Америкт мөнгө хэзээд хүрэлцээгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Америкт мөнгө хэзээд хүрэлцээгүй

АНУ-ын улсын өрийн хэмжээг нэн яаралтайгаар нэмэгдүүлэхгүй бол улс нь өөрийн үүргийг биелүүлж чадахгүйд хүрнэ. Ийм хүсэлтээ конгресст Барак Обама тавьжээ. Хууль тогтоогчид түүнийг зөвшөөрөх нь бараг ойлгомжтой. Өнгөрсөн удаагийн тэдний эргэлзээ нь АНУ-ын чансааны дээд үнэлгээг унагасан юм. Мөнгөний шинэ багц нь ерөнхийлөгчийн сонгууль хүртэл л хүрэлцэнэ.

Барак Обамагийн конгресст тавьсан хүсэлт нь улсын өрийн хэмжээг дахин 1,2 их наядаар нэмэгдүүлэх тухай юм. “Өмнө тогтоосон лимитийн хэмжээнээс 100 тэрбум доллараар бага гэдгийг конгресст сонордуулж байна. Төрийн үүргийг биелүүлэхийн тулд зээлийг нэмэх шаардлагатай” гэж Төлөөлөгчдийн танхимын спикер болон Сенатын даргад илгээсэн захидалдаа Барак Обама өгүүлжээ. Мөрдөгдөж байгаа хуулийн дагуу конгресс 15 хоногийн дотор ерөнхийлөгчийн хүсэлтэд хариу өгөх ёстой.

Хүсэлтийг хүлээн авбал улсын өрийн төвшин 16,394 их наяд ам.долларт хүрэн өнгөрсөн оны наймдугаар сард Обамагийн засаг захиргаа ба хууль тогтоогчдийн тохиролцсон заагт дөхөж очих юм. Намар тэд урт хугацаагаар маргаж байж өрийн төвшний заагийг 14,3-16,7 их наяд долларт тогтоохоор болсон билээ. Хэрэв тэр тохиролцоо хийгдээгүй бол АНУ техникийн дефольтыг зарлах байлаа. Гэхдээ хууль тогтоогчид улсын өрийн лимитийг өөрчлөхөөр зөвшөө­рөх­дөө ойрын 10 жилийн дотор түүнийг 1,2 их наядаар бууруулах арга олохыг шаардсан юм. Шийдвэрийг олохын тулд конгресс “супер тов­чоо” байгуулан түүнийгээ хоёр намын гишүүд ба Засгийн газрын төлөө­лөгчдөөр бүрдүүлжээ. Гэлээ ч хоёр намынхан төсвийн зарлагыг бууруулах нэгдсэн төлөвлөгөөг гаргаж чадаагүй. Бүгд найрамдах намынхан нийгмийн хөтөлбөрүүдэд хэмнэлт хийн том бизнест “татварын амралт” өгөн эдийн засгийн өсөлт ба ажилгүйдэлд нааштайгаар нөлөөлөх хэрэгтэй гэж зүтгэж байна. Ардчилсан намынхан жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, баячуудын татварыг нэмэгдүүлэх саналтай байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “супер товчоо” өөрийн зорилгоо мухардсаныг зарласан байв. “Ерөнхийлөгчийн явуулж байгаа төгсгөлгүй зээлдэлт нь манай эдийн засгийн үндэс сууринд, мөн хичээнгүйлэн ажиллаж байгаа америк хүн бүрийн санхүүгийн ирээдүйд аюул авчирч байна” хэмээн Сенатын Төсвийн хорооны тэргүүлэх бүгд найрамдагч Жефф Сешонс ерөнхийлөгчийн хүсэлтийг тайлбарлаж байна. Ерөнхийлөгчийн өөрийнх нь төсвийн комисс “түүхэн дэх хамгийн амархан хэлж болох эдийн засгийн хямрал” гэж нэрлээд байгаа хямрал руу Обама манай үндэстэнг түлхэж байна хэмээн тэр онцолжээ.

Гэсэн хэдий ч Обамагийн хүсэлтийг хууль тогтоогчид зөвшөөрөхгүй байж чадахгүй нь тодорхой. Наймдугаар сард хоёр намынхны улсын өрийн дээд төвшинг тогтоох удаан үргэлжилсэн маргаан тус орны зээлдүүлгийн чансааг бууруулахад хүргэсэн билээ. S&P агентлаг түүний чансаа эзэлж байсан Ааа-гаас Aa+ болон сөрөг дүгнэлттэй гарсан байв. Хожим бусад агентлагууд  АНУ нь дээд ангиллын зээлдүүлэгч гэдэгт эргэлзээ гаргасан байв. Moody’s, дараа нь Fitch АНУ-ын чансааны дүгнэлтийг “сөрөг” болгон буулгасан бөгөөд тэр нь хоёр жилийн дотор чансааг буулгах боломж 50 хувьтай гэсэн үг юм.

Цаашид өр нь үргэлжлэн нэмэгдэж ирэв. Ерөнхийлөгчийн засаг захиргаа нь өнөөгийн өрийн лимитийн тогтоогдсон төвшин энэ жилийн арваннэгдүгээр сард явагдах ерөнхийлөгчийн сонгууль хүртэл л хүрэлцээтэй гэж үзэж байна. Дараа нь түүнийг нэмэгдүүлэх талаар дахин тохиролцох хэрэг гарна.

Өрийн хэмжээг зузаатгах нь ганц боломж гэдэгтэй эдийн засагчид санал нэг байна. “Ирээдүйд АНУ-ын төсвийн зөрөө хэвээр байх учраас тэр нь улсын өрийн хэмжээг өсгөх нь зайлшгүй” гэж Deutsche Bank-ны ерөнхий эдийн засагч Ярослав Лисоволик хэлж байна. Байдал таатай биш. Түүнээс гарчихаар зам харагдахгүй байгаа. Холбооны нөөцийн систем нь мөнгө хэвлэн түүгээр дэлхийн эдийн засгийг угжиж байгаа нь төлбөрийн өндөр найдвартай үнэт цаасны орлогыг буулгаж байна.  Хоёроос дөрвөн жилийн дараа өрийн төвшингөөс болон нийгмийн үндэс суурийг бүрдүүлдэг  бүтцүүд тухайлбал, Тэтгэвэрийн сан зэрэг нь дампуурлаа зарлахад хүргэх аюултайг шинжээчид сануулж байна. Улсын өрийн асуудал дахин босч ирсэн нь улс орныг хямралаас гаргах лидер гэгдэж буй Обамагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж