Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

“Бурхан үхчихсэн”

“БУРХАН ҮХЧИХСЭН”
(Фридрих Ницше)

Өөрийн бодол сэтгэлгээг нягт нямбай судалсан
байдлаараа өөр хэн ч, Ницшегийн төвшинд хүрдэггүй.

  Зигмунд Фройд

Ницше “Зороастер ийн өгүүлэв” (Зороастер буюу Заратустра бол ХТӨ 628-551 оны үед амьдарч байсан, парсизм хэмээх шашныг үндэслэгч, Ираны шашны шинэчлэгч, номлооч) хэмээх хамгийн их алдаршсан бүтээлдээ хүнийг давж гарах ёстой нэг үе шат гэж үзсэн юм. 1883-84 онд эхний гурван хэсэг нь бичигдэж, 1985 онд дөрөв дэх хэсгийг нэмснээр энэ зохиол бүтжээ. Тэр, хоорондоо холбоотой гурван үзэл санааг энэ зохиолдоо онилов: нэгд, “хүн”, түүний мөн чанар; хоёрт, бурхан; гуравт, ёс суртахуун буюу ёс зүйн тухай бидний ойлголтууд уруу довтолсон байдаг.

Ницшег амьд байхад үзэл санаа нь олон түмний дунд тэгтлээ тархаагүй юм. Тийм ч учраас “Заратустра ийн өгүүлэв” номынхоо төгсгөлийн хэсгийг хэвлүүлэх зардлыг хувиасаа гаргасан байдаг. Нас барснаас нь хойш 30 орчим жилийн дараа супер-хүний тухай түүний санаа нацизмын уран илтгэлийн нэг гол сэдэв болсон юм. Супер-хүн, ялангуяа жүүд-христийн ёс суртахууныг зайлуулах уриалга нь Европт, хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байсан учраас Гитлерийн хувьд харгис зорилгоо гүйцэлдүүлэх аятайхан далим болсон билээ.

Түүний философи дан ганц сөрөг үр дагавар үлдээсэн юм биш. Хүнд байдаг боломжийн талаарх аливаа зүйлд баригдаагүй Ницшегийн үзэл санаа, дэлхийн II дайны дараах философи сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлэв. Шашны тухай болон өөрийгөө үнэлэхийн чухлыг тэмдэглэсэн санаа нь Францын философич Жан-Поль Сартрын экзистенциалист бүтээлүүдэд залгамжлагдан үргэлжиллээ. Сартр, супер-хүний адилаар хүн бүр өөрийн оршихуйн утгыг тодорхойлох ёстой гэж үзэв. Өрнийн философийг хатуу ширүүн шүүмжилсэн нь философид төдийгүй Европ, тэрчлэн дэлхийн соёлд бүхэлд нь нөлөөлсөн юм.

Заратустра уулнаас бууж ирсэн нь

Зохиол, 30 настай Заратустра, ууланд амьдрахаар явж байгаагаар эхэлдэг. Арван жил ганцаар сэтгэл хангалуун амьдарсны эцэст гэнэт нэг өдөр ууланд байхдаа хуримтлуулсан мэргэн ухаанаасаа залхаж байгаагаа мэдэрнэ. Ингээд түүнийгээ хүн төрөлхтөнтэй хуваалцахын тулд уулнаас буухаар шийддэг.

Уулын бэлд нэгэн хөгшин даяанчтай тааралдав. Энэ хоёр, арван жилийн тэртээ Заратустраг уул уруу явж байх үед тааралдаж байжээ. Хөгшин даяанч, энэ арван жилийн хугацаанд Заратустрагийн өөрчлөгдсөнийг хараад, чи анх уул өөд явж байхдаа үнс авч явж байсан бол харин одоо уруудаж ирэхдээ гал авч иржээ гэв. Тэгээд Заратустрагаас “Чи өөрийн мэргэн ухаанаас хүмүүст хэлж, тэднийг тавгүй байдалд оруулж яах нь вэ?” гэж асуугаад “чиний хэлснийг ойлгох хүн байхгүй учраас ууландаа үлдсэн нь дээр дээ” хэмээн зөвлөлөө. Тэгэхэд нь Заратустра, ууланд үлдэж юу хийх билээ гэхэд даяанч тэндээ уйлж, дуулж, инээж, үглэж, бас Бурхныг магтан дуул гэв. Үүнийг сонсоод Заратустра, дотроо чимээгүйхэн инээж, түүнд сайн сайхныг хүсэн, өөрийн зам мөрийг хөөлөө. Явж байхдаа “Ийм байж яаж болдог байна аа! Өдий насалсан атлаа бурхны нас барчихсаныг сонсоогүй л юм байх даа” хэмээн өөртөө ярьсаар хүмүүс дээр ирж байгаагаар зохиол үргэлжилнэ.

Хүн бол амьтан болон супер-хүний хооронд татагдсан олс (татлага) юм

Хүн бол даван туулах буюу дамжин өнгөрөх ёстой тийм л зүйл. Супер-хүнд хүрэх шат-дамжлага төдий төгсжиж боловсрох яагаа ч үгүй “амьтан” аж. Энэ амьтан болон супер-хүний хоорондох амьдрал маш осолтой, яг л олсон дээгүүр яваа хүн шиг байдаг аж. Олсон дээр яваа хүний хувьд зогсох ч аюултай, эргэж харах ч бас аюултай. Нэгэнт олсон дээр гарсан л бол яваад байхаас өөр аргагүй. Амьдрал яг үүнтэй адил зүйл гэнэ. Яг энд л хожим гарч ирсэн экзистенциалист философийн утга гарч ирдэг. Ницшегийн супер-хүн бол оюун ухаан, бие махбодийн хувьд асар эрч хүчтэй нэгэн. Ийм хүн өмнө нь байгаагүй гэж Ницше үздэг ч хааяа жишээ татахдаа Сократ, Шекспир, Наполеон нарын нэрийг дурдсан нь тааралддаг.

Хүн, ганц л ертөнц байдаг юм байна гэдгийг ойлгосноороо чанагуух ертөнцийн бүх үнэт зүйлийн үндэс болсон алдааг гэнэт олж хардаг. Ингээд баримталж байсан бүх үнэт зүйл тэр ч бүү хэл, хүмүүн төрлийг олно гэдэг маань юу гэсэн үг вэ гэдгийг ч дахин шинээр авч үзнэ. Философийн бүх хуурмаглалыг ойлгосноор хүний талаарх хуучны ойлголтоо даван туулж чадах болно. Супер-хүн бол оршихуйг хүний амьдралын үүднээс батлах Ницшегийн баталгаа юм. Энэ хүн чанагуух бус одоо байгаа ертөнцийн утгыг зөөж чадах нэгэн, “манай дэлхийн утга учир” бөлөг өө.

Үндсэрхэг, эх оронч үзэл ер бусаар дэвэрч, колоничлол тэлж байсан үед Ницше, эдгээр асуудлыг хэлэлцэх сэдвээ болгосон цөөхөн сэтгэгчийн нэг байв. Заратустра ийн өгүүлэв-д маш тодорхой бичсэнээр үндэсний үзэл бол хүнийсэл болон уруудлын нэг хэлбэр юм. Энд тэрээр либертари үзэлтэй холбогдох маш чухал нэг санааг хөндсөн байдаг. Түүний хэлснээр, “хаана төр дуусаж байна, тэндээс хүн илүүдэл зүйл байхаа больж эхэлдэг.”

Бурхан үхчихсэн буюу хүн төрөлхтний ёс суртахууныг няцаасан нь

Бурхан үхчихсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн Ницшегийн гаргалгаа дараах маягтай байдаг: 1/ Христийн шашин, энэ ертөнцийн бүх юмс үзэгдлийг ач холбогдлоороо үхлийн “дараах” амьдралд хүрэхгүй хэмээнэ. 2/ Христийн шашин, энэ ертөнцийн амьдрал дахь хамгийн чухал гэж санагдаж буй зүйлсээс зайлсхийж, чанагуух ертөнцөд шилжин очихыг хичээ гэж сургадаг. 3/ Гэтэл энэ сургаал биднийг амьдралаас холдуулж байна. 4/ Христийн шашны “хүний” тухай ойлголт биднийг сул дорой болгодог.  5/ Нэмж хэлэхэд, Бурхан үхчихсэн.

Ницше, хүн төрөлхтөн, ёс суртахуун, Бурхан гэх мэт ойлголтууд хоорондоо салшгүй холбоотой гэж үзэв. Түүний зохиолын баатар Заратустра, “Бурхан үхсэн” гэж хэлснээрээ зөвхөн шашин уруу довтолсон юм биш, бүр ч илүү зоригтой алхам хийжээ. Энд яригдаж буй “Бурхан” бол шүтээн болсон тэр зүйл биш, бидний баримталдаг үнэт зүйлсийн цогц юм. Тэгэхээр Бурхны үхэл нь ариун гэгээн тэр зүйлийн төгсгөл биш, бидний уламжилж авсан бүх дээд үнэт зүйлийн төгсгөл байлаа.

Хүн төрөлхтний “бүх үнэт зүйлийг шинээр дахин үнэлэх”, амьдралын утга, зорилго болон ёс зүйн талаарх уламжлалт сэтгэлгээг эргэлзээнд оруулах явдал Ницшегийн философийн үндсэн зорилгуудын нэг байлаа. Ницше, дахин давтан ийм зүйлийг өгүүлж байснаараа хүмүүсийн өнөөг хүртэлх амьдралдаа баримталж ирсэн сайн, муугийн тухай бүх ойлголтыг няцааж, илүү сонирхолтой философийг үндэслэв. Түүнийхээр, бидний “сайн” гэж бодсон олон зүйл амьдралаас хөндий, хязгаарлагдмал байдаг аж. Бид, өөрсдийгөө олны дунд тэнэг байдалд оруулах нь “муу” зүйл гэж боддог учраас гудамжинд баяр хөөртэй бүжиглэх хүсэлтээс татгалздаг; маханбодийн хүслийг нүгэлт зүйл хэмээн үздэг тул хүсэл тачаал төрсөн үед өөрсдийгөө шийтгэдэг; хэрэгцээтэй учраас биш харин үүргээ гэж үздэгээс мал шиг хөдөлмөрлөдөг. Ницше, өмнөх философичдыг эсэргүүцэн, ийм амьдралыг эцэс болгож, хүн төрөлхтөн өөрсдийгөө өөрөөр харж чадна хэмээн үзжээ.

Өнгөрсөн үед хамгийн аймшигт нүгэл бол Бурхныг хараах явдал байсан, харин одоо амьдралыг хараах явдал нь аймшигт нүгэл хилэнц болж байна хэмээн Заратустра хэлдэг. Заратустра, ертөнцөөс зугтаж ууланд гарсан, мөн байхгүй Бурханд итгэхийг санал болгож, амьдралын дэг журмыг эвдсэн нь алдаа болжээ. Эндээс өв уламжлалыг няцааж, Өрнийн философийг дорд үзэх үзэл нь эхэлдэг.

Өрнийн философийг басамжилж, амьдралыг хараасан нь

Ницше, Өрнийн философийн хамгийн нандин уламжлал, ялангуяа дээрх гурван асуудалтай холбоотой сэдвүүдийг бут цохихыг оролдож, “лантуудан” философидож байлаа. Үнэнхүү сэтгэлийн хөдөлгөөнтэй, ширүүн дориун бичиж байсан учраас энэ ном нь тухайн үедээ философи гэхээсээ илүүтэй номлол-айлдвар мэт санагдаж байв. Ницшегийн ном, хүмүүсийн хүлээж байсан философилог, аналитик, тайван амгалан шинжгүй байсан ч зохиогч байр суурин дээрээ маш тууштай зогсож, тэс өөр үзэл санааг үргэлжлүүлэн боловсруулсаар байсан юм.

