Монголчууд гурван жил дараалан ”Мастерс”-т түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Монголчууд гурван жил дараалан ”Мастерс”-т түрүүлэв

Казахстаны Алматы хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн “World Masters” тэмцээний 66 кг-ын жинд Монголын хоёр тамирчин аваргын төлөө барилдаж, энэ жинд дэлхийд ноёрхогч гэдгээ баталж чадлаа. 2010 онд болсон анхны тэмцээнд С.Мияарагчаа тус жинд аваргалж, өнгөрсөн жил Х.Цагаанбаатар түрүүлсэн бол энэ удаад хоёулаа финалдаж, түрүү булаалдав. Улмаар ОУХМ С.Мияарагчаа Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг цэвэр ялснаар жин, жингийн шилдэг 16 бөх урилгаар оролцдог нэр хүндтэй, чансаа өндөр тэмцээний хошой аварга боллоо. Ингэснээр тэрбээр чансааны 400 оноо нэмж байгаа бол Х.Цагаанбаатар 240 оноогоор чансаагаа ахиулах боломжтой болж байна.

2010 онд болсон анхны “Мастерс”-т аваргалж байсан тэрбээр энэ удаад эхний тойрогт Францын Луи Корвалтай оноолт таарч, цэвэр дийлсэн бол удаахь барилдаандаа ОХУ-ын шилдэг бөх Муса Могушковыг цэвэр, улмаар Японы жүдоч Моришита Жунпейг дахин цэвэр ялж, финалдсан. Харин Х.Цагаанбаатарын тухайд эхний тойрогт Азербайжаны Тарлан Каримовтой барилдаж, вазари үнэлгээгээр, дараа нь Армяны бөх Армен Назаряныг вазаригаар ялснаар хүрэл медалийн болзол хангасан. Улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Масаши Эбинумаг юүко үнэлгээгээр ялж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.

Жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаанд 66 кг-ын жинд ийнхүү Монголын жүдочид ноёрхож, алт, мөнгөн медалийн тавцанг эзэллээ. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар хагас шигшээ барилдаанд хоёул Японы бөхчүүдийг буулган авсан бөгөөд энэ жинд Монгол болоод Японы тамирчид медалийн тавцанг бүрдүүлэв. Түүнчлэн хагас шигшээд шалгарсан дөрвөн бөхийн гурав нь сүүлийн гурван жилийн дэлхийн аваргууд байлаа. 2009 онд Голландад болсон ДАШТ-д Х.Цагаанбаатар түрүүлж байсан бол 2010 онд Японы жүдоч Моришита Жунпей нутагтаа, харин өнгөрсөн жил Масаши Эбинума Парисын татамид дэлхийн аварга болж байсан билээ.

Тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жинд аваргууд тодорсон. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас 60 кг-д Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-ын жинд М.Бундмаа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар барилдлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Еркебулан Коссаевтай эхний барилдаанаа хийж, вазари үнэлгээгээр ялагдсан бол мөн тус жинд ОУХМ Г.Болдбаатар БНСУ-ын бөх Чой Гван-Хёнтой барилдаж, шүүгчийн саналаар ялагдал хүлээснээр тэмцээнийг орхисон байгаа. Харин 73 кг-д ОУХМ С.Ням-Очир эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, БНСУ-ын бөх Ван Ки-Чуньтай барилдаж, ялагдсан. Эмэгтэйчүүдийн тухайд хамгийн хөнгөн жин болох 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг эхний барилдаанд дэлхийн аварга Томоко Фүкүмид цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт хийлсэн ч хоёрдугаар тойрогт Бельгийн жүдоч Илсе Хейленд цэвэр ялагдсан. 63 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ц.Мөнхзаяагийн тухайд эхний барилдаандаа Хорватын тамирчин Марияна Мисковичйг юүко үнэлгээгээр ялсан ч удаахь барилдаандаа Голландын Аника ван Эмденд юүкогоор дийлдэж, энэ жилийн “Мастерс”-ыг орхисон.

Харин ням гаригт эрэгтэйчүүдийн 81, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд Монголын тамирчдаас -100 кг-д Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн нар, харин эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд нар зодоглолоо. Харамсалтай нь, тэмцээний хоёр дахь өдөр Алматыгийн татамид гарч барилдсан Монголын тамирчид хэсгийн барилдаанд бүдэрснээр тэмцээнийг орхисон юм.

-100 кг-ын жинд ОУХМ Б.Тэмүүлэн эхний тойрогт зохион байгуулагч Казахстаны тамирчин Максим Раковтой барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсан бол Н.Түвшинбаяр эхний тойрогт Бельгийн бөх Элько ван дер Геестийг цэвэр ялсан ч дараагийн барилдаандаа Голландын жүдоч Хенк Гролд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. ОУХМ П.Лхамдэгдийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Кайла Харрисонг юүко үнэлгээгээр ялсан ч медалийн төлөөх барилдаанд Словенийн Анамари Веленсект цэвэр дийлджээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж