Багш нарт урамшуулал олгох уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Багш нарт урамшуулал олгох уу?

Орон нутгийн багш нарт урамшуулал олгох төсөл хэлэлцүүлэгт орж ирэв

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн гол сэдэв нь боловсролын асуудлууд байлаа. Эхэнд нь  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлгийг хийсэн юм.

Уг хуулийн төслийн агуулгыг тайлбарлавал сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, номын санч, сургуулийн эмчид хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны таван жил тутамд нэг удаа зургаан сартай тэнцэх тэтгэмжийг өөрийн ажиллаж байгаа байгууллагаас олгохоор өөрчлөлт оруулж, мөн боловсролын байгууллагад ажиллагсдыг таван  жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Я.Батсуурь “шинжлэх ухаан, технологийн чиглэлээр их, дээд сургуулиудын хийж буй дэвшилтэт сургалт, судалгааны ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд тодорхой төсөв гаргах” талаар хуульд тусгах талаар санал гаргасан бол  гишүүн Н.Ганбямба “боловсролын сургалтанд баялаг бүтээдэг салбар 20 хувь байхад, баялаг бүтээдэггүй салбарынхан 80 хувьтай байна. Үүнийг урвуулж байж үр дүнд хүрнэ” гэх саналыг хэлж байлаа. Ийн хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт нь шилжүүлэхээр болжээ. 

Дараа нь хэлэлцсэн төсөл мөн л Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн хуулийн тухай байлаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Тэрээр багшийн нэр хүндийг өргөх, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн тогтолцоог сайжруулах чиглэлд уг хуулийн төсөл нэлээд ач холбогдолтой гэж байв. Гишүүд төсөлтэй холбогдуулан багш нарын нийгмийн асуудалд анхаа­рах, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг барих, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгох, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд төр анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байлаа. Гэхдээ гишүүдээс өргөн барьсан хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй агуулгын хувьд ижил төстэй, зарим заалт давхцаж байгаа тул ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн санал гаргав.

Эдгээр хуулийн төслүүдийн гол заал­тууд нь урамшууллын зохицуу­лалттай байсан тул танхимд эсэргүүцэл ч гарч байлаа. Тухайлбал, З.Энхболд гишүүн “саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулиар 2012 оны 1 сарын 1-нээс эхлэн иргэдэд өгөх мөнгийг хориглосон. Тэгэхээр одоо яригдаж байгаа 36 сарын тэтгэмж болоод түүнчлэн эх, хүүхдэд мөнгөн тэтгэмж зэрэг нь бүгд хуулиараа хориотой болж байгаа юм. Хэрвээ мөнгө олгохтой холбоотой асуудлыг батлаад явбал нам сонгуульд орох боломжгүй болно. Иймд хүмүүсийн гарт очих урамшуулал, тэтгэмж зэрэг мөнгөтэй холбоотой асуудлыг батлах боломжгүй байгааг бүлгүүд анхаараачээ гэж хэлмээр байна” гэлээ.

Түүний энэ шүүмжлэлд УИХ-ын дэд дарга Н.Энхболд хариу шүүмж өгч “УИХ-ын ажил, намын ажлыг хооронд нь ялгаж салгаж үзэх нь чухал” гээд асуудлыг цааш үргэлжлүүлэхийг хүсэв.  Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ. Энэ өдрийн чуулганы хуралдааны дундуур Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн гишүүдийн 82,1 хувийн саналаар хууль батлагдлаа. Ингэснээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдэж байгаа юм. Харин ямар шалгуураар оюутанд сар тутамд тэтгэлэг олгох тухай асуудлыг хуульд заасны дагуу Засгийн газар ирэх долоо хоногоос авч хэлэлцэн, журам батлахаар боллоо.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж