АН засгаас гарч, МАН засгийн эрхэнд үлдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

АН засгаас гарч, МАН засгийн эрхэнд үлдэв

2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг үл хайхран, УИХ-д олонхи суудал авсан хоёр намын үгсэж байгуулсан “стандарт бус” тодотголтой хамтарсан Засгийн газар унасан нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол үйл явдал боллоо. Хамтарсан Засгийн газрын гэрээний нэг талд зогссон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намаа засгаас гаргах тухай мэдэгдлийг хийснээс зургаа хоногийн дараа тус намын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ хуралдаж, намын даргынхаа мэдэгдлийг албан ёсоор баталгаажууллаа.

Эргэн сануулахад 2008 оны сонгуулийн дараа Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн зүгээс СЕХ сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчин УИХ-ын сонгуулийн долоон тойрогт тухайн үед эрх барьж байсан МАХН-ын удирдлагын заавраар луйврын ажиллагаа явуулсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн тухай мэдэгдлийг хийснээр нийслэлийн сонгогчид Сүхбаатарын талбайд гарч, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан билээ. Сонгуулийн дүнг зарласны маргааш зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалыг тараасны дараа жагсагчид эрх баригч МАХН-ын байр луу шилжиж, нам нь сонгуульд ялалт байгуулсан тухай хэвлэлийн бага хурал зарлаад байсан МАХН-ын дарга С.Баяртай уулзахаар очсон билээ.

Гэвч МАХН-ын дарга жагсаг­чид­тай уулзахаас татгалзсан тул үүнд нь хилэгнэсэн олон намын байр луу довтолж, МАХН-ын удирдлагууд цагдаагийн хамгаалалтын дор намынхаа байрыг орхисон. Гэвч шөнийн 02 цаг хүртэл үргэлжилсэн цагдаагийнхан болон жагсагчдын мөргөлдөөний улмаас МАХН-ын байр бүхэлдээ шатаж, Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оройн 22.00 цагийн орчимд онц байдал зарласны дараа таван хүний амь хохирч, арав гаруй хүн бууны суманд оногдон, 700 гаруй залуус баривчлагдан хоригдож, тэднээс 200 гаруй нь эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн билээ.

Монголчуудыг бүхэлд нь хоёр талцуулсан хар өдрүүдийн дараа Монголын улс төрийн хоёр нам хэлэлцээрийн ширээнд сууж, улс төрийн энэ хурцадмал байдлаас гарахын тулд засгийн эрх мэдлийг хамтран хэрэгжүүлэхээр болсон нь үнэн. Үүнээс болж Ардчилсан намынхан “таван хүний амиар төлбөр хийж таван сайдын суудал авсан” хэмээн зэмлүүлэхэд хүрсэн билээ. Гэвч гурван жил зургаан сарын дараа Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрт хүрэв. Гарч байгаа шалтгаанаа хамтарсан Засгийн газрын гэрээний нөгөө талд зогссон МАН-ын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, үүнийх нь төлөө Ардчилсан нам ард түмнээсээ уучлал гуйхаар болсон. Үүгээр хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, С.Батболдын танхимын дахин эмхлэх ажил эхэллээ.

Ардчилсан нам засгийн газраас гарч буйтай холбогдуулан хамтарсан Засгийн газарт намаа авч орсон Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэсэн байр суурь өнгөрсөн долоо хоногт хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн тодорхой хувьд байсан боловч энэ удаагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэнгүй. Учир нь намын даргыг өөрчлөх асуудал зөвхөн намын их хурлын эрх мэдлийн хүрээнд шийдэгддэг, намын дүрэмд зааснаар их хурлыг хуралдуулах хугацаа ирэх сонгуулийн дараа юм байна. Тэгээд ч ээлжит бус их хурлыг хуралдуулах санал ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналыг аваагүй тул энэ асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлов. ҮЗХ-ны 200 гаруй гишүүдээс ердөө 70 орчим нь намын их хурлыг хуралдуулах саналыг дэмжсэнээр энэ асуудал унасан байна. Гэхдээ ҮЗХ-ны хурлыг хэзээ ч зарлан хуралдуулах бололцоотой гэдгийг намын дарга Н.Алтанхуяг хэлсэн тул уг асуудал нээлттэй хэвэр үлдэж байгаа бололтой.

МАН-ынхан сайд нараа шигшиж эхэллээ

2008 оны сонгуулийн дараа хоёр намын байгуулсан гэрээ ёсоор намуудын УИХ-д авсан суудлын харьцаатай тэнцүү хэм­жээ­гээр буюу сайд, дэд сайд, агентлагийн дарга нарыг 60:40-ийн харьцаатайгаар томилсон билээ. Тэргүүн шадар сайдаас гадна таван яамны сайд, зургаан дэд сайд болон зарим агентлагийн дарга нарыг Ардчилсан намаас томилсон. Одоогоор Ардчилсан намын сайд, дэд сайд нар ажлаа өгөөд байгаа тул ирэх даваа гаригийн намын бүлгийн хуралдаанаар МАН-аас шинээр томилогдох сайд нарын нэр тодорхой болно. Үүний дараа шинээр байгуулагдсан Засгийн газар хуралдаж дэд сайд нараа шийдэх юм байна. Хэдийгээр агентлагийн дарга нарыг төрийн албан тушаалтанд тооцож, намаас нь түдгэлзүүлдэг жишиг бий болоод байгаа ч МАН-ын зүгээс “Нэгэнт л намуудын тохиролцоогоор томилогдсон юм чинь Ардчилсан намаас тавигдсан агентлагийн дарга нарын ажлыг ч бас авах ёстой” гэсэн байр суурийг гаргаад байгаа гэнэ.

Өнгөрөгч пүрэв гаригт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар эхний ээлжинд сайд нарыг ямархуу шалгуураар тавих тухай зарчимаа тохирсон аж. Удирдах зөвлөл сайд нарын 50 хувийг УИХ дотроос, 50 хувийг гаднаас /3:3/ томилох ёстой гэсэн зарчмын байр суурь гаргаад байгаа ч энэ нь намын бүлгээр дэмжигдэх эсэх нь тодорхойгүй. Учир нь анх хамтарсан Засгийн газрыг байгуулж байх үед л “олонхи болсон нам дангаараа Засгийн газраа байгуулах ёстой” гэж үзэж, сайд болох амбицаа илэрхийлж байсан УИХ-ын гишүүд тус намын бүлэгт цөөнгүй. Гэсэн хэдий ч намынхаа удирдлагын шахалтаар Ардчилсан нам Засгийн газарт орохыг хүлээн зөвшөөрсөн нөхдүүд одоо үлдсэн зургаан сарын хугацаанд сайдын албан тушаалаар дамжуулан тойрогтоо бага ч атугай хөрөнгө оруулалт хийгээд, рейтингээ өсгөөд авья гэх нь гарцаагүй. Тэгээд ч цаана нь дахиад зургаан дэд сайдын суудал онгойж байхад сайд нарыг заавал УИХ-ын гаднаас томилно гэж УИХ дахь гишүүдээ хавчих нь илүүц хэмээн тэд үзэж байгаа. Тиймээс өнгөрөгч бямба гаригт хуралдах ёстой байсан намын Удирдах зөвлөлийн хурал хойшилж, өнөөдөр үдээс хойш буюу намын бүлгийн хуралдааны дараа дахин энэ асуудлыг ярихаар болсон гэх сураг байна.

Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгээс сайдад нэр дэвших хүмүүсийн нэр бараг тодорхой болоод байгаа бололтой. Ж.Сүхбаатар гишүүнийг Бат­лан хам­­гаалахын сайдад, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хороон дарга Д.Очирбатын нэр Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх тухай нам дотроо ярилцаж байгаа аж. Эрүүл мэндийн сайдад түүнтэй өрсөлдөж магадгүй бас нэг шинэ кандидат гарч ирсэн нь тус яамны төрийн нарийн бичг­ийн дарга Н.Хүрэлбаатар гэнэ. Ж.Энхбаярыг удам дамжсан цэр­гийн хүн, казармын хоол идэж, Орост мэргэжил дээшлүүлсэн гэдэг утгаар Батлан хамгаалахын сайдад дэвшүүлж байгаа бололтой. Харин Д.Оюунхоролын хувьд МАН-аас дахиад нэг эмэгтэй сайд гаргах ёстой гэдэг бодлого барьж, харин Д.Очирбатыг эмч мэргэжилтэй, одоо УИХ-ын мэргэжлийн байнгын хороог тэргүүлж байгаа гэдэг утгаар нэлээд шанстайд тооцож байгаа юм байна. Үлдсэн сайд нарын хувьд өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар Удирдах зөвлөл дээр тохирсон зарчмын байр суурийг дэмжсэний дараа тодорхой болох бололтой.

Б.СЭМҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж