийдээгүй байна. Гэсэн ч Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын нэгийг Тэргүүн шадар сайдаар томилох талаар Ардын намын удирдлагууд ярьж байгаа ажээ. Ч.Улаан гишүүний хувьд “Засгийн газарт Сангийн сайдаар л ажиллавал ажиллана” гэж байна. Н.Алтанхуягт зориулан гаргасан Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаалыг Ардчилсан намынхантай хамт үдэж ч мэднэ.
Харин орон гарсан таван яамны сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс тодорчээ. Ардчилсан намынхан Засгийн газраас гарах гэж байгаагаа мэдэгдсэний маргаашаас “Эрүүл мэндийн сайдаар Д.Очирбатыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Э.Мөнх-Очирыг томилно” гэх мэдээлэл гарсан. Нам нь энэ эрхэмүүдийг сайдаар томилохоор шийдсэндээ бус эрхэм гишүүд өөрсдөө энэ албан тушаалд очих хүсэлтэй байсан учраас л дээрх мэдээлэл гарсан хэрэг.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Загджав Батлан хамгаалахын сайд, Д.Арвин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болохоор санаархаж, намын удирдлагууддаа энэхүү хүсэлтээ уламжилж байгаа ажээ. Гэхдээ батлан хамгаалах, цэрэг, цагдаагийн асуудлаас хол Д.Загджавт энэ салбарыг хариуцуулж байснаас аав, ээж нь цэргийнх байсан, өөрөө офицер цолтой Д.Арвин Батлан хамгаалахын сайд болсон нь хамаагүй дээр санагдана. Батлан хамгаалахын сайдаар нэрийг нь ярьж байгаа хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Гэсэн ч тэрбээр өөрөө сайд болох хүсэлгүй байгаа гэнэ. Тиймээс Ардын намын удирдлагууд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Жекей нарын нэгийг Батлан хамгаалахын сайдаар томилуулахаар тохиролцож байгаа ажээ.
Харин Сангийн сайдаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилуулахаар хэлэлцжээ. Хэрвээ Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болчихбол түүний ажлыг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад удаагүй байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар авна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар сонгож болох дараагийн хувилбар нь УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Авто замын газрын дарга асан Б.Цэнгэл нар. Мөн Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг томилох бодолтой байгаа гэнэ. Хэрвээ Б.Цэнгэл, Н.Хүрэлбаатар нарыг сайдаар томилуулахаар болбол “Орон гарсан сайд нарын тал хувийг УИХ-ын гаднах хүмүүсээс сонгоно” гэсэн амлалт нь биелэх нь. Тэднээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болох магадлалтай хүмүүсийн тоонд оруулсан аж. Тэрбээр өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Ардын намын удирдлагууд сайдаар томилуулах хүсэлтэй байгаа хүмүүсийн нэрсийг энэ долоо хоногийн пүрэв гарагт болох УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах бодолтой байгаа аж. Тиймээс өнөөдөр болох Ардын намын бүлгийн хуралдаанаар сайдаар томилуулах хүмүүсийнхээ нэрийг хэлэлцүүлэх бололтой.
Т.Урангэрэл