Алтан сагс, Шинэ орчин төвүүд түрээсээ нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Алтан сагс, Шинэ орчин төвүүд түрээсээ нэмжээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд зарим худалдааны байгууллагууд түрээсийн үнээ хэтэрхий нэмж байна. Тэр нь худалдаачид буюу түрээслэгчдийн нуруун дээр ачаа болж, эргээд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гарцаагүй байдалд оруулж байгаа ажээ. “Алтан сагс”, “Шинэ орчин” төвүүд түрээсээ нэмснийг холбогдох албаны хүнээс тодруулсан юм. Энэ талаар Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Будхүү “Түрээслэгч, түрээслүүлэгч хоёр гэрээ байгуулсны үндсэн дээр харилцаа үүсч байгаа. Харин гэрээгээ хэн нэг нь зөрчсөн гэж үзвэл хуулийн байгууллагад хандах үндэслэлтэй. Төр бол хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож, үнийг тогтоох боломж байхгүй. Бидний хувьд иргэдээс ирсэн энэ мэдээллийн мөрөөр зохих удирдлагуудтай нь уулзаж, ярилцсан. Тэд 10 жил түрээсийн үнэ тогтвортой байсан, одоо нэмэхгүй бол ядаж доторх засвараа хийж чадахгүй байна гэсэн. Ер нь бизнесийн салбарт төр оролцоод байх боломжгүй. Хэрвээ хэтэрхий тэнгэрт хандсан үнэтэй болж, нэмэгдсэн бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэх зэрэгт хандах боломжтой. Хэрвээ өргөдөл гаргаад шалгуулан, зөрчил илэрвэл тодорхой хэмжээгээр үнийг зохицуулалт хийж болно” гэсэн хариултыг өгөв.   

 Эх сурвалж: www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж