Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигийн аваргын төлөөх сүүлийн барилдаанууд өчигдөр болж, энэ улирлын аваргууд тодорлоо. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатарын харьяалагдаж буй “KSV Kollerbach” клуб финалд “SV Germania Weingarten” багтай өрсөлдсөн. Нэгдүгээр сарын 7-нд болсон эхний барилдаанд “KSV Kollerbach” клуб өрсөлдөгчийнхөө талбайд зочилж, 21:18 харьцаатай ялалт байгуулаад байсан юм. Харин өчигдөр болсон хариу барилдаанд Б.Наранбаатарын баг 24:12 харьцаатай ялагдсанаар хоёр барилдааны нийлбэрээр “SV Germania Meingarten” клуб Бундеслигийн аваргын цом өргөжээ. Өчигдөр болсон барилдаанд “KSV Kollerbach” клубээс чөлөөт бөхийн 60 кг-д Б.Наранбаатар, сонгомолын 66 болон 84 кг-д ялалт байгуулсан ч бусад жингийн бөхчүүд нь ялагдсанаар нийлбэр дүнгээр 24:12 харьцаатай ялагдал хүлээжээ. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын харьяа Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын тамирчин, Гавьяат тамирчин Б.Наранбаатарын тухайд 2007 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2011 оны Европын аваргын мөнгөн медальт, Албанийн бөх Сахит Призренитэй барилдаж, 1:0, 1:0, 4:0 оноогоор гурван үед өрсөлдөгчөө ялсан байна.
Германы Зарбрукен хотын “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулсны дагуу хоёр дахь жилдээ Бундеслигт зодоглосон Б.Наранбаатар ийнхүү есөн барилдаанаас долоо ялж, хоёр ялагдсан амжилттай энэ улирлыг үдлээ.
Бундеслигт энэ улиралд нийт 18 баг хөлбөмбөгийн лигтэй ижил дүрмээр өрсөлдсөн. Ингэхдээ нэг баг чөлөөт бөх, сонгомолын тус бүр таван жинд тамирчдаа сойдог, мөн жингээ үзүүлээд шууд дэвжээнд гарч барилддаг, нийт таван үе барилддагаараа онцлогтой юм.
С.Цэлмэг