Ницшегийн хэлснээр, Өрнийн философийн түүх Грекийн философич Платоноос эхэлдэг. Плато, ертөнцийг бидний сэрлээр дамжин харагддаг “үзэгдлийн” ертөнц, оюун ухаанаараа дамжуулан ойлгодог “бодит” ертөнц хэмээн хоёр хуваасан. Түүний хувьд сэрлээр дамжуулан хүртэж буй ертөнц бол “бодит” бус юм. Учир нь, өөрчлөгддөг, муудаж үгүйрдэг. Өөрчлөгддөггүй, байнга байдаг “бодит ертөнц” гэж байдаг бөгөөд түүнийг бид сэтгэхүйгээрээ хүлээн авдаг. Ертөнцийг ингэж хоёр хуваасан явдлыг христийн сэтгэлгээтэй адил зүйл гэж Ницше үзсэн. Христийн шашин нь ирэх амьдралд өөрийгөө зориул, өнөөгийн амьдралд ач холбогдол бүү өг гэдэг. Ертөнцийг “бодит” ба “үзэгдлийн” хэмээн хоёр хуваасан платоч ба христэч үзэл санаа хоёр хоёулаа өөрсдийн тухай сэтгэлгээнээс ихээхэн хамааралт шинжтэй. Ертөнц дэх үнэт чанартай аливаа зүйл, энэ ертөнцийн сэтгэлгээнээс “чанагуух” зүйл байдаг гэсэн санаа хар аяндаа бидний амьдралыг няцааж байдаг. Тэгэхээр платоч, христэч энэ уламжлалын үр дүнд бид, амьдарч буй ертөнцөөсөө татгалзаж, түүнийг жигшин үзэх, өөрсдийн ертөнцөөс нүүр буруулах, өөр зүйл уруу тэмүүлэх ёстой болж байна. Ингэснээрээ бид, хаа нэгтээ байдаг төсөөллийн “бодит ертөнц”, санаанаасаа зохиосон зүйл үлгэр-домгийн тусын тулд энэ амьдралаасаа зайлсхийх болдог. Ницше, аливаа шашны номлоочдыг “үхлийг номлогчид” гэсэн. Учир нь тэдний сургаал, энэ ертөнц болон амьдралаас нүүр буруулж, үхэл уруу хандахад урам зориг өгдөг байна. Ингэж үзсэн учраас Ницше шашин, өв уламжлал, философи уруу довтолж, няцаасан хэрэг.

Нэгэнт бид “жинхэнэ ертөнц” гэсэн христийн ойлголтыг таягдан хаясан болохоор “жинхэнэ ертөнц” ба “үзэгдлийн ертөнцийн” хоорондын ялгааны тухай урт удаан хугацаанд оршсоор ирсэн санаа нуран унах эхлэлийг тавьжээ. Ницше “Жинхэнэ ертөнц” нь эцэстээ хэрхэн домог болсон тухай-даа үүнийг дараах байдлаар тайлбарлав: “Бид жинхэнэ ертөнцийг үгүй хийчихлээ. Тэгэхээр юу үлдэв? Үзэгдлийн ертөнц л үлдсэн юм болов уу? … Үгүй! Бид жинхэнэ ертөнцтэй хамт үзэгдлийн ертөнцийг ч үгүй хийсэн”. Ницше, эндээс философид “хамгийн удаан хугацаанд оршин байсан алдаа” төгсгөл болж байгааг харжээ. Хоёр ертөнцийн тухай санаа, “үзэгдэл” ба “бодит байдал”-ыг шохоорхдог шохоорхол дуусгавар боллоо. Энэ алдаа төгссөн нь хүн төрөлхтний оргил цаг ирж, хүмүүний дээд цэгт очлоо хэмээн Ницше бичив. Ийм утга санааг Ницше Заратустра ийн өгүүлэв номоосоо хойш 6 жилийн дараа бичсэн эссэндээ “Заратустра эхэллээ” гэсэн үгээр илэрхийлсэн байдаг.

Философийн ухааны доктор Б.Батчулуун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж